Зулын гол ороох зуурт…

Сайхан эгч минь хорвоог орхисоор гурван долоо хоног гарантай л болж байна. 49-н хоногийг нь дуустал зул унтраахгүй санаатай зулаа барьсаар. Зулын голыг ороон суух үед сэтгэлд элдэв зүйл бодогдож, хамар шархиран, нулимс бөмбөрч, сэтгэл хоосорно. Үүнээс өөрийг хийж өгч чадахгүй болсон сайхан эгчийнхээ зөөлөн царай, туранхай бие, намуухан дуу, сэтгэлд ойр инээмсэглэлийг нь эргэн санана.

Эгчийгээ баярлуулж байсан эсэхээ ч ер санахгүй байна. Сүүлийн 9-н жил хол байсан билээ бид. Сүүлийн 3-н жил ганцхан би л жилд нэг удаа ажлаар очингоо уулздаг байсан. Хамгийн сүүлд эгчтэйгээ 2010 оны 8-р сард уулзсан. Муу эгч минь дүүдээ хамгийн сайхан хоолыг хийж өгч, хамгийн тухтай орыг засаж өгөөд л зөөлөн нүдээр харж “Хэнз, хэнзээ” хэмээн эрхлүүлэн дууддагсан. Та минь яасан их тураад байна даа гэхээр, зүгээр зүгээр зогсоо ажлаас болж байгаа юм гээд байсан. Айхтар тэр өвчин эхэлж байсан ч юм бил үү, шаардаад эмчид үзүүлэх минь ч яав даа, гэх мэтээр элдэв л юм бодогдох юм.

Энэ насанд яах гэж нэгэн эцэг эхийн үрс болон эгч дүүс болон төрдөг юм болоо гэсэн бодол дахиад л намайг зовооно. Би юу хийх ёстой вэ? тэднийхээ төлөө… Олж байгаа хэдэн зоосноосоо гэрээсээ, өөрөөсөө харамлаж тэдэндээ илүүчлээд байх ёстой юу? Орой болгон, өдөр болгон очоод гэрээр нь эргэлдээд байх уу? Яаж байна, сайн уу, гээд утасдаад байх уу? Мэдэхгүй юм даа…

Яадаг ч байсан би эгч нартаа, газар дээр надад заяасан ганц ахдаа маш их хайртай. Аав ээжийнхээ гэрт ширээ тойрон суугаад ээжийнхээ хийж өгдөг байсан бөөнтэй цайг булаацалдан уудаг байснаа, аавыгаа дагаж модонд явах гээд ахтайгаа барьцаад уйлдаг байснаа, гэрээ цэмцийтэл цэвэрлээд зассан орон дээр суухгүй шүү гээд л журам тогтоодог байснаа, бүгдэд нь авгайлах нэр өгөөд өнөөдрөөс би та нарыг ингэж дуудна гэж тунхаглаж байснаа би ердөө мартдаггүй ээ. Аавынхаа гэрт ээжийнхээ дэргэд та нартайгаа өнгөрөөсөн сайхан хүүхэд нас надад ихийг өгсөөн.

Хайрт эгч минь, таныхаа араас буян бодон маань хэлсээр, зул өргөн ерөөл тавиулсаар нэгэн цагт араас тань яваад л очино доо муу дүү нь. Бурханы оронд заларч, энэ хорвоод эдэлж чадаагүй бүхнээ эдэлж, энэ насандаа гүйцээж чадаагүй бүхэндээ хүрч насан хутгийг олж амар жаргаарай. Дүү нь энд үлдсэн 2 муу үрийг тань чадлаараа харж ханданаа…

Тандаа дүү нь маш их хайртай шүү…

Ум ма ни бад ми хум…

2 comments to Зулын гол ороох зуурт…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>