Одоо эх оронд маань 2013 оны 8-р сарын 8-ны өглөөний 5-н цаг өнгөрч байгаа. Тэртээ хэдэн жилийн өмнө яг энэ өдөр би хүүгээ төрүүлсэн юм. Хүүхэдтэй л болж байвал юуг ч туулахад бэлэн байсан миний хувьд төрөлтийн өвдөлт ч нэг их хэцүү санагдаагүй сан.
Хүүг минь мэндлэхэд асар их тус хүргэсэн Авга эгч Чимгээ болон 1-р төрөхийн Их эмч Энхтуяа эмчдээ одоо ч талархсан сэтгэл хэвээрээ явдаг. Монголд байхдаа бид энэ өдөр эх барьсан ээж дээр нь хүүгээ дагуулан цэцэг авч очдог байсан. Нэг удаа Энхтуяа гээд ижил нэртэй эмч дээр андуурч очоод инээдтэй юм болж байж билээ. Маргааш утсаар яриулбал эмч маань санах болов уу… Олон хүнийг хорвоод угтсан болохоор тэр хүний хувьд бид энгийн нэгэн л байдаг байх. Харин тэр хүн бидний хувьд үрийг минь бидэнд тэврүүлсэн Асар их Ачтан байдаг учраас бид хүүгийнхээ төрсөн өдрөөр заавал эмчээ дурсан ярьдаг.
Хүү минь одоо том эр болжээ. Ааваасаа ч дутахгүй өндөр залуу болж өдрөөс өдөрт өсөж байна үр минь. Элэг зүрхийг минь тэвдээж, энэ хорвоог утгатай болгон Сайхан үр заяасан Бурхан тэнгэртээ баярлаж явдаг. Хүний үр бүхэн өөрийн эцэг эхдээ хамгийн сайхан байдаг шиг миний үр ээждээ хамгийн ухаантай, хамгийн төгс, хамгийн сайхан нь билээ.
Би өнөөдрийн энэ өдөр төрсөн хүн бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Тийм ээ, би маш их баяртай байна. Учир нь өнөөдөр Үрийн минь, Хүүгийн минь төрсөн өдөр.
Хайрт хүүдээ Төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе!
Алган дээр минь унасан
Алсын Од билээ Үр минь Чи
Амьдралыг минь гийгүүлсэн
Алтан Нар билээ Үр минь Чи
Хүний дээд болж өсөж өндийгөөрэй Миний хүү
Хүслийн сайхнаа гүйцээж гялалзаж яваарай Миний хүү
Хүн зонтой эвтэй байгаарай Миний хүү
Хүний хорвоог жаргаж туулаарай Миний хүү
Угтан ирэх өдөр бүр чинь азтай байг
Учран золгох нөхөд бүхэн чинь үнэнч байг
Санасан бодсон сайхан бүхэн чинь биелж байг
Саруул хорвоо аз хиймороор тэтгэж байг
Миний хүүг!
Recent Comments