Германд ирээд дан Benz унаж байна дөө…

Орост сурч байхдаа анх Герман хүмүүстэй ойртон танилцаж улмаар Герман охинтой 1 өрөөнд амьдарч герман хүмүүсийн талаар өөрийн гэсэн ойлголттой болсон билээ. Монголчуудын ойлголтоор герман хүмүүс цаг нарийн барьдаг, мөнгөнд жаахан нарийн хүмүүс байдаг. Би анх герман найзтайгаа үерхэж эхлэхдээ бас л тийм бодолтой байсан. Гэтэл өдий 25-н жил нөхөрлөхдөө би л хувьдаа найзынхаа мөнгөн дээр нарийлж байхыг хараагүй. Тэгэхээр тэр нарийн гэдэг ойлголт хүн болгонд адилгүй байдаг бололтой юм билээ. Хэрэггүй юманд мөнгө зарах дургүй занг нь зарим нэг хүмүүс тэгэж тайбарласан болов уу.

Оюутан нас ард хоцорсон ч бидний нөхөрлөл үргэлжилсээр аажмаар 2-уул гэр бүл, үр хүүхэдтэй болсноор бид одоо гэр бүлийн нөхөд болсон. Герман найзтай удаан нөхөрлөсөн ч энд ирж ингэж эрдэм номын мөр хөөж суух юм чинээ санаж ч байсангүй. Бурхан тэнгэр, мань мэтийн мөрөөрөө яваа хүмүүсийг бас хардаг юм болов уу даа. Буянтай улсын тэтгэлэгээр одоо энд эрдмийн мөр хөөж сууна. За энэ яахав. Гол бичих гэсэн сэдэвтээ оръё.

Энд ирсээр дан Бенз л унаж байна даа…

Гараад л хэдхэн  минут хүлээхэд миний Бенз унаа ирнэ. Хаашаа л бол хаашаа цагтаа давхиад л ирнэ. Арай гоёыг уная гэвэл арай илүүхэн мөнгө төлөөд дээрдүүлээд унаж болно. Өдөржин унаад давхисан ч болно. Бүүр жолоочтой гэж байгаа…

Сайхан байгаа биз дээ. Та бараг таагаа биз дээ. Энэ бол нийтийн унаа буюу автобус бас таксины тухай би ярьж байна. Тэр баруун германд нь ямар байдгийг мэдэхгүй юм. Лав миний байгаа энэ хотод нийтийн унаа нь дан Бенз үйлдвэрийнх. Анх галт тэрэгнээс буугаад дан бенз машин такси гээд зогсож байгааг хараад үнэхээр их гайхаж байж билээ. Одоо бол гайхахаа больсоон.

Учрыг асуувал нийтийн унаа хамгийн найдвартай байх ёстой гэнэ. Тэр утгаараа машин үйлдвэрлэл хөгжсөн энэ оронд Бенз төрлийн машиныг хүний аюулгүй байдлыг хангасан дээд зэрэглэлийн хэмээн үздэг байна. Иймээс автобус, такси, түргэний тэрэг бүгд Бенз. Улс орон ингэж л 85 сая хүндээ санаа тавьж байна.

Гэтэл манай төр, засаг гуравхан сая хүрэхгүй хүмүүсийг халаалттай автобусаар л хангаж чадахгүй байгаа шүү дээ.

Бас нэг ажигласан юм бол. Нийтийн унаанд бүгд мөнгөө төлнө. Хүүхэд, хөгшид, тахир дутуу бүгд адилхан. Хараагүй хүн хүртэл мөнгөө төлж байна. Гэхдээ мөнгө хураадаг хүн байхгүй. Жолооч нь мөнгөө хурааж тасалбар өгдөг. Тасалбар авах нь урд талын хаалгаар орно. Авахгүй нь бусад хаалгаар орно. Учир нь ихэнхдээ хүмүүс нь тасалбараа өдрөөр, сараар урьдчилаад авчихдаг учир тэр болгон хүн тасалбар авах гэж урд хаалгаар орохгүй. Орой 8 хүртэл гэнэтийн шалгалт хааяа хийнэ. Тасалбар шалгах хүн дуртай автобусандаа дуртай буудлаас орж ирээд эхлээд өөрийнхөө үнэмлэхийг үзүүлсний дараагаар хүмүүсийн тасалбарыг шалгана. Орой 8 цагаас хойш бүх хүмүүс урд хаалгаар тасалбараа жолоочид харуулж орно.

Автобус нь маш тохилог. Дулаахан. Цэвэрхэн. Настай хүмүүс, хүүхдийн тэрэгтэй хүмүүс ороход доошоо болж намсаж өгнө. Буудал бүр нь зарлагдахаас гадна гүйдэг самбар дээр бичгээр гарна. Буух бол товчлуур дарж дохиогоо өгнө. Дохио өгсөн хаалга онгойно. Гаднаас орох бол гадна талд онгойлгох товч байдаг. Түүнийг дарж өөрөө онгойлгож орно. Би анх  тэрийг нь мэдэхгүй зогсоод л байсан. Тэгсэн яваад өгдөг юм. Уур хүрээд. Гадаад гэж ялгаж байна. Хар толгойтой болохоор нь онгойлгосонгүй, намайг авсангүй гээд л бөөн юм бодлоо… ккк. Тэгсэн харин би өөрөө дарах ёстой байсан юм билээ. Хүнд ингэж өөрөө өөртөө үйлчлэхийг наад захын юмаар сургадаг нь бас л сонин санагдсан.

Ер нь бол дотор нь орж амьдраад энэ орны талаар бас хүмүүсийнх талаар бид нэлээн ташаа мэдээлэлтэй ойлголттой байдаг юм байна гэж бодоод байгаа шүү. Их хариуцлагатай, олон таван үггүй, ажилдаа үнэнч, ил тод зантай, их хүний төлөө сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэж санагдаад байгаа. Баруун зүүний ялгаа нь бас байдаг л бололтой. Би ч тэр баруун руу нь явж үзээгүй болохоор мэдэх юм алга. Эндээ болоод л байна.

Хичнээн бенз уналаа ч эх орноо, гэр бүлээ л их санаж байна даа. Юмаа хурдан дуусгаад харихыг л бодож сууна. Монголчууд нийтийн унаандаа бенз унах цаг ирнэ гэдэгт итгэж байгаа шүү.

4 comments to Германд ирээд дан Benz унаж байна дөө…

  • хашинаа

    гоё юмаа. соёлтой орноор явж, их юм сураад ирээрэй. Чамаар бахархаж байна. Багш нартаа уншиж өглөө.

    • GK

      Олон хүн явж байгаа дөө. Үүнээс ч сайхан газраар. Найз нь л ингэж бичиж байгаа болохоос биш. Гэсэн ч дандаа урам өгч байдагт найздаа баярлалаа.

  • хэхэ таны блог их гоё юм аа. Манай нэг найз бас Берлинд загварын шоугаар явчихаад ирэхдээ такси нь хүртэл бенз юм байлээ гээд л шагшраад байсан 😀

    • GK

      Блог маань таалагдаж байгаад бүүр ч баяртай байна. Нүдэн бенз таксинд явж байгааг хараад анх үнэхээр итгэхгүй л байлаа. Герман орон, герман хүмүүс ер нь их суралцах юм ихтэй орон, ард түмэн санагдаад байгаа шүү.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>