Эрхэм Магистр оюутнууд аа?
Дараах мэдээллүүдийг анхааралтайгаар уншина уу!!!
- Бие даалт 1-г өгөөгүй байгаа оюутнууд 2012 оны 10-р сарын 3-ны дотор багтаан илгээнэ үү. Сунгасан хугацаанд багтаан илгээсэн тохиолдолд хугацаа хоцорсон оноо хасахгүй. Даалгаврын мэйлүүдийг хэрхэн нэрлэж илгээх жишээг анхааралтай уншихыг зөвлөх байна. Өөрөөр хэлбэл бие даалтын файлдаа заавал өөрийн кодыг багтаасан нэр өгч илгээгээрэй. Зарим оюутнууд оройтож бүртгүүлсэний улмаас мөн зарим нь хүндэтгэх шалтгаантай байсны улмаас энэ удаагийн бие даалтыг ийнхүү хугацаа ухраалаа. Дараа дараагийн бие даалтыг зөвхөн тогтоосон хугацаанд хүлээн авна. Хугацаа хоцорвол хасах оноотойг анхаар!
- Явцын сорил болоод улиралын шалгалтыг ШУТИС-н Онлайн тестийн програмаар авдаг учир тухайн үед өгч амжихгүй бол нөхөн өгөх боломжгүй байдгийг бүгд анхааралдаа авахыг зөвлөж байна. Бие даалт бол хичээл удирдаж байгаа багштай холбогдох замаар зарим онцгой тохиолдолд уян хатан байж болох ч явцын сорил болоод улиралын шалгалт бол яг тогтоосон хуваарийн дагуу тавигдсан өдөртөө авагддаг.
- Зайнаас суралцах үед суралцагч болоод удирдагч багшийг гол холбодог аргуудын нэг бол цахим шуудан юм. Цахим шууданг бичиж сурахыг зөвлөж байна. Хэрэв та хэн нэгэнд анх удаа мэйл илгээж байгаа бол өөрийнхөө хэн болохыг мөн яагаад мэйл илгээж байгаагаа бичиж мэйлээ эхэлдэг. Мөн мэндчилгээний үг болоод төгсгөлийн үгийг заавал бичнэ. Харин нэгэнт ямар сэдвээр ярилцаж байгаа нь тодорхой болсон үед эсвэл харьцангуй тогтмол шуудан солилцож байгаа үед мэндчилгээний үгийг орхиж болох ч хаалтын нэрийг тавих нь зүйтэй байдаг. Цахим шууданг бичих үед гол анхаарах зүйл бол Subject буюу шуудангийн гарчиг юм. Энэ хэсэгт юун тухай шуудан болохыг товчоор бичиж өгдөг. Гэтэл зарим хүүхдүүд шууд энэ хэсэгт захиагаа бичиж байгаа нь цаашдаа та бусад хүмүүстэй цахим шуудангаар харьцах үед энэ талын ямар ч туршлагагүй нэгэн болон харагдахад хүргэж болно. Мөн өдөртөө хэдэн зуун мэйл авч илгээж байдаг хүмүүсийн хувьд энэ нь маш бухимдмаар зүйл байдгийг анхаарна уу.
- Шууданг шууд Reply хийхгүй байхыг зөвлөе. Багшдаа илгээж байгаа шуудан бүрийг шинэ мэйл илгээх журмаар зөвхөн өөрөөсөө над руу гэсэн байдлаар илгээх нь таныг мэйл бусдад харагдахгүй байх улмаар багш анзааралгүй үлдэхгүй байх баталгаа болно. Олон хүүхдүүд рүү зэрэг илгээсэн мэйлд шууд Reply хийн хариу бичих нь маш осолтой бөгөөд таны чухал шуудан багшийн анхаарлаас мултрах улмаар харилцан үйл ойлгоцох байдал үүсэх магадлалтайг анхаар.
- Өөрөөсөө ахмад хүн болоод багшдаа захиа илгээхдээ шууд л hi гэж эхлэх нь тийм ч боловсон биш шинж юм. Англи хэл дээр бичиж байгаа үед ихэнхдээ Dear гэсэн үгээр эхэлдэг бөгөөд энэ үгний ард нэрийг эсвэл шаардлагатай бол цол хэргэмийг нь хамтад нь бичиж өгдөг. Монгол хэлээрээ бичиж байгаа тохиолдолд сайн байна уу? гэхээс гадна өглөөний, өдрийн мэнд эсвэл шуудан хүрэх өдрийн мэнд хүргэх гэх мэтээр бичиж болдог. Нээмэгц л hi, bagshaa гэсэн байх нь нүүр нүүрээ хараагүй хүмүүсийн хувьд эхнээсээ хол харьцаа үүсгэх талтай байдаг. Миний хувьд харьцангуй олон жил зайнаас хичээл зааж элдэв хангайн цахим шуудан авсаар энэ мэтэд эмзэглэх нь бага болсон ч эхний захиаг л ингэж эхэлж байгаа оюутан өмнө нь цахим хэлбэрээр хэнтэй ч харьцаж байгаагүй мэт сэтгэгдэлийг надад төрүүлдэгийг нуух юун. Зайнаас суралцахын бас нэгэн давуу тал бол цахим шууданг алба аминдаа зөв зүйтэй ашиглах соёлд суралцах боломж юм шүү.
Recent Comments