Зайн сургалт

Зайнаас суралцах арга барилд суралцаж байгаа байгууллага, хамт олонд зөвлөх булан.

Зайнаас амжилттай сурах зөвөлгөө

Эрхэм ХҮН та сурч боловсрохыг зорилгоо болгодог, ажлынхаа байр, гэр орноосоо хол явалгүй гадаад дотоодын их дээд сургуулиуд болоод төрөл бүрийн ахьсан шатны сургалтанд хамрагдах хүсэлтэй байдаг бол Зайнаас хэрхэн амжилттай сурах талаар танд цөөхөн хэдэн зөвөлгөө өгье!
1. Өөрийн гэсэн мэйл хаягтай байна. Сургалтанд бүртгүүлсэн тэр хаягаа сургалт дуустал солихгүй байх нь зүйтэй.
2. Мэйл хаягаа тогтмол, өдөр бүр шалгана. Хэрэв хичээлийг хөтөлж байгаа багшаас ямар нэгэн мэдээлэл ирсэн бол, хариу бичих хэрэггүй гэж тэмдэглээгүй л бол мэдээлэл авсан тухайгаа хариу мэдэгдэн мэйл бичиж байх нь сайн. Ингэснээр та хөтөч багшдаа мэйлээ байнга шалгаж байгаагаа баталж мөн мэдээллийг авсанаа мэдэгдэж нэг сумаар хоёр туулай агнах болно.
3. Хөтөч багш ихэнхдээ мэдээллийн мэйлийг суралцагч бүх хүмүүст нэгэн зэрэг илгээдэг. Ийм мэйл, илгээсэн хаяг дээрээ олон хүний хаягтайгаар танд очдог. Багшдаа мэйл хариулахдаа тийм мэйлд шууд Reply хийж хариулах нь олон талаараа сул талтай байдгийг анхаар. Тийнхүү шууд хариулсан мэйл дээр нь хаяг байгаа бүх хүмүүст давхар очиж байдаг. Мөн тийм маягаар хариулсан мэйлийг олон хүнтэй зэрэг ажиллаж байгаа хөтөч багш анзаарахгүй өнгөрөх удаа ч байдаг. Иймд багшид мэйл явуулахдаа заавал Шинэ мэйл бичих горимоор эхэлж зөвхөн багшдаа хаяглан явуулж байгаарай.
4. Нэг өдөр олон мэйл эхлээгүй л бол заавал Сайн байна уу? Та, гэсэн үгээр эхлэх нь зүйтэй. Мөн дуусгахдаа хэнээс явуулсанаа бичиж байх нь зөв. Харин нэг өдөр олон мэйл солилцож байгаа бол эхлэл болоод төгсгөлийн албаны хэсгийг орхиж болдог талтай. Мэйл хэрхэн эхлэх, хэрхэн дуусгахаа нөгөө бичиж байгаа хүнийхээ хэлбэр загвараас санаа аван дагавал зүгээр байдаг. Тэр тусмаа багш эсвэл өөрөөсөө ахмад хүмүүс, албаны хүмүүстэй харьцахдаа эхлэл, төгсгөлийн хэсгээ сайн анхаарч байвал зохилтой. Гадаад хэл дээр мэйл бичиж байгаа бол ерөнхийдөө л Dear гэсэн үгний ард тэр хүнийхээ бүтэн нэрийг бичиж эхэлдэг. Цолтой хүн байвал эхний удаадаад цол хэргэмийг нь бичихдээ гэмгүй. Тэгээд хариу ирсэн мэйлнээс санаа аван дараагийн мэйлээ хэрхэн эхлэхээ шийдэж болно.
5. Цахим шуудангаар харьцах эвээ олсон бол дараагийн анхаарах ёстой зүйл бол суралцах төлөвлөгөө буюу заавараа судлах юм. Зайн сургалтыг явуулж байгаа байгууллага, багш хүн танд хичээлийн эхнээс л хэрхэн ямар хугацаанд юу судлах талаар тодорхой мэдээлэл өгөх ёстой. Харин та тэр мэдээллийг анхааралтай уншиж өөрийн өдөр бүрийн төлөвлөгөөндөө суулгаж өгөх ёстой.
6. Төлөвлөгөөн дээр хичнээн даалгавар хэдийд өгөх талаар заавал бичсэн байдаг. Амжилттай сурах гол аргуудын нэг бол тэдгээр даалгаврыг цаг тухайд нь багшид илгээх юм. Хоцорсон бол хоцорсон шалтгаанаа товч албаны байдлаар илэрхийлсэн захидалын хамт даалгавраа заавал явуулах ёстой. Даалгавараа гүйцээж өгөөгүй бол та дүнгээ авна гэж санах хэрэггүй л болов уу.
7. Сургалтын төлөвлөгөөн дээр явцын туршид авах сорил эсвэл онлайн ярилцлагын өдөр цагууд товлоотой байдаг. Иймд тэр сорилуудыг цагт нь өгч тэдгээр ярилцлаганд заавал оролцох ёстой. Эс бөгөөс мөн л таны зайнаас суралцаж байгаа амжилтын үнэлгээ буурах талтай.
