- Хурал болох байршил (Venue)
Энэ хэсэгт хурал болох буудлын тухай мэдээлэл байршуулсан байлаа. Буудлын үнэ ханш, байршил, хэрхэн захиалга хийх, хандах вэб сайт, холбоо барих утас, хаяг гээд шаардлагатай бүх мэдээллийг нэг хуудсанд багтаасан байв. Хурлын өдрүүдэд оролцогч нар хямдралтайгаар төлбөрөө хийх бөгөөд нэмэлт өдрүүдийг энгийн ханшаар төлөхөөр байсан. Энэ хуудсанд буудлаас гадна хурал болох хотын тухай, тэр хотод буудлын ойролцоо болоод ер нь юу үзэж болох талаар зөвөлгөө бас бичсэн байсан.
Ер нь ажиглаад байхад гадаадын оронд олон хүнтэй өргөн цар хүрээтэй хурлуудыг том буудал түшиглэн хийдэг бололтой юм билээ. Энэ нь хүмүүсийг зөөх, тээвэрлэх зардалаа хэмнэх нэг арга байх. Бас аль болох үзүүлэх харуулах юмандаа ойрхон буюу хотын төвд буудал сонгодог санагдсан. Энэ нь тухайн оронд анх ирж байгаа хүмүүс болон тухайн орны хэлээр ярьж чадахгүй хүн ганц нэгээрээ үдэш орой гарч орж юм үзэх, дэлгүүр орох зэрэг бүх талыг нь бодолцсон байдаг бололтой. Хурал нь буудал дотроо байх хурлын танхимуудад болох бөгөөд бүх хоол бас тэндээ байх нь асар их цагийг хэмнэхээс гадна хүмүүс хоорондоо уулзалдан яриа хөөрөөгөө үргэлжлүүлэх боломжийг бас бүрдүүлдэг байх. Манайхан хурал зохион байгуулахаараа хамаг зардалаа хүлээн авалт хоолонд үрдэг. Тэгвэл том хурлууд буудлаа түшиглэн өдрийн хоолоо зохион байгуулж зөвхөн ивээн тэтгэгчтэй ажлуудыг л буудлаас холгүй газруудад энгийн товчхон хүлээн авалт хийдэг юм билээ. Босоо хүлээн авалт буюу хүмүүс өөрсдөө хоолоо сонгох нь аль аль талдаа маш зөв шийдэл санагдсан.
- Архив (Archives)
Энэ хамгийн сонирхолтой сайхан хуудас байсан. Энэ хэсгээс та өмнөх бүх хурлын вэб сайтууд руу шууд орж болох бөгөөд ингэснээр та өмнөх хурлууд хаана болсон, ямар илтгэлүүд хэлцэгдсэн, ямар орны ямар хүмүүс орсоныг мэдэх боломжтой. Манайхан ихэнхдээ л хурлаа тулгаж дутуу хагас вэб ажиллуулдаг нь тун харамсалтай санагддаг. Ямар ч олон улсын хурлыг сайндаа л хэдхэн сарын өмнө зарладаг. Бас манайх л юм чинь гэсэн шиг ирсэн бүх илтгэлийг хүлээн авдаг. Энэ бол буруу. Хэрэв сайн зохион байгуулаад бүтэн жилийн өмнөөс бэлтгэлтэйгээр ажиллабал манай орныг сонирхон очих хүмүүс зөндөө байгаа санагддаг. Гол нь хурал болох хугацаагаа зөв сонгож бас хурлын агуулгаа их оновчтой орчин үеийн эрэлт хэрэгцээнд таарсан хэлбэрээр хийвэл сайн байх. Бас бусад энэ мэтийн нэр хүндтэй цуврал хурлуудын нэг ээлжийг эх орондоо хийх нь эх орноо бусдад суртчилах, өөрийн судлаачдын ажлыг хүмүүст хүргэх, ажил хэргийн холбоогоо өргөтгөх сайхан боломж байж болох юм.
