Саяхан УБ руу 2 долоо хоногоор яваад ирлээ. Манай хотоос Праг ойрхон учир Прагаар дамжиж нисэхээр шийдсэн байсан юм. Берлингээс илүү ойрхон хэмээн сонгосон хэрэг. Тэгээд ч буцах замдаа Солонгос оронг захаас нь үзчихээд ирэх санааг бас агуулсан байлаа. Праг хүртэл манай хотоос 2 дамжиж галт тэргээр 3-н цаг гаран явж очдог. Орост оюутан байхад УБ-аас ирдэг галт тэрэг хэдэн цагаар хоцордог шиг энд харин Унгар, Чехийн галт тэрэг цагаасаа дураараа хоцорно. Тийм учир нэлээн эрт очихоор билетээ авсан байв. Гэлээ ч энэ удаад галт тэрэг их хоцролгүй би цагтаа шахам Прагт буулаа. Прагийн галт тэрэгний буудлаас нисэх буудал руу нь шууд автобус явдаг нь амар санагдсан. Буудал нь энгийн учир нислэгээ олоход төвөггүй байв. Явахдаа Инчён онгоцны буудал дээр 3-н цаг хүлээсэн. Интернэт үнэгүй болохоор цаг хурдан өнгөрч би цагтаа нисэж эх орондоо цагтаа буулаа.
Монголын маань сэрүү татсан салхи цээж цохин мэндлэх нь үнэхээр сайхан. УБ-аас хот ордог замыг засаж байгаад гээд шууд л бөөн шороо бужигнасан зам угтах нь бас л танил. Зам гэдэг УБ-т өргөн болжээ. 2 урсгалтай ч байсан 2-3н зэрэгцээ зам явах нь аргагүй л өргөн сайхан санагдаж байв. Гэхдээ л машины бөглөрөл улам нэмэгдсэн санагдсан. Буцах цаг дөхөх тусам ах дүү, анд нөхдийн бэлэглэсэн ааруул, хурууд, ном дэвтэр, архи чихэр нэмэгдэнэ. Ганц удаа өөрөө явж байгаа юм чинь гээд би ачаагаа аваад явахаар шийдлээ. 20 орчим кг ачаа давна гэдгийг мэдэж байв. Хүнээс асуулгасан чинь илүү кг бүр 8-16000 төгрөг гэж байна. Болмоор санагдлаа. Ингээд чемоданаасаа гадна нэг хайрцаг бэлтгэж аваад бүх зүйлээ баглаж бэлдлээ.
Өглөө очвол маш олон хүн нисэж байна. Би нэлээн хойгуур бүртгүүлж таарав. Ачааагаа өгсөн бүртгэж байгаа бүсгүй та илүү ачааныхаа мөнгийг төлөх үү гэж байна. Төлнө гэлээ. Нэлээн том харж байна. Тоохгүй л зогслоо. За тэгээд бичгээ аваад кассан дээр очлоо. Хүн нь байдаггүй. Нэлээн хүлээлээ. Хүмүүс бүртгүүлж дуусаад орж дуусч байна. Кассын хүн ирлээ. Надаас дахиад л та төлөх юмуу гэж байна. Төлнө гэлээ. Тэгсэн надад тоо хэлж байнаа.
178 000 төгрөг тэгээд 506 доллар!!!
Чихэндээ ч итгэсэнгүй. Юу гэнээ гэв. Эхнийх нь Солонгос хүртлэх үнэ. Дараагийнх нь Праг хүртлэх үнэ гэдэг байгаа даа. Ачаагаа авъя наадах чинь арай дэндэж байна гэсэн. Ачаа чинь онгоц руу явсан байх даа гэв. Надад шийдвэр гаргахад хэдхэн хором л байлаа. Ачаагаа авахаар хөөцөлдөөд авах. Тэгсэн тохиолдолд онгоцноосоо хоцрох магадлал өндөр байлаа. Эс бол төлөөд нисэх. Хүмүүс ороод бүгд дууссан байв. Онгоц хөөрөхөд ердөө 20 оодхон минут үлдсэн байлаа. Ачаагаа ч авч амжимгүй болсон байв. Зоосоо бодлоо. Хоцорвол яах билээ? гэж бодлоо. Хэдэн хором бодож зогсов. Шийдвэр гаргалаа -тэгээд л төллөө дөө.
