Бурхан болоочид…

Сэтгэлээ сэмэртэл саналаа ч явж очоод уулзчих боломжгүй болсон цагтаа, санаж бодоод гэгэлзэхээр утас цохиод дууг нь сонсож чадахгүй болохоороо бид нэг нэгэндээ ямар их Хайртай байснаа мэдэрдэг бололтой…

Эцэг эхээс төрөхдөө 3н сайхан эгч нэг ахтай байв би. Өсөх нас өгүүлэшгүй сайхан байж дээ. Гурван эгч гурван өөр ертөнц, гэхдээ л гурвуулаа дүү наддаа хайртай, халамжтай байсан. Одоо тэд маань Бурхан болоочид болчихож… Хэзээ ч эргэж ирэхгүйгээр дараагийн аялалдаа гарчихаж… Идэр сайхан насандаа 60 дөхөөд л буцчихаж… Яаж харамсаад ч өнгөрсөн цаг хугацааг эргүүлэхгүй, тэд минь эргэж ирэхгүй…  Дахин надад заавар өгөхгүй, эрхэлж тунихгүй, дэмий зүйлсээс болж хөнгөн хэл ам татлахгүй, хамтдаа суугаад хооллохгүй, хааяа ч гэхнээ утсаар залгахгүй…

Амьдрал мөнх биш гэдгийг мэдсээр байж яагаад ингэж гэнэддэг юм бол? Хүн, бид. Эцэг эхээ буцахад яаж харамсаж байлаа даа. Саяхан л мэт. Одоо гэтэл 3н сайхан эгчээ бас л ханатал хайрлаж чадалгүй, ачлал энэрэл үзүүлэлгүй буцаачихаж.

Бурхан болооч гэж буцсан нэгнээ бид ярьдаг. Энэ үнэн бол би дэмий шаналж байгаа хэрэг. Тэд Бурхан болж тэнгэртээ халиад би нүгэлт хорвоогийн бор хоногийн шар тоосыг өөрийнхөөрөө хөдөлгөж оноогдсон үйлээ үүрч яваа хэрэг биз… Тийм байлаа ч би тэднийгээ маш ихээр үгүйлж сууна. Аав, ээж 2ынхоо дууг ганцхан сонсох сон. Дэргэд нь налаад суух сан. Гэгээн дүрийг нь нэг харах сан.

Бурхан болоочидын араас уйлж болохгүй, газар дээр нь очиж болохгүй гээд байхаар улам л их санаад байх юм даа… Бурхан болоочид минь сайн төрлийг олж диваажинд заларсан байх болтугай. Бурхан болох цаг надад ирэхэд уулзаж учирч баясах болтугай гэж залбирч явъя даа…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>