Талархал

Хаалттай хаалганы цаана хийл хөгжим дуугарна. Тийм төгс биш ч сурахыг хичээн тогтмол давтдаг шинэхэн сурагчийн хийлийн нийцтэй нийцгүй ая. Заримдаа тасалдаад ахтайгаа ярилцах бас чиг жиг жуг инээлдэх сонсогдоно… Хүүхдүүд маань ярилцаж байгаа нь тэр. Дүү нь хийлээ давтах болохоор ах дэргэд нь ороод хэвтчихнэ. Дүүгийнхээ тоглолтын завсараар ах дүү 2 юуг ч юм ярилцацгаана.

Үр минь болж ээждээ ирсэн хүү охин 2 тоо талархнам. Дутуу бүрэн дөрвөн үрээ алдсаны минь төлөөс ээждээ ирсэн эрдэнэсүүд билээ, та 2 минь. Хорийн дайтай хоёр үр минь хэмээн би эрхлүүлэхдээ хэлдэг юм. Олон олон үрс шиг ээждээ дуусашгүй хайр, баяр баясал, итгэл үнэмшил, эрч хүчийг өгч байдагт нь тийн хэлдэг. Талархаж байнаа үрсдээ. Хичээл зүтгэлтэй, итгэл үнэмшилтэй хүмүүс болон өсч байгааг чинь дэргэдээс чинь харж, алс хэтийг чинь хамтдаа ярилцдагтаа баяртай байна. Сайхан үрсийг минь тосон авсан эмч, эрх баригч нартаа талархнам. Дэм тус болсон хэн бүхэнд талархнам.

Хаалттай хаалганы цаана мэдээ мэдээлэл ч юмуу хүмүүсийн ярилцлага сонсогдоно. Монголын тухай мэдээг шимтэн сонсож суугаа хань минь хөгжим тоглож байгаа охиндоо саад болохгүй, миний хийж байгаад саад болохгүй гэсэндээ бас нэг өрөөнд ороод сууж авсан нь тэр. Ажлаасаа ирээд хоолоо хамтдаа идсэний дараа манай гэрийхэн хэсэгтээ л ингэж өөр өөрсдийн юмаа хөөдөг.

Сурагч наснаасаа нөхөрлөн дасч, хамаг амьдралаа хамтдаа туулж яваа Чамдаа талархнам. Дэлхийн сонгодог зохиолыг Монголын шилдэг романуудтай уншиж өссөн миний насны мөрөөдөл анхны хайртайгаа сурагч насандаа учирч түүнтэйгээ суугаад бүх насаа хамт туулах байсан. Энэ мөрөөдлийг минь биелүүлж 17 настайгаасаа хөтлөлцсөөр 50 давсан ч хамтдаа байгаа цаашдаа ч хамтдаа байх чамдаа талархнам. Өөр өөр гэр бүлд өсч өндийсөн ч үзэл бодлоо нэгтгэн зангидаж гэр бүлээ босгож, ариун цагаан хөдөлмөрөөрөө өнөөдрийн амьдралдаа хүрсэн чи бидэн хэн хэндээ талархахад болмоор… Тийм ээ, чи минь миний дуусашгүй хайр, дундрашгүй эрч хүчийн минь ундрага билээ.

Эрдмийн мөр хөөсөн минь Монгол, Орос, Герман багш, профессоруудын нөлөө, дэм билээ. Амьдралын минь замд учирсан бүх БАГШ нартаа талархнам. Сайн багштай учирна гэдэг агуу тавилан юм гэнэ лээ. Олон сайхан багш нартай учирсаны дүнд өнөөдрийн би бий болсон. Баяртай сайхан мөч бүртээ багш нартаа дахин давтан талархсаар л явдаг.

Найз нөхөд, ах дүүстээ талархнам. Хүнийг хүрээлэн буй хүмүүс нь цэнэглэж байдаг гэвээс намайг ямагт эерэг эрчимтэй сайхан найз нөхөд бас ах дүүс хүрээлж байгааг илтгэж байна. Би найз нөхөд, ах дүүсээ ямагт бодож байдаг. Тэдэндээ туслах чадах бүхнээ хийдэг. Тэднийхээ сайн сайхан яваагаар бахархдаг. Та нартаа талархнам.

Хайрт эцэг эхтээ талархаад хэзээ ч үл барам. Тэд минь Тэнгэртээ одсон ч үр минийхээ сэтгэлд үүрд хамт байдаг. Гайхалтай сайхан, ухаалаг, хөдөлмөрч, шудрага гэр бүлд төрс өссөндөө талархнам. Заяа төөрөгтөө талархнам. Хүн болж төрсөндөө талархнам. Хүн байж, хүний төлөө чадах бүхнээ хийсээр буцнам…

Талархаж чаддаг аа би… Талархсаар л байх болноо…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>