Жаргал гэж юу вэ?

Өглөө эрт сэргүүлгээр нойроо харамлан арай ядан өндийсөн ч босоод үр хүүхдийнхээ цайг бэлтгэн, дуудаж босгоод сургуульд нь явуулж, улмаар өөрөө ажилдаа гүйх. Орой ядарсан хэдий ч гэртээ баяртайгаар буцан цугларцгааж халуун ам бүлээрээ ширээгээ тойрон суух. Нэг хэвийн ч юм шиг бас заримдаа ядаргаатай ч юм шиг энэ л амьдрал ЖАРГАЛ ажээ…
Айхтар өвдлөө би. Шаналгаатай муухай өвдлөө. Одоо ч сайн эдгэрээгүй л байна. Гэвч блогийн байнгын зочид маань санаа тавин асуусан учир биеэ арай дээр болмогц л блогтоо өвдөж шаналан хэвтэж байхдаа байнга бодож байсан бодлоо хуваалцаж сууна.
Хүмүүс минь бид чинь ЖАРГАЖ байхдаа л жаргалтай байгаагаа мэддэггүй юм байна. Завгүй байх, үргэлж ачаалалтай байх, тэр бүхнээ амжуулан гүйж байх жаргал юм байна. Эрүүл бол жаргал гэж энгийн үгийг бид ямар амархан хэлдэг билээ дээ. Гэхдээ энийг биеэр мэдрэх өөр байлаа. Сүүлийн хэдэн жил өвдөх ч завгүй байсан юмуу даа, би. Гэнэт л айхтар өвдөв. Их ч зүйл бодлоо.
Сурах, гэгээрэх, боловсрох сонирхолтой бүх хүмүүст зориулсан энэхүү блог, интернэтийн энэ өөрийн орон зайгаа би оршин байгаа цагтаа орхихгүй гэж шийдсэн. Би өөрийнхөө чадлаар Эх орныхоо хүн болгоны боловсрол, мэдлэг, оюунд хувь нэмрээ оруулж гэгээлэг сайхан мэдээ мэдээллийг түгээсээр байх болноо.
Харин энэ блогийн мэдээ шинэчлэгдэхээ болих тэр цагт өөр олон ийм блог аль хэдий нь бий болсон байна гэдэгт би итгэж байна.
Нэрт яруу найрагчийн дэндүү үнэн үгээр энэ бодролоо дуусгая.
Хүмүүсээ, Амьддаа бие биенээ хайрла, Аливаа сайхан бүхнээ будаас бүү харамла…

8 comments to Жаргал гэж юу вэ?

  • Dee (erdenet)

    Бодох бодол гэдэг их чухал юмаа.. Таны ихэнхи нийтлэлүүд /бодрол/ бодох гэдэг үг их олон давтагдсан байхыг анзаарлаа.. Анзааржээ байхад аз жаргал гэдэг бодох бодол, амьдрал гэдэг бас л бодох, ер нь бодох гэдэг мөн чанар минь юмдаа.. одооо ч бодсооор … ДАРААГИЙН нийтлэлдээ “бодлын тухай” бодлоо бичвэл бас л гоё бодол гарах байхдаа гэж би бодож байна. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Сайн байна уу? Би олон ч удаа таны блогоор зочилж байлаа. Мэдээлэл уншаад л гараад явчихдаг байлаа. Харин энэ удаад миний аль хэдийнээ эчнээ таньдаг болсон багш танд эрч хүч, урам зориг хайрлахгүйгээр гараад явах зүрх хүрсэнгүй ээ. Миний хүсэл, мөрөөдөл таны хийж буй ажлууд юм шүү дээ. Таны хийсэн байгаа энэ их хөдөлмөр хэн нэгэн хүний бодож төлөвлөж буй мөрөөдөл нь байна гэхээр та одоо юу мөрөөдөж байгаа бол гэсэн бодол надад бас төрөөд байгаа юм. Би мөн л энэ сургуулийн багш. Яг юу мэдэж, чадаж байна тэр бүхнээ оюутнууддаа түгээхийг эрмэлздэг. Мэдэхгүй чадахгүй олон л асуудлуудтай тулгарч түүнийгээ давахын тулд үргэлжлүүлэн докторт суралцаж байна. Магадгүй энэ сургалтаа дуусгаад дахиад сурах л хэрэгтэй гэж өөрийгөө дүгнэж сууна. Бэрхшээл тохиолдох бүрт эрч хүчтэй бүсгүйчүүдийнхээ оюун бодол, сэтгэгдэл, тэмүүлэлийг уншиж цаашдын нөөц эрчим хүчийг олж авах юм. /ялангуяа таны/. Миний блог бол өөрийн эрэгцүүлэлээр дүүрэн байдаг. Харин таных бол Монгол залуусыг сургах чин хүсэл, баялаг мэдээллээр дүүрэн байдаг. Танд амжилт хүсэе! Благодарю от всего сердца!

    • SGK

      Амар сайн байна уу? Та. Цаг заваа гарган блогт минь айлчилж байдагт баярлалаа. Бас өөрийн санал бодлоо хуваалцан, урмын үг хайрласанд баярлалаа. Манай сургууль олон сайн багштай гэж би боддог. Үүний нэг баталгааг та надад үлдээлээ. Багш хүн ямагт сурч байх ёстой байдаг амаргүй ажил. Бас өөрийн хувийн амьдралын асуудал бэрхшээлээс хамааралгүй хүний хүүхдийн төлөө зүтгэх сэтгэлийн бэлтгэлтэй байх ёстой байдаг нарийн сэтгэл зүйн ажил. Энэ бүгдийг хослуулан амжилттай ажиллаж байгаа Багш танд баяр хүргэе. Ийм сайхан зүтгэлтэй, сэтгэлтэй багш нар байгаа цагт манай сургууль, монголын боловсрол өөдөлнө гэдэгт би итгэлтэй байдаг. Танд улам их амжилтыг бас эрүүл, эрч хүчтэй байхыг чин сэтгэлээсээ хүсье.

  • Нандин

    Биеэ сайн бодоорой багш минь 20 гаруй жил зааж сургасан шавь нар нь таньтайгаа хамт шүү.

    • SGK

      Эхнийхээ үеээ бодоход дээрдэж байгаа. Санаа тавьсанд баярлалаа. Өвдөх өдрүүд байхад эдгэрэх сайхан өдөр ирнээ гэж итгэж сууна.

  • Garamkhand

    Би жаргахын төлөө зүтгээд л байдаг хараахан жаргаагүй байгаа юм шиг л сэтгэж явдаг. Таны бодлыг уншаад нэгийг бодож сууна. Хүн хэлэхээс нааш ёанахгүй юм да. Баярлалаа танд дандаа ухаарал хайрлаж байдагт.
    Эрүүл энх, аз жаргалыг хүсье.

    • SGK

      Аз жаргалаа атгасан хүн галзуу мэт аашилдаг гэнэ лээ шүү. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жаргах тусмаа хүн жаргалаа зовлонг болгоход улам бэлэн болж жаргаж байгаагаа өөртөө сануулж байхгүй бол мартчихдаг гэсэн. Тэгээд өөрөө ухаарахгүй бол энэ мэт надад тохиолдсон зүйл болдог байж магад юм даа гэж би бодсон. Би ч бас жаргах гээд л зүтгээд байна гэж санаж байснаас үнэхээр жаргалтай байгаагаа мэдрээгүй байсан. Одоо бол хичнээн өвдөж байгаа ч ухаан суулгаж байгаа энэ бэрх өдрүүдийг хүлээн зөвшөөрч сууна даа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>