Германы (Саксон) дунд сургууль

Та бүхэнд сонин байж магад гээд германы (саксон) дунд сургуулийн сургалт ажиллагааны талаар харж мэдсэнээсээ хуваалцъя гэж бодлоо.

Хүүхдүүд маань германд сургуульд орлоо. Бага нь 3-р анги, том нь 8-р анги. Оруулах гэж бодсон сургууль руугаа эхлээд мэйл бичиж холбогдоно. Тухайн сургууль авахыг зөвшөөрвөл уулзах өдөр товлоно. Уулзсан өдрөө сургууль ангитайгаа танилцуулна. Бэлтгэж ирэх зүйлийн талаар жагсаалт өгч хүүхдүүд ямар орчинд хэрхэн суралцах талаар тайлбарлан ирсэнд баярлалаа хэмээн гар далласаар үлдэнэ. Иймэрхүү байдлаар 2 хүүхэддээ сургууль оллоо. 5-аас дээш ангийн хүүхдүүдийг 3-н өөр түвшинд хуваан сургадаг юм байна. Дээд сургуульд сурах ирээдүйтэй гэж үзсэн хүүхдүүдийг гимназиумд  (gymnasium), тодорхой бэлтгэл хийсний дараагаар дээд сургуульд орох боломжтойг нь дунд сургууль (middle school) харин их дээд сургуульд орох боломжгүй гэж үзсэнийг нь 3-р бүлгийн сургуульд оруулдаг гэнэ. Манай хүү герман хэл суралцаад удаагүй учир, мөн ганцхан жил болох учир дунд сургуульд нь орлоо.

Багын хичээл нь 7:30 аас эхэлнэ. 7:15-д сургуулийн хаалга онгойгоод 30 гэхэд хаана. Хэрэв хоцорсон бол хонх дарж л орно. Үүдэнд жижүүр гэж байхгүй. Сургууль нь захирал, нарийн бичиг, аж ахуйн менежер тэгээд багш нараас бүрддэг гэнэ. 1-4-р ангитай. Анги бүр 2 бүлэгтэй. Анги бүр 10-аад хүүхэдтэй харагдсан. Дүрэмт хувцас гэж байхгүй. Хүүхдүүд нь бяцхан биендээ томдсон усны хамгаалалттай гэх цүнх үүрсэн байлаа. Тэр цүнх нь доод тал нь 40-50 евро бүр их гоё нь 110 еврогоос дээш байх юм. Унаагүй бид өглөө эрт гэрээсээ 6:40 орчимд гарна. Хүүгийн хичээл 7:50-д эхэлнэ. 7:30-д хаалга нээгдэнэ. Хичээл эхэлсэн бол хаалга мөн л адил хаагдах бөгөөд зөвхөн хонх дарж хэн нэгэн ирж онгойлготол орох боломжгүй.

Саксонд дунд сургуулийн хичээл 9-р сард их дээд сургуулийн хичээл 10-р сард эхэлдэг юм байна. Дунд сургууль бүр бас эхлэх цаг нь дээр өгүүлсний дагуу багаахан ялгаатай эхэлнэ. Ингэж ХБНГУ-г бүрдүүлдэг 15-н улс бүр өөр өөр сард хичээлүүдээ эхлүүлдэг нь амралтын үеийн замын бөглөрөлийн асуудлыг шийдэж байгаа нэг хэлбэр гэнэ. Мөн улс дотроо их дээд, дунд сургуулиуд нь ч ялгаатай эхэлдэг нь унааны асуудлыг шийдвэрлэх арга гэнэ шүү. Хичээл их эрт эхэлж эрт дуусна. Тэр утгаараа хүүхдүүд эрт унтана.

Одоогоор бид хүүхдүүдийнхээ хамт шинэ бүхэнд суралцаж байна. Ялангуяа маш их эрт хичээл орох нь сонин байна даа.

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>