Дээд боловсролд ажилласаар 34 дэх жилдээ явж байна.
Биднийг дунд сургуулиа төгсөж байхад ЭВМ гэж ертөнцийг өөрчлөх хүчтэй нэгэн мэргэжил хэмээн яригдаж байснаас миний бие ирээдүйн мэргэжлээ тэр шинэ зүйлтэй холбохоор яг үнэндээ юуг нь ч сайн мэдэхгүйгээр мэргэжил болгон сонгож байж билээ.
Тэр үед эмч, багш, гадаад харилцаа гэх мэт мэргэжлүүдийг хамгийн ихээр сонгодог бас хүнд хэлэхэд ч хэн болж хаана ажиллах нь тодорхой мэт байдаг байсан. Ямар мэргэжил сонгосон гэсэн асуултанд ЭВМ гэж хариулчихаад яг юу хийдэг хүн болох вэ? гэхэд нь ямар ч хариулт үгүй байсан хирнээ л тэр мэргэжлээр сурахаар бат шийдсэн байсан 18н нас минь аргагүй л цоглог зоригтой үе байж дээ.
Орос оронд идэр залуу насныхаа 5н жилийг өнгөрөөж өнөөх ЭВМ гэгчдээ суралцаад ирэхэд эх оронд минь улс төр эргэж ямар нь мэдэгдэхгүй нийгэм цаашдаа яахаа мэдэхээ байсан итгэлгүй хүмүүс угтсан сан.
Дээд сургуулийн багш нарыг онцгой нэгэн тэнгэрийн хүмүүс хэмээн ихэд хүндлэн хардаг байсан миний хувьд төгсөж ирээд багш болно гэж зүүдлээч үгүй явсан. Нэр дээр нь явсан Эрчим хүчний яам байхгүй болж Эрдэс баялагийн яам шинээр бий болсон байв. Шинэ яам намайг МонголРосцветметэд хуваарилж би хөдөөний уурхайд ерөнхий инженерээр ажиллах албан томилолт авсан байлаа. Гэвч аав минь надад дээд сургуульд багшлахыг зөвлөснөөр би Полийн дээдийн хаалгыг татаж орсон тэр цагаас хойш 34н жид өнгөрчээ.
Их сургуульд ажиллахын сайхан нь залуу хүмүүстэй ажиллах, тэр хүмүүст эрдэм мэдлэг түгээхийн тулд өөрийгөө ямагт хурцалж урагшлуулж өөрөө бас суралцаж байхад оршдог. Ажилласан эхний жилээсээ л зөв газраа ирсэн минь мэдэгдэж би багшийн ажилд дурлаж баяртай жаргалтайгаар ажилладаг болсон. Сурагчийн ширээнээс дөнгөж боссон 16-18н насны залуучуудтай ажиллах нь багш хүнийг тэвчээртэй хүлээцтэй болгож бүр сүүлдээ оюутан бүрээ өөрийн хүүхэд мэт хайрлан дэмжих сэтгэлийг бий болгодог санагдсан.
Одоо л багш байхын утгыг улам гүнзгий мэдэрч одоо л зааж байгаагаа хичээлээ оюутнууддаа хэрхэн хүргэж шингээхээ мэдэрч эхлэх тэр мөчид тэтгэвэрт гарах нас ирдэг аж. Хөгжилтэй ч юм шиг. 23хан настай надаас хичээл авч байсан нэгэн өнөөдөр надаар хичээл заалгавал л сая цаг хугацаа, хуримтлуулсан туршлагыг минь жинхэнэ утгаар нь үнэлэх байх даа.
Энэ бичлэгийг эхэлсэн үнэн шалтгаан нь Хиймэл оюун байлаа. ХО яг одоо ид моод болж байна. Бүх салбар нэвтэрч эргэж буцахгүйгээр байр сууриа олж байна. Яг үнэндээ энэ нь хүний гараас үүссэн алгоритм түүн дээрээс боссон программчлалын шинэ хэлбэр гэдгийг ойлгож байгаа нь ч бас бага л бололтой. Нарийн тэгэж ойлгох ч хэрэггүй, яг л машины эд ангийг мэдэхгүйгээр машин яаж сайн жолоодож эзэмшиж байгаа нь чухал шиг тийм цаг үед бид ирээд байх шиг.
Над мэт тэтгэвэрт гарах нь дөхсөн ч цаашдаа дуртай ажлаа хийх сонирхолтой багш нарт томоохон сорил тулгарч байна. ХО-той яаж ажлаа хуваалцах вэ? Түүнийг ямар түвшинд хэрхэн эзэмшвэл зохих вэ? гээд олон асуултууд урган гарч байна.
Дээд боловсролд ХО-г ямар хэмжээнд хэрхэн хаана ашиглах тухай тодорхой заавар зөвөлгөө хэрэгтэй байгаа нь илт боловч манай улсын дээд боловсролын байгууллагууд энийг тэр болгон чухалчлан үзэхгүй л байна даа. Дунд боловсролын багш нарыг хоморголон сургалтанд хамруулж байгаа ч дээд боловсрол нь хоцорчихвол бас л хоорондоо наалдахгүй гэдгийг бодолцохгүй байгаа нь харамсалтай.
ХО бол том ирээдүй. Том давалгаа. Энийг эртнээс зөв тооцоолж бодлогыг алсын хараатай системээр нь хийхгүй бол боловсролын систем бүр л доголдох болно. Энгийн багш би мэт өөрийнхөө хувьд бодрол юугаа тэрлэж ижил төсөөтэй санаа бүхий хүмүүсийг хайн сууна. Өдөр бүр шинээр сурч ХО-г баримжаалах гэж мэрийж буй надтай төсөөтэй бодолтой хүн байгаа бол та энд санад бодлоо бичээрэй.
Хамтдаа бид ихийг бүтээж чадна.

Recent Comments