Сэтгэл гэж юу вэ?

Сэтгэл гэж ер юу юм бол? Гэрэл цахилгаан, компьютерээр дамжиж байгаа өгөгдлийг бодитоор харж чаддаггүй шиг бид сэтгэлийг бодитоор хардаггүй. Гэхдээ хүмүүн бид сэтгэлээр амьдардаг. Бидний энэ богинохон ганцхан насны амьдралд СЭТГЭЛ л их чухал байдаг мэт.

Сэтгэл жинтэй байдаг гэж би боддог. Яагаад гэвэл сэтгэл санаа өөдрөг байхад бидний бие хөнгөн шингэн болж нисэх мэт хурдан шаламгай хөдөлгөөнтэй болдог. Харин ямар нэгэн байдлаар сэтгэл таагүй байвал хамаг бие, дээрээс юм дараад байгаа мэт хүндрэн хөлөө ч арай ядан зөөж явдаг. Тэгэхээр сэтгэл жинтэй байж таараа.

Аливаа материаллаг зүйлээс сэтгэлийн ялгарах гол онцлог бол бид төрөхдөө сэтгэлтэй төрж энэ ертөнцөөс явахдаа түүнийгээ аваад явдагт оршдог болов уу! Бусад эд юмс, нэр төр, алдар гавъяа, бүтээсэн бүхэн бидний хойно хоцорч хэн нэгнийх болдог. Бид сэтгэлээ  ямагт өөртөө тээж явдаг. Тэгэхээр сэтгэл чухал байх нь аргагүй юм.

“Сэтгэлтэй” хүмүүс гэж ярьдаг. Сэтгэлтэй байх нь чухал гэцгээдэг. Тэгэхээр зарим хүмүүс сэтгэлгүй төрдөг юм болов уу? Эсвэл хүмүүс сэтгэлээ хадгалж байгаад хэрэгтэй үед нь гаргадаг юм болов уу? Сэтгэл гаргасанд баярлалаа гэж бас хэлцгээдэг. Тэгэхээр хүмүүн бид өөрсдөө ч мэдэхгүй сэтгэлээ бас бусдаас нуудаг байх нь ээ!

Хүний сэтгэлээр тоглоод гэж бас ярьж л байдаг. Тэгэхээр сэтгэл гэж ер юу юм болоо? Яагаад хүмүүний сэтгэл өвдөхөд  бие мах бодь өвдсөнөөс илүүтэйгээр хүн шаналдаг юм болоо?

Сэтгэлээр унах гэж бас ярьдаг. Сэтгэлээр унасан хүмүүс олон буруу үйлдэл хийдэг. Гундуу явдаг. Тэгэхээр сэтгэл ямар нэгэн юман дээр тогтож байдаг юм болов уу? Тэгээд сэтгэл тэр байрнаасаа хөдлөхийг “сэтгэлээр унах” гэдэг юм болов уу?

Сэтгэл хоосроод явчихлаа гэж бас ярьдаг. Тэгээд тэр сэтгэл хоосрохоор тэр байсан сэтгэл нь хаачдаг юм бол? Дараа нь яаж, хэрхэн дүүрдэг юм бол?

Надад зав гарах л юм бол би хүн хэрхэн үүссэн, ертөнц маань хэрхэн хязгааргүй хоосонд оршин тогтнож байгаа, хүний амьдралд юу чухал тухай гээд л олон юм боддог. Өнөөдөр автобусаар ирэхдээ хүний сэтгэлийн тухай бодсон юм. Шалтгаан нь чихэлдсэн олон хүнтэй автобусанд нэгэн оюутан болов уу гэмээр залуу хүн надад суудал тавьж өгөөд би их амар ирлээ. Өөрөөр хэлбэл тэр танихгүй хүн надад сэтгэл гарган сууж байсан суудлаа өгсөнд би их талархаж улмаар энэ бичлэгийг бичихэд хүргэсэн юм.

Эрхэм уншигч ТА үүнийг цаг гарган уншиж байгаа бол бас л надад сэтгэл гаргаж байнаа гэсэн үг. Тэгэхээр та СЭТГЭЛТЭЙ хүн байна. Дандаа ингэж юманд чин сэтгэлээсээ хандаж явбал та, өөрөө авч төрөөд явахдаа аваад явдаг сэтгэлээ ямагт тордож, энэ насандаа сайхан амьдрах хүн байна гэж би бодож байна.