3-н цаг гаран нисэж Солонгост буулаа. Тэндээ 1 хонох учир би ер яарсангүй. Бараг хамгийн сүүлд пасспортын шалгагч дээр очлоо. Нэг залуу бүсгүй байна. Миний бичиг баримтыг авчихаад л америкийн 10-н жилийн визтэй хуудсыг нь гаргачихаад суугаад байх юм. Нэлээн хүлээлээ. Надаас хаана амьдардаг вэ гэж байна. Германд гэлээ. Яагаад Чех орох гэж байгаа юм? гэж байна. Манайд ойрхон би тэндээсээ харина гэлээ. Чехээс Герман явах тасалбараа харуул гэж байна. Байхгүй гэлээ. Яаж явах юм гэж байна. Манай нөхөр тосно гэлээ. Гэр бүл чинь бас германд байгаа юмуу гэж байна. Тийм гэлээ. Энд бууж яах гэж байгаа юм? гэж байна. Танай улсыг үзэх гэсэн юм гэлээ. Тэгэдэд маргааш буцах юмуу гэж байна. Тийм гэлээ. Тэгсэн ч тэрээр эргэлзсээр байлаа. Бүх хүмүүс орж дуусаад дахиад л би ганцаараа үлдлээ. Бусад шалгагч нар утсаараа оролдон босож зогсоод бид 2-г ажиглаж байна. Тэгсэн нөгөө охин хажуу талын хүнээсээ асууж байнаа. Герман визтэй Чех явах гээд байна гэж байгаа бололтой. Солонгосоор ярьж байсан учир би тааж байгаа нь энэ. Тэгсэн нөгөө хүн нь Европын холбоо энэ тэр гээд нэг юм хэллээ. Энэнээс харвал тэр охин герман виз Европын холбоонд хүчинтэйг мэддэггүй бололтой. Би аргаа бараад, асуудал байна уу? асуулт өөр байна уу? гэлээ. За тэгсэн нэг юм тамга дарж намайг орууллаа даа.
Тосох байсан хүн маань байсангүй. Жаахан сандрах маягийн. Утаснаасаа залгах санаатай сууж байв. Хажууд Монгол бололтой нэг хүн байна. Шууд л монголоор энэ руу ингэж залгах нь зөв болов уу? гэж асуулаа. Тэгсэн харин та Солонгос дугаартай юм уу? гэж байна. Үгүй гэлээ. Тэгсэн би залгаад өгье гэж байна. Баярласан гэж. Сэтгэл сайхан болоод л явчихаж байгаа юм. Залгалаа тэгсэн УБ-аас гарахдаа хэлнэ гэсэн. Яасан бэ? Би ажилтай байна гэж байна. Намайг өөрөө хүрээд ирээч гэж байна. За гэлээ. Тундэмүн гэдэг зах дээр ир гэнэ. Газар мэдэхгүй би нөгөө хүнээсээ гуйлаа. Хүргээд өгөөч гээд. Тэгсэн харин тэгье гэж байна. Бүүр ч санаа амрав. Ийм л шүү дээ манай Монголчууд гэж бодож талархаж суулаа. Надад солонгос мөнгө байсангүй. Тэгээд нөгөө хүн маань миний унааг төлж улмаар би Хан мөрөн дээгүүр метрогоор давхин уулзах хүн дээрээ ирлээ. Тэгсэн Сөүл хотын төвд Монгол Таун гэж байдаг юм байна. Орж гарч байгаа бүх хүн Монгол. Бүх зарлал монгол хэл дээр. Еэвэн, сүүтэй хийцтэй цай зарсан монгол худалдагчтай дэлгүүр. Монгол хоолны газар. Үсчин. За ер бүх үйлчилгээ байна лээ. Надад монгол мөнгө л байсан боловч тэнд байгаа монголчууд төгрөгийг тоож ч харсангүй. Жаахан сонин санагдсан. Тэгээд монгол руу ярилаа. Карго гэдэг юмаар мөнгө авч болдог гэнэ. Яг л ХААН банкаар хөдөө мөнгө шилжүүлдэг шиг. Монголд хүн төгрөг тушаалаа. Би Солонгост шууд вон авч байна. Гайхалтай хурдан бас амар санагдсан.
Жангүм киногоор сэтгэлд мөнхөрсөн, олон савангийн дуурийг нь шимтэн үздэг Солонгос орон. Байгаа төрх байдлаараа ази гэдгээ аргагүй л харуулж байлаа. Хөл хөдөлгөөн ихтэй сайхан хот байв. Хүүхнүүд нь бүгд нүүр амаа ихэд хичээнгүйлэн будсан нь Европоос эрс ялгарч байлаа. Маш ганган дэгжин хувцаслах юм. Бас их туранхай хүмүүс байна лээ. Би ч нөгөө шкаф шиг гэдэг шиг л том харагдаж байсан тэнд. За тэгээд зах гарлаа. Орой нь солонгос хоолны газар орлоо. Нөгөө ногоон шилтийг заллаа. Тэгээд харьцгааж амарлаа. Маргааш нь буудалдаа эрт ирэв. Буудал дээр харин кинон дээр гардаг нөгөө хаан хатан нь дагуулуудтайгаа явж байгаатай таарсан шүү. Их л ихэмсэг гоё юм билээ.
