Сайн байна уу? Заяа,
Яаж яваад миний аль дээрний бичлэгийг олж уншсан юм болдоо… Их л цөхөрч, бас сэтгэлийн дэм өгөх хүнийг хайж бодвол нетээр тэнэсэн бололтой. За энэ ч яахав.
Та бусдаас зөвөлгөө хүсчээ. Тийм ээ, яг ийм үе хүнд байдаг. Хэн нэгэн ухаантай хүн гэнэт гарч ирээд одоо энийг ингээд хий, тэр чинь буруу байна, тэрийг боль, харин энэ чинь зөв байна үүнийгээ дага. Тэр нөхрөөс хол яв, анд чинь биш юм байна, харин үүнтэй нөхөрлө, тэр чиний үнэнч нөхөр болно, хичнээн зовсон ч тэс энэ бол чиний жинхэнэ хайр гэх мэтээр заагаад өгдөг тэгээд тэр заасан нь бүгд үнэн зөв байдаг, тэр зааврыг нь зүгээр л юу ч бодохгүй дагаад байж болдог тийм хүн байгаасай гэж хүсэх нь бий.
Энэ бол нэлээн их мухардсан байдлын илрэл болов уу гэж би боддог. Иймд Та ихэд шаналж байгааг би ойлгож байнаа. Гэр орноосоо хол эрдэм номын мөр хөөх амаргүй ээ. Тэр тусмаа хань, ижил үр хүүхдээ орхиод ганцаараа хөндий байранд, сургууль байр 2-с өөр маршрутгүй, ном компьютер 2-с өөр нөхөдгүй байхын бэрхшээлийг би сайн мэднэ. Гэр орноо, хань ижлээ, үр хүүхдээ, ах дүүсээ, найзуудаа, ердөө монгол хоолоо, монгол амьдралаа, монгол хүмүүсээ, тоостой Улаанбаатар аа, эх орноо санана. Гэхдээ чи хүний газар байгаа учир саналаа гээд уйтгарлаад суух утгагүй бас саналаа гээд буцаад явах эрхгүй. Ийм л байдаг. Ийм хэцүү үед сэтгэл санааны хямралд тэр тусмаа хань ижилтэйгээ муудалцах хичнээн хүнд болохыг бас гадарланаа.
За энэ урт оршлын ард Танд юу гэж хэлэх вэ гэхээр, Та нэгэнт сурахаар гэрээсээ гарахаасаа өмнө хань ижилтэйгээ хамтын зорилгоо ярилцаад ойлголцоод наанаа ирсэн байгаа. Одоо та 2-н дунд үүсээд байгаа зүйл бол түр зуурын асуудал. Иймд яг ингэж бодоод л өөрөө буруутай гэж үзэж байгаа бол ханиа аргадсан мэйл сайн бич. Сайн уучлалт гуй. Хэрэв өөрөө буруугүй гэж үзэж байгаа бол дахиад мэйл бич. Асуу, тодруул, бас аргад. Өөрөө буруугүй ч аргад. Хань чинь өөрийг чинь санаад, туниад, зам зуурын элдэв хүний үгийг сонсоод итгээд асуудал үүсээд байгаа ч юм билүү, ямар нэгэн юм өөрөөс тань хүсээд ч байгаа юм бил үү? хэн мэдлээ. Иймд юунаас ийм асуудал үүссэн бэ? гэдгийг асууж мэдэхийг бод. Ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр дэмий л хямраад намайг ойлгохгүй байна гээд байх хэрэггүй. Өмнө нь бичилцсэн бүх мэйлээ унш. Чатын архиваа хар. Тэгээд өөрийгөө өмөөрөөд намайг л ойлгохгүй байна гээд байгаа өнцөгөөсөө биш арай өөр өнцөгөөс хань ижлийнхээ талаас байдлыг харах гээд оролд. Амаргүй. Гэхдээ л гэр бүлээ хадгалж үлдье гэж бодож байгаа бол эх орондоо ганцаараа байгаа ханиа бас ойлгохыг бод. Эргэн тойронд байгаа хүмүүс элдэв л юм ярьж байгаа. Хань чинь дэмий хоосон юм сонссон юм биш биз, мөнгө төгрөгний асуудал бэрхшээл гараад өөрт тань хэлж чадахгүй байгаа юм биш биз, өвдөж барьсан байх вий дээ, ажил төрөл дээр нь асуудал гарсан байж мэднэ… Хоорондоо муудалцсан шалтгаанаа ол. Тэгээд л тайлбараа хамтдаа хий.
Таны гадаадад гэр орноо орхиод амаргүй орчинд сурч боловсрох гээд тэмүүлэн байгааг ойлгох хүн бол ганцхан хань чинь. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тэгээд нэгэнт сурна чадна гээд зориод ирсэн юмнаасаа няцаж болохгүй. Гэр орныхон чинь өвдөөгүй бол бусад асуудал аяндаа тодорхой болоод шийдэгдэнэ. Дахин дахин бодоод хямраад байхын оронд нэг сайхан аргадсан мэйл биччихээд миний хань намайг ойлгоно, би өөрийнхөө зорьсоноо хийх ёстой гээд хичээлдээ шамд. Тэгэж байтал цаг хугацаа гэдэг айхтар зүйл бүгдийг тодорхой болгоод ялгаад салгаад ойлгуулаад өгнө.
Ккккк. За за нэг мэдсэн баахан юм бичсэн байна. Та тэгээд хүсвэл уншаад хэрэгтэй гэснээ авч үлдээд хэрэггүй гэснээ шууд л мартаарай.
Сайхан монгол орондоо Оюуны хөрөнгө оруулалт хийхээр олон бэрхшээлийг туулан гадаадад сурч байгаа ТАНД эрүүл энхийг хүсч, эрдмийн Алтан шар зам тань дардан байхыг ерөөе!
Recent Comments