Нэг л зочлох энэ хорвоод

Нэг нэгэндээ СЭТГЭЛ гаргаж яваарай!

7 comments to Сэтгэл гэж юу вэ?

  • Хүн махан болон сүнсэн гэсэн 2 биенээс бүрддэг гэдэг. Тэгэхээр сэтгэл гэдэг зүйл тэр сүнсэн биенийх нь нэг хэсэг байх нь. Би бас сая сэтгэл гэж юу юм бол гэж бодогдоод… хариу олох гээд нет ухаж үзлээ. Хүн эрүүл, эрч хүчтэй, амжилттай байхын тулд БИЕ, СЭТГЭЛ, ОЮУН УХААН, СҮНС(англиар physical,emotional,mental,spiritual) гэсэн 4 зүйлийнхээ эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэгэн зэрэг анхаарах хэрэгтэй гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр хүнд энэ 4 зүйл 4-үүлээ адил хэмжээнд чухал байх нь. Хүмүүс бид ихэвчлэн БИЕ, ОЮУН УХААН хоёрыг нь анхаараад нөгөө хоёрыг нь орхиод байдаг шиг байгаам. Гэтэл хүн өвчин тусахад хүртэл сэтгэл юмуу сүнсэн бие эхэлж өвдөөд дараа нь хүндрэхээрээ махан бие рүүгээ ордог гэсэн. Тэхээр эртнээс сүнс, сэтгэлээ эмчлээд явбал махан бие өвдөхгүй гэсэн үг юм билээ. За миний ойлголт гэвэл нэг иймэрхүү байна даа.

    • SGK

      Сэтгэгдэлээ бичиж үлдээсэнд баярлалаа. 4-н жилийн өмнө бичсэн бодрол байна. Өөрөө эргэж уншсан чинь өөр хүний юм уншиж байгаа мэт сонин байлаа. Таны хэлдэгээр сэтгэл бол сүнсэн биетэй холбоотой байх. Сэтгэл санаа өөдрөг бол бие өвдөггүй ч бас үнэн. Өвдлөө ч хөнгөн тусах жишээтэй. Тэгэхээр сургуулийн өмнөх болон бага сургуульд хүүхдүүдийг СЭТГЭЛээ таних, сэтгэлтэй хүн болж хүмүүжих дээр анхаарах нь чухал байх даа.
      Сүүлийн 3н жил германд байна. Энд бол бага сургуульд ихэнхдээ танин мэдэхүйн хичээл мөн хүмүүсийн харилцааны талаар зааж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл санаа байгалиасаа өөр байдаг учир харилцан бие биенээ ойлгохгүй байх нь энгийн зүйл. Түүнд бухимдаад байх хэрэггүй. Харин ойлгуулахыг хүсч байгаа зүйлээ сайн тайлбарла гэж сургаж байна. Нөгөө тал нь ч хүлээцтэй байж сэтгэл нээн харьцахыг зааж байна. Сэтгэлтэй хүн хүмүүжил сайн байдаг юм болов уу…
      Сэтгэл ч ойрд их л гэгэлзээд байгаа даа. Бодмоор л бичлэг байна.

  • BAT

    Та үнэхээр сайхан ой толгойнд ойрхон буутал гоё бичсэн байна.

  • Girl in Legend

    uneheer goy bichjee. neeren l bodood bsan chn setgel gdg hunii negen erhten. ihenh humuus nudiig chuhal erhten gedeg ch setgel bol tuunees ch iluu chuhal erhten yum shuu.