Онгоцондоо сууж 10-н цаг нисэж Прагт буулаа. Дахиад л шалган дээр удлаа. Миний пасспортыг даруй 5-н хүн шалгалаа. Инээдтэй санагдаад би ч дуугай л зогсож байв. Чехүүд зэвүүн гэж сонссон байсан учир би их л тэвчээртэй хүлээлээ. Бараг хагас цаг шалгасны дараагаар намайг орууллаа. Би ачаагаа аваад гарах хаалга руу чиглэлээ. Тэгсэн нэг цагдаа тосож ирээд Монгол уу? гэж байна. Би тийм гэлээ. УБ-аас ирсэн үү гэж байна. Тийм гэлээ. Тэгсэн тамхиа, архи их бий юу гэж байна. Тамхи байхгүй ээ, архи 4н шил бий гэлээ. Тэгсэн чинь архи 2 шил л зөвшөөрнө. Архиа гарга гэж байнаа. Уур хүрээд л явчихлаа. 506доллар төлж авчирсан ҮНЭТ эдийг маань авах гэнэ. Бас тэр олон хүнээс ганцхан намайг шалгаж байгаа юм. Зэвүү хүрээд, Надад архи жаахан илүү бий нь үнэн. Хэдүүлээ хүн шиг байя л даа. Би их мөнгө төлсөн юм. 2 өдөр аялж ирлээ. Намайг гаргачих гэлээ. Үгүй гэж байнаа. Их дээрэлхүү байна. Бүх юмаа задал гэж байна. Тэр нь нэг чемодан, 1 жижиг хайрцаг. Баахан маргалдлаа. Нэмэргүй, чи ядарна. Бид чамайг гаргахгүй гэж байна. Задаллаа ачаагаа. Хүмүүс их харж байнаа. Бүгд зүгээр л гараад байх юм. Би гэж нэг Монгол тэнд үйлээ үзэж зогслоо. Үнэхээр дургүй хүрсэн.
Хүмүүсээ Чехээр явах бол архиа 1л ээс илүү бүү аваарай. Бас ер нь тамхи болон ааруул борц ер хэрэггүй шүү. Баталгаатай асуудал үүснэ.
Нөгөө 4-н шил архиа гаргаад тавьчихлаа. Тэгсэн гүйгээд явчих юм. Би үнэхээр ядарч байсан учир за за энэ архиа хураа зүгээр би явах минь гэлээ. Тэгсэн чинь өө их томорч байна. Чи хууль зөрчлөө. Чамайг Европын холбооноос хөөлгөнө гэж байна. Тэгээ л гэлээ. Компьютер дээрээ очоод юм бичээд байна лээ. Хар данс нээсэн байх даа. Архи тээвэрлэсэн гэж. ккк. Тэгсэн ч эцсийн бүлэгт би үнэт ачаанууд бүрэн бүтэн авч гарах зөвшөөрөл авлаа.
Гараад ирэхэд охин, хүү, хань 3 маань инээн угтах үнэхээр сайхан.
Хүмүүс ээ, алс хол явахдаа над шиг ингэж битгий өөрийгөө зовоогоорой. Илүү ачаа, хориотой бараа, архи, тамхи, цагаан идээ, борц бүгд танд маш их асуудал үүсгэнэ шүү. Амар аялахыг хүсч байгаа бол зөвхөн зоос л сайтай байхад болно. За ингээд энэ урт тэмдэглэлээ дуусгая даа. Бага ч гэхнээ сургамж болж танд нэмэр болно хэмээн итгэж байна.
Ih adal yavdaltai aylal bolson bn.
Энийг уншсан чинь яг л хажууд тань хамт байсан юм шиг санагдчихлаа хэхэ. Паспорт шалгадаг хүмүүс уугаасаа тийм юм шиг байна ө. Францаас-Бээжин нисэх гэж байхад хятадын виз чинь хаана байгаан гээд гаргадаггүй тэгээд тайлбарлаад бараг 30 мин зогссон эвгүй санагддаг юм байна лээ. Хэзээ ч мартагдахааргүй аялал болсон байнадаа.
Энэ аялалаас их зүйл сурсаан. Одоо ямар ч байсан дахиж ачаагаа хэтрүүлэхгүй бас “үнэт ачаа” тээвэрлэхгүй л болтлоо л хаширсан даа.
Солонгос ч сайхан орон шүү. Европын орнуудаар явж үзчихээд надад Азийн орнууд л хамгийн гоё юм байна гэж яагаад ч юм бодогдсоон. Би бас анх Инчеон дээр буучихаад Сөүл рүү ганцаараа автобусаар явж байсан. Автобус нь буудал болгоноо Япон Хятад, Англи, Солонгосоор зарлаад л, харин англиар ярьдаг хүн жаахан ховор. Ганцаараа аялаад бараг сурж байна дөө.
“эцсийн бүлэгт үнэт ачаанууд бүрэн бүтэн авч гарах зөвшөөрөл” яг яаж авсан бэ гэдэг л их сонин байна даа кк
Аан би ч мөнгө төлсөн тасалбараа бариад л “Let’s to just human. I knew that I have too much vodka. But they are gifts. I paid for this. Please just to be human!” гээд л тавтаад байсан. ккк Тэгээд бүүр онгироод байхаар нь “Okay take all. You are very good worker. You doing your job perfect. I am very tired. Please give me freedom. Let me go!” гээд архиа орхиод ачаагаа ачаад явах гэсэн чинь за за тэрийгээ ав ав гэсэн.