БИ хэн бэ? ингэж бодох үе танд таарч байсан уу?
Олоон удаа өөрөөсөө ингэж асууж байсан гэдэгт бат итгэлтэй байна. Нэгэн жарныг наслах гэж яваа би мэтийн хүмүүс хагацал, зовлонг үзэж туулаад, ажил амьдралын нугацаанд нухлуулаад ирэхийн цагт ийнхүү асуух нь олонтаа болох шиг.
92 онд сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ гангарсан Инженер болно гэсэн дэврүүн бодолтой алхаж явсан сан. Гэтэл аав минь баахан ятгасан тул багш болохоор техникийн их сургуульд багшаар орж байсан тэр цаг саяхан мэт. Гэтэл 34н жил өнгөрихөж. Энэ хугацаанд компьютертэй холбоотой мөн ч олон төрлийн хичээл зааж дээ. Хамт олон маань болоод шавь нар маань л багш болгож дээ намайг.
98 онд зорилтот аспирантур гээч ангид оров оо. Их сургуулийн багш нар эрдмийн ажил хийдэг байх ёстой, цол хамгаал гэсэн шаардлагын дагуу тийнхүү эрдэм номын мөр хөөж эхлэв. 2003 оны 12р сарын 26н бол насандаа мартахгүй өдөр дөө. Техникийн ухаанаа доктор цолыг Орост төрөлх сургуулийнхаа эрдмийн зөвлөл дээр хамгаалсан тэр өдөр миний хувьд эрдмийн замыг үргэлжлүүлэх эргэлт буцалтгүй тамгалсан өдөр байсан. Нэгэнт цолтой хүн чинь бүтээлтэй байх ёстой, цолоо батлах ёстой гээд л мэрийсээр дараагийн цолоо Германд 2014 онд хамгаалсан даа. Бас л 12 жил өнгөрчихсөн байна. Энэ хооронд олон улсын хурал зохиож сурлаа, хамрагдаж сурлаа, сэтгүүлд шүүмж хийж сурлаа, онлайн сэтгүүл ч гаргаж сурлаа. Анхны шавиа ч хамгаалуулаад авлаа. Судалгааны ажлаараа Монголоосоо анх удаа том тэтгэлэг ч авлаа. Сайхан багш нар, сайн мэргэжил минь намайг судлаач болгожээ.
Өөрийнхөө сурсан мэдсэнээ бусдад түгээх нь надад таатай сайхан байдаг, надад баяр жаргалыг мэдрүүлдэг. Тэр утгаараа аль болох хүмүүстэй хамтарсан бүтээл гаргах гэж мэрийсээр л явна. Хоёр ч сургуульд богино хугацаагаар Зөвлөх хийгээд үзлээ. Дагуулж дагадаг багш нар, эрдэмтэн судлаач нартай ч боллоо. Тийнхүү би Судлаач – Багш болон хөгжиж байна даа.
Эрдэм номын цагаан мөр ямагт урам өгч урагш түлхэж байдаг. Сайхан энэ замыг анхлан зааж өгсөн аавдаа ямагт талархаж нэрийг нь сайнаар дуурсгах гэж мэрийсээр л явна даа Хэнз охин нь.
Ажил амьдралаа хослуулан, судалгаагаа хийж, багшилсаар байгаа бүх судлаач багш нараараа бахархаж байна. Бид хамтдаа ихийг бүтээж илүү сайхан ирээдүйг босгоход хувь нэмэрээ оруулж чадна.
Номын цагаан буян дэлгэрч байх болтугай.

Recent Comments