АНУ руу аялсан тэмдэглэл

Анх удаагаа АНУ явж байсан болохоор сэтгэл их л хөдөлж бас сандарч л явлаа. 3-н онгоц дамжин 20 гаран цаг аялж 6-н цагийн зөрүүтэйгээр АНУ-д буулаа. Онгоцонд нэг хуудас өгсөнийг бөглөсөн байсан ч дахин нэг хуудас бөглөх ёстой байсан бололтой. Хилийн цэрэг нь асууж байна. Бөглөөгүй ээ, өгөөгүй л гэлээ. Аан гэснээ юунд ирж байгаа юм гэж байна. Олон улсын хуралдаа л гэлээ. Тэгсэн, за энэ ч ер нь бүтэхгүй гар байна гэсэн байдалтай харцаар харсанаа өөрөө нэг юм бөглөөд байна. Тэрийгээ тасалж аваад шууд л паспорт дээр минь үдчихлээ.
Нөгөө 10-н жилийн виз дээр минь нэг тамга бас дарчихлаа. Ор л гэж байна, би ч санаа амраад ороод явчихлаа. Энэ хавьд бол хүмүүсийн хэлээд байдаг шиг нэг их сүрдмээр юм ялгаа байгаагүй. Бусад гадаад орны хил гаалиар нэвтэрдэгтэй л ижил санагдсан. За харин нисэх онгоцны буудалууд нь замбараагүй том юм билээ. Би терминал солих байсан учир автобусаа олж суух гэж гүйх мэтээр жаахан сандарсан.
Орой болсон хойно Албани хотод буулаа. Заавар дээрээ 30 минут тутамд Shuttle явна гэсэн байсан юм. Англи хэл маань “хэт сайн” болохоор жижиг онгоц гээд л ойлгочихсон байлаа. За одоо тэр жижиг онгоцоо одоо хаанаас олж суух юм болоо гэж бодоод очоод асуулаа. Тэгсэн гараад зогсоолд зогсож байхад чинь ирнэ дээ гэж байна. Гарсан ер жижиг онгоц ирээд зогсчихмоор газар харагдахгүй байна. Нэлээн зогслоо. Тэсвэр алдагдаад эргэж ороод дахиад асуулаа. Тэгсэн буудал руугаа ярь гэж байна. Буудал руугаа ярилаа. Тэгсэн ижилхэн л юм хэлж байнаа. Shuttle очино гэж. За бүүр гайхаад бас жаахан санаа зовож эхэлж байна аа. Хүмүүс нь ч бас найрсаг биш санагдаад л… За тэгээд яахав дээ нөгөө буудал дээр нь очоод зогслоо. Нэг хар эмэгтэй сууж байна аа. Ер нь миний очсон тэр хотод хар хүн их юм билээ. Америкт биш Африкад ирсэн мэт л санагдаж байсан шүү. Тэгсэн тэр хүүхэн харин хэлж байнаа. Ийм нэг том машин ирнээ. Тэр shuttle гэж байна.
Тэгсэн shuttle гэдэг нь тогтсон нэг цэгээс нөгөө цэг рүү хүмүүсийг тээвэрлэдэг багтаамж ихтэй машин, автобуснуудыг хэлдэг юм байна лээ. Сүүлд нетээс хайж уншиж байж мэдэж авав шүү дээ. Нөхөд минь над шиг онигоонд оров доо. Жижиг онгоц биш юм шүү. Тэр чинь өөр нэг ойлголт нь.
Хурал маш сайхан болсон. Америкчууд бүгд хурлыг тийм сайн зохион байгуулдаг бол лут л юм. Их ч юм сурсан. Олон улсын хурал хийх гэж байгаа хүн байгаа бол надад мэйл бичиж жич зөвөлгөө авч болно шүү. ккк. Үнэхээр өндөр зохион байгуулалттай бас маш үр дүнтэй хурал болсон. Олон ч чухал илтгэл сонсож, хэрэгцээтэй хүмүүстэй танилцсан.
Албани хот нь 870 мянга гаран хүн амтай харьцангуй энгийн тайван хот санагдсан. Хуралдсаар энэ хотыг бол сайн үзэж чадаагүй.
Нью Йоркод харин нэг өдөр болсон. Нөгөө алдарт Эрх чөлөөний хөшөөг харлаа. Дээр нь гараагүй ч дэргэдээс нь харлаа, харлаа. Сайхан том ногоон хатагтай байна лээ. Хөөрхий сүндэрлээд байж л байна лээ. Олон ч кинон дээрээс харсан даа. ккк Нөгөө амьдаар нь харна гэдэг шиг хөшөөг амьдаар нь хараад ирэв. Хөшөөнөөс илүүтэйгээр надад хот нь өөрөө их сонин санагдаж байсан. Олон өндөр байшингуудыг зэрэгцүүлэн босгосон, түмэн хэлийн амьтан завгүй хөлхисөн тийм л айхтар хот байна лээ. АНУ-н бүх том хотууд ийм өндөр байшинтай гэж бодохоор тэр улсын далайц аргагүй л мэдэгдэж байсан. Ер нь бол АНУ хүн очиж үзэхэд гэмгүй орон санагдсан шүү. Амьдрах гэж тэмүүлэхийн хувьд бол мэдэхгүй ээ.
Дэндүү бага хугацаа байсан учир надад бол амьдрах гэж дасахад бас амаргүй л санагдсан. Яахав хаа сайгүй англиар ярих нь бас харин амар л юм билээ. Германд бол хэцүү ш дээ. Англиас гадна герман хэрэгтэй. Хэлээ сайжруулах гэсэн хүн бол азийн орнууд руу явахын оронд харин АНУ руу хэдэн сар явсан нь дээр санагдсан шүү.
За миний анхны товчхон сэтгэгдэл ийм л байна даа. АНУ амьдардаг, удсан Монголчууд үүнийг уншиж байгаа бол уучлаарай. Энэ бол зөвхөн миний хувь хүний бодол. Мэдээж тэнд нь ажиллаж амьдарч байгаа хүнд бол сайхан л газар байж таараа. Надад бол сүрдмээр том санагдсан. Бүх утгаараа. Гэхдээ дахиад очихдоо баяртай байх болноо. Очихыг ч бодно. Гэхдээ ганцаараа биш…

6 comments to АНУ руу аялсан тэмдэглэл

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>