6-р сарын 1.
Бага байхад энэ өдөр хамгийн сайхан өдрүүдийн нэг байдаг байсан. Бидний аав ээжүүдийн буюу 1930 аад он түүний дараахан төрсөн хүмүүс социализмыг ид бүтээн байгуулалцаж, тухайн үеийнхээ төр засагт итгэн биширсэн, элдэв шуналгүй хүмүүс байж дээ. Ямартаа л уулга алдахдаа хүртэл Төрийн минь сүлд өршөө, хэмээн хэлдэг байсан. Нам засаг, төр улсдаа баярлаж байна гэж их ярьдаг байв.
Хүүхдийн баяраар байгууллагууд хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ их зохион байгуулдаг байсан. Ээжийн маань ажлын газар хүүхдүүдийг цуглуулаад хүүхэлдэйн кино үзүүлдэг байлаа. Кино зааланд биш шүү дээ. Зурагтаар. Тэр кино нь алдарт НУ ПОГОДИ. Миний насны хүмүүс энэ хүүхэлдэйн киноны эхэлдэг хөгжмийг маш сайн санаж байгаа байх. Ингэж олон хүүхэдтэй хамт дуртай киногоо үзэх бол бидний хувьд том баяр байдаг байлаа. Тэгээд мэдээжээр бидэнд бэлэг тараадаг байсан.
Аавын ажлын газар болохоор хүүхдүүдийн дунд олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг байсан. Би одоо бодохдоо энэ бол хүүхдүүдэд аав ээж нь ямар газар ажилладагийг харуулсан, таниулсан их зөв зүйл байжээ гэж боддог. Одоогийнх шиг хүн болгон машинтай байгаагүй учир бид аав ээжийнхээ ажил дээр цөөн очдог байсан гэсэн үг. Хүүхдийн баяр бол эцэг эхийгээ хаана ажилладагийг харах, аав ээж шигээ албанд явах сонирхолтой өдөр байдаг байсан.
Герман оронд энэ баярыг их өргөн тэмдэглэдэг юм байна. Маш эртнээс зараа тавьж олон газарт зөвхөн хүүхдүүдэд зориулсан арга хэмжээнүүд явагддаг бололтой. Гол нь ажил мэргэжил таниулсан арга хэмжээ их байгаа санагдлаа. Бас тэр үйл ажиллагаа бүртээ хүүхдүүдийг өөрсдийг нь оролцуулах боломжтойгоор хийдэг юм байна. Жишээлбэл, гал унтраах анги хүүхдүүдтэй хамт үзүүлэн тоглолт хийх, хүүхдүүдээр шаазан эдлэл хийлгэж, түүн дээр нь өөрсдөөр нь зураг зуруулах зэргийн арга хэмжээнүүдийн талаар зарлал сонин дээр эрт гарч эхэлдэг юм байна.
УБ-т ч одоо гоё байгаа байх даа. Хүүхдийн баярын өдрөөр бүх машинууд гэрлээ асаагаад л давхидаг сан. Тэр бас гоё санаа шүү. Хүүхдүүд гэдэг бидний сэтгэлийн гэрэл, амьдралын маань утга учир юм даа.
Ингэж ойлгох мэдрэх тусам л аав ээжээ улам ихээр санан үгүйлнэ. Гээд үр нь толгой гудайж гуниж суухгүй ээ. Та 2-ынхоо үргэлжлэл болж,та 2-нхоо жишгээр үр хүүхдээ дээдлэн, ажил төрөлөө сайн хийж, төр засагтаа хүчээ өгөн, түмэн олонтойгоо ойр явнаа.
Та бүхэн хүүхдийнх баяраар халуун ам бүлээрээ тааваараа сайхан баярлаарай.
Recent Comments