8. Хичээлийн агуулгыг хэрхэн ямар хурдтай унших бол зайнаас сурч байгаа хүний хувийн асуудал байдгаараа тэнхимийн сургалтаас ихээхэн ялгаатай. Өөрөөр хэлбэл та цаг гарган тухалж суугаад бүх даалгавраа нэг өдөр хийсэн ч болно. Тэгээд л товлосон өдрүүдэд нь илгээгээд байхад болно.
9. Явцын сорил дээд тал нь 60 минут үргэлжлэх байдаг. Суралцах бүх хугацаанд 2-3-н удаа л авдаг учир энэ сорилыг заавал өгөх хэрэгтэй.
10. Онлайн ярилцлаганд хамрагдах нь маш чухал байдаг. Хэдийгээр зүсээ харж дуугаа сонсохгүй ч бодитоор шууд асуулт тавьж хариултаа авах мөн хамт сурч байгаа хүмүүстэйгээ санаа бодлоо хуваалцах олон давуу талтай харилцааны хэлбэр бол онлайн ярилцлага юм шүү.
11. Оффлайн ярилцлага бас бий. Энэ нь виртуаль ярилцлагын өрөөнүүд юм. Багш ийм өрөөг санал болгож байгаа тохиолдолд тэр өрөөгөөр тогтмол орж ангийхантайгаа болон багштайгаа харилцаж болно. Даалгавраа хамтран хийсэн ч болно.
12. Ярилцах буланг санал болгож байгаа тохиолдолд тэнд маш идэвхитэй ажиллах нь та алдсан оноогоо нөхөх, ер нь багшаас өндөр үнэлгээ авах гол түлхүүр болдог. Зайнаас суралцаж байгаа үед явцын идэвхийг үнэлэх үндсэн хэлбэрийн нэг бол Ярилцах буланд хэрхэн ажилласан байдал юм. Иймд Ярилцах буланд хичээлтэй холбоотой асуулт тавих, түүндээ бусдыг татан оруулах, ярилцлага өрнүүлэх зэргээр хичээлээ уншиж ажиллаж байгаагаа мэдээлж байх нь маш зүйтэй байдаг. Өөрөө ярилцлага өрнүүлэхээс гадна бусдын асуултанд хариулах, ярилцлаганд оролцох нь бас л явцын идэвхийн нэг илэрхийлэл байдаг.
13. Ямар нэгэн шалтгааны улмаас олон хоног идэвхигүй байх бол тэр шалтгаанаа заавал мэдэгдэх хэрэгтэй. Суралцах талбар дээр эсвэл Ярилцах буланд ямар шалтгааны улмаас хичнээн хоног идэвхитэй ажиллах боломжгүй болсоноо мэдэгдэх нь таны идэвхигүй байдлыг багшид ойлгуулах гол арга зам юм шүү.
14. Тогтмол холбоотой байх чухал. Анх бүртгүүлчихээд л таг байж байснаа гэнэт даалгаврын сүүлчийн өдөр хүмүүсийн явуулсан зүйлийг хуулбарлан илгээх нь өөрийгөө үл хүндэтгэсэн алхам гэдгийг анхаарвал зохино. Зайнаас хичээл удирдаж туршлага суусан Хөтөч багш хэн үнэхээр өөрөө даалгавраа хийж байна, сурч байна, хэрхэн ажлынхаа хажуугаар “амжуулж” байна, хэн харин бэлэн “будаа идэж” байна гэдгийг ялгахтайгаа болдог. Гэсэн хэдий ч гол шалгуур бол таны илгээсэн даалгаврууд бас, өгсөн сорил, мөн ярилцлаганд оролцсон, явцын идэвхийг илтгэсэн бичлэг, асуулт, хариултууд байдаг учир та багшид өгөх ёстой зүйлээ л бүрэн өгөх хэрэгтэй.

Төгсгөлд тэмдэглэхэд, зайнаас сурна гэдэг бол хувь хүн өөрөө хүсээд хийж байгаа суралцах алхам байдаг. Хүн хүссэн зүйлээ бол сурдаг бас түүндээ цаг гаргаж чаддаг. Энэ зарчим дээр л зайн сургалт тулгуурлаж байдаг бөгөөд Хөтөч багш бол таны суралцах хүслийг дэмжиж туслан, албан дүн өгөхөд шаардлагатай даалгарыг шалгаж, удирдан залж байдаг Туслагч гэдгийг мартаж болохгүй. Тэнхимийн сургалтанд бол та ЗААВАЛ очих ёстой, ЗААВАЛ хийх ёстой байдаг бол зайн сургалтанд та хичээлээ унших, даалгавраа хийх нь “сайн дурын” хэрэг байдагт л гол ялгаа байгаа юм. Гэхдээ та сайн дураараа даалгавраа хийж илгээхгүй бол хэн ч таныг зэмлэхгүй загнахгүй, харин та зөвхөн сургалтанд төлсөн төлбөрөө л салхинд хийсгэх болно.

28 comments to Зайн сургалт

Leave a Reply to SGK

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>