Сайн байцгаана уу? Эрхэм Уншигчид аа,
Өнгөрсөн 2013 онд блогоор маань тогтмол зочлон санаа бодлоо хуваалцан, та бүхэнд зориулан бичиж байсан мэдээ мэдээлэлтэй танилцан, блогийн минь олон мянган тогтмол уншигчидын нэгэн болж байсан Танд баярлалаа.
Энэхүү блогийг хөтөлж цаг зав гаргадаг гол зорилго маань сурах, мэдэх чин хүсэлтэй бүх хүмүүст чадах мэдэхээрээ туслах, мэдээ мэдээлэл түгээх билээ. Өнгөрсөн онд сайн, саар олон л бичлэгийг блогоосоо уншлаа. Хүн гээч сэтгэлийн амьтан болохоор бие биендээ урмын үг, сэтгэлийн дэм хайрлаж явахыг энэ жил блогийнхоо бас нэгэн зорилго болгох бодолтой байна.
Энэ он бол миний хувьд олон зүйлийг шийдвэрлэх чухал жил билээ. Сайн санааны үзүүрт шар тос бий гэсэн ардын үгээ сэтгэлдээ тээсээр би өргөстэй замаар сайн гуталтайгаар алхаж санасандаа хүрнээ. Тэр бүхэнд Уншигч таны уран санаа, урмын үг их нөлөөлж дэм тус болсоор ирсэн тийм ч байна гэдэгт итгэж байна.
Амьддаа нэг нэгнээ урмын үгээр тэтгэж, хийж байгаа зүйлийг нь дэмжиж, бие биенийхээ сайн сайхан, гэгээлэг бүхнээс суралцан ухаалаг, амгалан орчинг бүрдүүлцгээе. Хорвоо уудам шүү дээ. Бидэнд хийх зүйл, явах орон зай хаа сайгүй олдоно.
Эхэлж байгаа 2014 он Танд, санасан бодсон сайхан бүхнээ бүтээх, сэтгэлийн тэнхээ, урам зориг, үнэнч анд, шудрага нөхөрлөл, сайн багш, сайхан хамт олон, халуун дулаан үгийг хэрэгтэй цаг бүрт таань илгээж байх болтугай хэмээн ерөөе! Хайрт хань, алаг үрсүүд тань ямагт таны дэргэд байж халуун ам бүлээрээ элэг бүтэн жаргалтай, эрүүл саруул байхыг хүсэн ерөөе!
Сайн үйлс дэлгэрч Номын цагаан мөр бүгдийг ариусгах болтугай!
Recent Comments