Зөөлөн бороо

Өнөөдөр гадаа зөөлөн бороотой хүйтэн зэврүүн ч юм шиг өдөр байна. Гараад ажилдаа явах гэсэн зам тэр чигтээ бөглөрөөд эргэж ирээд гэртээ охиноо сургуулиас нь автал түр “гар”-аа нүдээд л сууж байна.

“Гадаа муухай байна” гэсэн үг нэгийг бодогдууллаа.

Би иймэрхүү зөөлөн бороотой дүнсгэр ч юм шиг өдөрт дуртай. Сэтгэл хөнгөн гунигтай ч юм шиг. Нөгөө буцлаад, давхцаад байсан ажлууд царцаад хөшчихсөн ч юм шиг, өнөө хурдлаад нисээд байсан цаг хугацаа удааширчихсан ч юм шиг хүмүүсийн алхаа татраад хорвоогийн анир тодроод нэг л сонин сайхан байдаг.

Ээжийн минь бороотой өдрөөр хийж өгдөг байсан хийцтэй цайны сайхан үнэр үнэртэж, амт нь амтагдаад, цайны галанд дулаацсан гэрийн нээлттэй тооноор ганц нэг борооны дусал зуухан дээр унаж хоромхон зуур хатахдаа гэрт нэг л таатай үнэр гаргаад л, аавын маань зөөлөн дуугаран ярих нь чихэнд улам тод сонсогдоод л, халуун ам бүлээрээ гэртээ цуглан даалуу тоглодог байсан хүүхэд насыг минь санагдуулдаг, ийм өдөрт би дуртай.

Бороо үгүй бол зүлэг ногоо яах сан билээ. Дан нартай өдөр тэгэхээр бас сайхан биш байх нь ээ. Үүн шиг амьдралд гунигтай, шаналгаатай өдрүүд бас хэрэгтэй байдаг бололтой. Олон зүйлийг ухааруулсан зөөлөн бороотой ийм өдөрт би дуртай.

Харин та яадаг вэ?

5 comments to Зөөлөн бороо

  • NNN

    Гэгээн царайг минь cалхи илбээд
    Гунигын тоос унагаачихвий гэж
    Хир тогтомгүй хайраараа,эжий минь
    Хичнээн ариухан өсөгснийг
    Ээжтэй байхдаа мэдэхгүй л явжээ
    Өвөр дээр нь эрхлэн бойжсон эжий дээрээ
    Өмөг болон хурдан очоорой!
    Харанхуйлж үзээгүй сэтгэлийг минь
    Хар дарсан зүүд шиг эвгүйцчихвий гэж
    Бурханыг өмнөө сөгдөөж чадах хайраараа
    Бүх л насаараа эжий минь сэтгэл зовж явсаныг
    Ээжтэй байхдаа мэдэхгүй л явжээ
    Өвөр дээр нь эрхлэн бойжсон эжий дээрээ
    Өмөг болон хурдан очоорой!
    Эх хүн үрдээ санаа зовохдоо
    Энэрэнгүй сэтгэлдээ үрээ даатгаад
    Элэг нь эмтэрч,цэцэг шиг уйлдагыг
    Ээжтэй байхдаа мэдэхгүй л явжээ
    Өвөр дээр нь эрхлэн бойжсон эжий дээрээ
    Өмөг болон хурдан очоорой!
    Харийн нутагт суугаа эрх үрдээ хайр нь нулимсаар дуслаж
    Халуун сэтгэл нь эмтрэх эжий чинь голоо тасартал хүлээж байгаа.
    Чиний суудаг байсан тэр л сандал тэр чигээрээ эзнээ хүлээхэд
    Чийгтэй алчуураар тоосыг нь өдөр болгон арчдаг шүү,эжий чинь
    Хөгшидүүд голоо тасартал үрээ хүлээдэг гэдэг,үнэн үгээ
    Хөшигөө сөхөхдөө өглөө болгон Богд хайрханы оройд залбирдаг
    Хуучны танилуудтайгаа уулзахдаа чамайг л дандаа ярьдаг гэсэн
    Хурдан эжий дээрээ оч оо,амьдрал хоосоноос хойш эжийгээ хайрла
    Далайн ус дундардаггүйтэй адил эжийн хайр дундардаггүй юмаа
    Хоногын хоолгүй байлаа ч чи эжийтэйгээ байвал баян цатгалан
    Амьд сэрүүн байхад нь эжийгээ хайрла,гэртээ хариа.
    Газар алгадахгүйн төлөө хурдан гэртээ харьж эжийгээ дулаацуул.
    Муу сэтгэлээс айдаггүй сайхан сэтгэлээс айдаг бурхан эжий чинь юм шүү!
    Эжийгээ хайрла!
    Нутгын хүрэн уулс өнгө алдаад гундуухан болоод удаж байна шүү
    Нулимстай нүдээ арчаад үлдсэн эжийн минь сормуус хатаад удаж байна
    Хүний муухай сэтгэлээс айдаггүй,хүний сайхан сэтгэлээс айдаг бурхан эжийдээ
    Хүн болоод хурдан очоорой !хүмүүсээ

    • GK

      Сайхан шүлэг байна. Ээж бурханаа амьд дээр нь хайрлаж, өөрийн сэтгэлээ харамгүй нээж, цаг гарган ярилцаж, чанаад өгсөн цайг магтан ууж, ололт амжилт бүрээ ээжээрээ овоглож, эндэж гундахдаа ч ээжтэйгээ хуваалцаж, та минь Амьд байх ёстой шүү, Таныхаа л хүчээр, сэтгэлийн дэмээр би чинь ийм явна гэж харуулж байгаарай. Нэгэнт яваад өгсөн хойно нь хичнээн цагийг, мөнгийг ганданд, ламд, бурханд, ууланд өргөлөө ч тэр бүхэн ээжийнхээ өөдөөс хараад хэлсэн ганц зөөлөн үг, дагуулаад баясаж явсан цөөхөн өдрүүд, загнуулаад урвайж суусан хоромтой яахан адилсаж чадах билээ. Эх хүн гэдэг үнэхээр л бидэнд зориулж бүтээгдсэн БУРХАН байдаг юм шүү. Ээждээ залбирч, ээжийгээ шүтэж яваарай.

  • wade

    tiim shuu bi duratai borotoid

  • GK

    Өдөр болгон бороо орвол хүн гэдэг амьтан бороог дороо л үзэн ядаад эхэлнэ дээ. Юм болгон хэмжээтэй байдаг нь амьдралын хууль юм. Яг л бидний амьдрал хязгаартай байдаг шиг. Хорвоод бүх зүйл хэм хэмжээнд байсан үед л хамгийн сайхан байдаг байх.
    Зөөлөн бороо маань аажмаар цас болон хувирсан нь бас л сонин санагдсан. Ер нь л олон юм боддог болж багш нь. Цаг хугацаа хурдалсаар байгаагийн шинж бололтой.

  • Lkhagva-Ochir

    Bi ch gesen durtai shuu. Bagshiin heldeg yag zov nuguu hurdlaad baisan tsag hugatsaa genet nam zogstson yum shig. UDUR BOLGON BOROO ORDOGGUI NI GAIHALTAI.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>