Төгсгөл буюу миний дүгнэлт
Хурал ямагт цагтаа эхэлж цагтаа дуусаж байсан нь их таалагдсан. Эхний хурал дээр индэр дээрээс алтан мөнгөн ивээн тэтгэгч нарыг төлөөлөн оролцож байгаа хүмүүсийг босгож байгаад л алга ташуулж баяр хүргэж байсан нь их содон сайхан байсан. Тэгээд хуралд ирсэн бүх хүмүүст талархан та наргүйгээр энэ хурал ийм сайхан болохгүй байсан, хол замыг туулан сэтгэл гарган ирсэнд баярлалаа гэх мэтээр хэлэх нь их таатай сонсогддог юм байна лээ. Төгсгөлийн хурал дээр хурлын ард ажиллаж байгаа техникийг ажилтан, сайн дурын хүмүүсээ босгон алга ташуулж баяр хүргэж байсан. Бас хамтын зургаа хаалтын хурлын дараа бөөндөө авахуулж байсан.
Нээлт дээр үг хэлж байгаа хүмүүс нь маш товч тодорхой цоглог ярьж байсан нь бас л онцлог байлаа. Хүн болгоны үгнээс үнэхээр л тийм дээ гэмээр чухал үг олж сонсож болохоор байсан. Урилгаар ирж нээлтэнд үг хэлж байгаа хүмүүсээ маш мэргэжлийн их тод томруун танилцуулж байсан. Хурал бүрийн эхэнд тухайн өдрийн хөтөлбөрийг дахин тодруулан тайлбарлаж байсан нь дараагийн өдрөө төлөвлөхөд их нэмэртэй байсан. Мөн хурлын төршид авсан зургаараа төгсгөлийн хурал дээр үзүүлэн гаргаад дугаарлачихсан байсан. Хүссэн хүн өгсөн хаягаар дугаар явуулахад шууд л сонгосон зургаа хүлээн авч байсан нь сонин бөгөөд содон байлаа. Мэргэжлийн зурагчины санаандгүй авсан сайхан зураг байсан бөгөөд энэ хурал интернэт зургийн сантай юм билээ. Тэндээ эдгээр зурагнуудыг байрлуулсан байсан.
Эндээс миний сурсан гол хичээл бол: олон улсын хурлыг хамтын хүчээр хийх ёстой. Хүмүүс багаар ажиллаж байж нэн ялангуяа сайн дурын үндсэн дээр ажиллаж байж их сайхан үр дүн гармаар санагдсан. Манай Монгол улс бол олон улсын том хурлыг зохион байгуулах бүх нөхцөл бололцоо байна гэж би харсан. Зөвхөн зоосны нүхээр буюу хувийн нэр төр харсан хурал биш харин улс эх орноо суртчилсан, сургуулиа, байгууллагаа суртчилсан байдлаар олон улсын том хурлыг ивээн тэтгэн хийх нь суртчилгааны нэгэн том арга мэт санагдсан. Миний хувьд зайнаас ч гэхнээ эх орондоо болох олон улсын хурал зохион байгуулахад оролцохдоо хэзээд дуртай байх болно. Учир нь олон улсын хурлын бэлтгэл ажил бүтэн жилийн өмнөөс эхэлж маш олон цахим шууданд богино хугацаанд хариулж бүх илтгэлүүдийг хамгийн багадаа 2 шинжээчээр уншуулж үнэлүүлэх зэрэг олон угтвар ажлуудад сайн дурын ажилтан маш хэрэгтэй санагдсан учраас тэр юм. Ийм хурал зохион байгуулдаг сайн дурын төрийн бус байгууллага байсан ч болмоор санагдсан шүү.
За миний олон цуварсан бодрол үүгээр дууслаа. Тэвчээртэй байж дуустал нь уншсан ТАНД маш их баярлалаа.
Ийм сайхан мэдээ оруулсан харин таньд баярлалаа. Их олон зүйлийн талаар ойлголттой боллоо. Бас их ч туршлага хуримтлууллаа. Учир нь бид хавар нэг ЭШХурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэхүү хурлыг нийт их, дээд сургуулийн багш нарын хүрээнд зохион байгуулах санаатай байгаа. Одооноос хурлынхаа төлөвлөгөөг хийх хэрэгтэй юм байна. Дахин баярлалаа.
Тэвчээртэй бас дуртайгаар уншиж байгаад талархаж байна. Хурлаа аль болох эрт төлөвлөх нь зөв шүү. Чиглэл таарвал би ч бас оролцохоос буцахгүй шүү.