    • GK

      Бодролыг минь цаг гарган уншиж сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа. Тиймээ, миний бодлоор хүнд сэтгэл л хамгийн чухал даа. Сэтгэл маань хөндүүрлэдэг, чимчгэнэдэг, хөөрч баясдаг, бас гуньдаг. Тэгэхээр ер нь бие мах бодь бол сэтгэлийг тээж яваа зүйл харин хүн бид сэтгэл юм шиг санагддаг. Ойрд миний сэтгэл маш их догдолж баясахаар мэдээ аваад байгаа ч тэгэж чадахгүй л байна. Учир нь хайртай эгч маань хүнд өвчин тусч үхэх сэхэхийн ирмэг дээр хүрээд байгаа. Яаж туслахаа ч мэдэхгүй сэтгэл ёстой л өмөрч байх шиг санагдах юм. Хүний амьдралд нэгэн зэрэг ийм баяртай хирнээ гунигтай зүйл тохиолддог гэж зүүдэлсэн ч үгүй явлаа даа…

  • admin

    H.M-д: Их сайхан зүйл бичжээ. Эрдэмтэй хүн даруу гэдэг үнэн ажээ. Ийм сайхан мэдлэгтэй байж өөрийгөө “мунхаг” хэмээн бичих нь аргагүй л даруу хүний шинж бизээ. Баярлалаа. Сайхан мэдээлэл байна. Мэдэхэд огт илүүдэхгүй. Бас үнэхээр тийм байх гэж бодогдлоо. Ер нь бол сэтгэл гэдэг маш хүчтэй зүйл гэдгийг би ч бас мэдэрдэг. Гэхдээ ийм нарийн холбоостой гэж ер бодож байсангүй. Угаасаа сүнс энэ тэрээс жаахан хол учир. Гэхдээ өнөө үед хүмүүс их энерги ярих болсон байна. Иймд энэ тайлбар мэдээлэл цаг үеээ олсон сайхан бичлэг болжээ. Баярлалаа.
    Хүмүүсээ аливаа зүйлдээ сэтгэлээ өгч, сэтгэлээсээ хандвал бүтээмж нь өндөх байх нь байна бас зүрх сэтгэл хоёр салшгүй зүйл учир сэтгэл ариун бол зүрх амгалан байх нь байна шүү. Мөн өвчин зовлонгоос ч хол байх нь. Мөн сэтгэл ухамсартай шууд холбоотой гэдэг нь яг үнэн байх гэж бодогдлоо. Иймд ухамсартай буюу бидний хэлж сурснаар ухаантай улс аливаад уян хатан байж асуудлыг олон талаас нь харж ажил үйлс нь ч бүтэмжтэй явдаг нь сэтгэл зүрх, ухамсар бүгдтэй нь холбоотой юм байна. Их юм бодууллаа, таны бичлэг.

  • H.M

    Доорх бичсэн зүйлс нь мунхаг миний бодол бөгөөд алдаа эндэгдэл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол засаж залруулж өгөхийг сэтгэл зүрхнийгээ гүнээс хүснэм.
    Сэтгэл гэдэг нь хүний сүнс (маш жижигхэн бурханлаг оч)-ний салшгүй нэгэн хэсэг юм. Гэвч сэтгэлийг хөдөлгөдөг хөдөлгүүр нь хайрын бүх хэлбэр, хүсэл тэмүүлэл болон ухамсар бөгөөд ихэвчлэн ухамсар хөдөлгөдөг. Ухамсарын түвшин хэр байгаагаас сэтгэлийн хэм хэмжээ хамаарна. Сэтгэлд нөлөөлдөг маш олон зүйл байдаг.
    Сэтгэл нь хүний бүх зүйлд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл сэтгэл нь энергийн урсгалын хэмжээ болдог. Иймээс л хүмүүсийн сэтгэл их зориулсан бүх зүйл нь сайн болж амжилт олдог. Хүний сэтгэлийн илэрхийлэл нь тэр хүний бүх зүйлээр илэрч тодорно.
    Мэдээж сэтгэлээр унасан хүний энергийн урсгалын хэмжээ нь багасч хүн алдаа эндэл гаргах, ядарч эцэх, өвдөж шаналдаг.
    Сэтгэл нь зүрхний хүрдэнд байрладаг ба тэндээс явна гэсэн ойлголт байхгүй. Учир нь сүнс нь зүрхний хүрдэнд байрладаг.
    Эцэст нь хэлэхэд сэтгэлийг энгийн механик хөдөлгүүр гэж бодох нь өрөөсгөл ойлголт болно. Харин энергийн урсгалын хэмжээг зохицуулагдаг зүрхний хүрдэнд бодитоор оршин байдаг зүйл юм.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*