Диплом юунд хэрэгтэй вэ?

Шавь нар маань төгссөөр… Тэднийгээ хамгаалаад дипломоо гардан авч байгааг харах багш хүний хамгийн таатай мөчүүдийн нэг байдаг. Хүний том болсон хүүхдийн төлөө өөрийн хүүхэд мэт санаа тавин заримдаа хатуурхан, заримдаа аргадан бага багаар түлхсээр тэднийгээ төгсөж байгааг харах сайхан.
ДИПЛОМ. Энэхүү нэгэн төрлийн гоёмсог хавтасны төлөө тэд маань багадаа 4 зарим нь 10-н жил ч сурдаг. Нэгэнт оюутан болсон л бол тэр сургуулиа төгсөх ёстой. А, В нь хамаагүй, төгсөх ёстой цагтаа л төгсөх ёстой…
Яагаад гэвэл хүний амьдрал санаандгүй юм шиг хирнээ санамсаргүй биш учрал тохиолдолоор дүүрэн байдаг билээ. Бидний нэгэн насны амьдрал хугацаатай, хязгаартай учир оюутнууд хугацаандаа төгсөж байх нь их чухал гэж би боддог. Мэдээж тэдэнд мэдлэг чухал. Гэхдээ л цагтаа төгсөж, байх ёстой газраа байх ёстой цагтаа байж, уулзаж учрах ёстой хүмүүстэйгээ уулзан, хийж бүтээх ёстой юмаа хийж, явах ёстой замаараа явах ёстой цагтаа алхах ёстой гэж би боддог.
Төгслөө. Таны гар дээр юу байна? …
Энэ бол дээд боловсролтой болсныг илтгэсэн “диплом”. Их дээд сургууль гэдэг бол таныг шууд л өндөр цалинтай ажлын байраар хангадаг тийм мэдлэгийг олгодог газар бас биш шүү. Ямар ч шилдэг бизнесмэн болон суут эрдэмтэдээс асуугаад үзээрэй. Би бүгдийг сургуульд байхдаа сурсан гэх хүн ховор л байна байх. Та тэрхүү гоёмсог хавтасаар амьдралынхаа олон чухал хаалгыг татан орох эрхээ л авч байгаа юм! Та сургуульд сурсанаа нэн даруй амьдрал дээр хэрэгжүүлж дадлага туршлагаар баяжуулж эхлэхгүй бол дуртай дургүй сонсож байсан лекцүүд толгойноос чинь удалгүй нисэн гарч та ердөө л нөгөө хүмүүсийн хэлээд байдаг “дипломын гол” болон хувирна.
Иймд нэн даруй ажил хайж эхлэх хэрэгтэй. Үүнд л танд наад хавтас чинь хэрэгтэй шүү. Та хүссэн ажилдаа өөрийгөө гололгүй өргөдлөө өгөөд үз. Ормоор ажилламаар байгаа компани дээрээ өөрөө яваад оч. Шинэхэн дипломоо бариад би чадна, би суръя танай компанийг сонгов гээд яваад оч. Таныг шалгах, сайн мууг чинь хэлэх, голох шилэх ажлыг өөрөө битгий хий. Өөрийгөө хэзээ ч битгий гол, чамла. Наад асуудлаа бусдад үлдээ. Та л өөрийгөө голох аваас хэн ч танд өндөр цалинтай сайхан ажил санал болгохгүй. Иймд мөрөөд, хүс, тэмүүл, тэгээд нэн даруй өөрийн хийх ажлаа олж хий. Дараагийн төгсөлт гарах хүртэл танд ердөө л 6-хан сар байгаа шүү.
Ногоотой зүйрлэвээс та одоо ШИНЭ УРГАЦ. Аминдаа арчаатай хүн болгон шинэ ургацын шинэхэн ногоо зооглохыг хичээдэг. Тэгвэл зорилготой мөнгөтэй компани болгон шинэ сайн боловсон хүчинг ажилд авахыг хүсдэг. Иймд танд яг одоо л ажилд ороход хамгийн таатай нөхцөл бүрдсэн байгааш ойлго. Урагшаа!!! Гүйгээрэй!!! Ажилд ортолоо, наад хавтасныхаа хэргийг гартал одоо л гүйдэг цаг! Өөрөө олж, өөрөө тэнцэж ороод, хүний дайтай хийж явах ажил шиг сайхан ажил байхгүй билээ. Аав ээж, ах дүү, танил талдаа найдах хэрэггүй. Та тэдний төлөө сургууль төгсөөгүй. Та өөрийнхөө төлөө л үүнийг хийсэн. Та ШУТИС гээч том сургуулийг төгсөж чадсан юм чинь одоо өөртөө таарсан ажлыг олж чадаж л таараа.
Диплом бол таны амьдралын дараагийн нэгэн том мөчлөг эхлэх дохио юм шүү. Цаашдаа хэрхэн амьдрах, хэрхэн ирээдүйгээ босгох тань одоо танаас өөрөөс чинь шууд хамаарна. Нэн даруй ажилд ороорой гэж шавь нартаа чин сэтгэлээсээ зөвлөх байна. Дараагийн төгсөлт болохоос өмнө ажилд орж чадах аваас та нэгэн том алхамыг өөрийн амьдралдаа хийж байна гэсэн үг гэж ойлгоход болно. Ажилд орохгүй бол үргэжлүүлээд сур. Цаг хугацааг огт алдаж болохгүй. За яахав төгсчихлөө, болох л байлгүй, гэж алмайрч сууж, алгуурлаж ерөөсөө болохгүй шүү!!!
Төгсчихлөө, танд хүний өмнө гаргаад тавих ШУТИС-н диплом байна. Гадаадад ч дотоодод ч үргэлжлүүлэн сурах боломж, мэргэжлийн дагуу дуртай газраа ажиллах эрхтэй боллоо Та. Танд баяр хүргэе! Одоо ажилд орчихоод багшдаа баяртайгаар түүнийгээ дуулгах л үлдлээ. Та нарыгаа ажилтай, амьдралтай явааг харах багш хүний жаргал байдаг юм шүү…

2 comments to Диплом юунд хэрэгтэй вэ?

  • b.enkhtaivan

    Bagsh hun bj oilgohod hetsuu bichsen bn. Ug ni heregtei zuil yariad bh shig. Gehdee oilgohod hetsuu yma

    • GK

      Диплом авлаа гээд санаа амраад суулгүй хурдхан шиг л нэг бол ажилд орж үгүй бол үргэлжлүүлэн сураарай гэж хэлэх гэсэн санаатай. Ойлгомжгүй зүйлээ асууж болно шүү…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>