Юу таныг амжилтанд хүргэдэг вэ?

Амжилттай байхыг хүсдэггүй хүн гэж үгүй байхаа. Харин тэр болгон бүх зүйл амжилттай бүтээд байдаггүй билээ.

Залуу хүмүүсийг ажиглаад байхад амжилтыг өөрөө л хүрээд ирдэг юм шиг төсөөлдөг бололтой. Мөнгө санхүүгийн талаар хэрхэн амжилттай байдгийн нууцыг би мэдэхгүй ч мэдлэг боловсрол, сурах бүтээхийн хувьд амжилттай байхын нууцын зах зухаас гадарлана гэж бодож байна. Саяхан нэг судлаач залуу Та их амжилттай, бүх юм чинь сайхан бүтэж байгаа харагддаг надад, гэж хэлсэн нь энэхүү бодролыг бичихэд хүргэлээ.

Хэрэв би Танд амжилттай сайхан харагдаж байгаа бол тэр бүхний ард хүрэх гэж зорьсон олон арван зорилго бас бодол байдгийг хэлмээр байна. Багаасаа л би их мөрөөдөмтгий охин байсан. Мөрөөдөл маань эцэг эхийн сайн охин байхаас эхлэн улмаар ангийн тэргүүний сурагч байх, явж очсон сургуулиа амжилттай, хугацаанд нь дуусгах, төгсөж ирээд ажилд орох, ажлаа сайн хийх, улмаар дахин давтан суралцах гэж өөрчлөгдөн хөгжсөөр эх орондоо, хүн арддаа хэрэгтэй нэгэн байж явсан газар орон бүртээ Эх орныхоо нэрийг өндөрт өргөх хүртэл том мөрөөдөл болон тэлсэн билээ. Энэ мөрөөдөл бүр бодолтой минь хүчтэй холбоотой байдаг. Ямар нэгэн бодол санаанд орж ирсэн бол тэр бодлоо биелүүлэхийн тулд би өөрөөсөө хамаарах бүхнээ хийдэг. Болбол тэр бодлоо гүйцээж мөрөөдөлдөө хүрэх гэж хичээнэ. Хэрэв болохгүй бол Би чадах бүхнээ хийсэн дээ гэтлээ л зүтгэдэг. Намайг тосон байдаг сайн хүмүүс, амжилттай сайхан өдөр бүрийг би энэ бүх зүтгэлийн минь үр шим хэмээн Бурханд талархан хүлээн авч улам ихээр мэрийдэг. Нэгэнт л зорьсон зорилго, бодсон бодол, хүссэн мөрөөдөл байгаа бол тэрийгээ хэзээ ч битгий хаяарай.

Зорилго өөрөө бүтэхгүй, мөрөөдөл өөрөө биелэхгүй, амжилт өөрөө ирэхгүй!!! Хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ хадгалан, хөдөлмөрлөх хэрэгтэй. Цаг хугацааг ашиглан зогсоо чөлөөгүй зүтгэх хэрэгтэй. Тэрнээс биш эхний бэрхшээл тааралдахын төдийд ухран няцах аваас та Амжилт гэдэг Хатагтайтай хэзээ ч учрахгүй. Тэр тусмаа, бодсон санасан маань бүтэхгүй байна гээд мөрөөдөл, хүслээ хаях бол бүүр буруу. Тэр эрхэмсэг Хатагтай зөвхөн тууштай хүмүүсийг л дэмждэг санагддаг. Дэмжихээ хүрэхээр их сайн дэмждэг байх. Гэхдээ тэр цэг хүртэл Та хүсэл мөрөөдлөө гээлгүй асар их хүч гарган зүтгэсээр л байх ёстой. Ядаж бодлоо орхиж болохгүй. Сэтгэлд уяатай бодол хэзээ нэгэн цагт заавал биелдэг санагддаг.

Таныг амжилтанд хүргэдэг хамгийн гол ХҮЧ бол Таны бодол, хүсэл мөрөөдөл юм шүү. Таны сэтгэлээс уяатай бодол таныг хөдлөхөөс, хөдөлмөрлөхөөс, сурахаас, зүтгэхээс аргагүй байдалд хүргэнэ. Бага багаар, тогтмол хөдөлмөрлөж, сэтгэлдээ бодлоо тээсээр явах нь Амжилтыг олох нэгэн зам гэж би бодож байна.

Таныг Амжилтанд таны эцэс төгсгөлгүй хүсэл мөрөөдөл, бодол тэмүүлэл хөтлөн хүргэх болно. Хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилээ хэзээ ч битгий орхиорой.

4 comments to Юу таныг амжилтанд хүргэдэг вэ?

  • Dee (erdenet)

    Энэ бодролуудыг тань унншихад нээх сайхан халуун өдөр ам цангаж яваад хүйтэн ус /ундаа/ саадгүй залгилах тэр л хэрэгцээт мэдрэмж шиг санагдах юм. Энгийн ойлгомжтой бичих юм… амжилт. би анхнаасаа шутис-д ордог байжээ ккк

  • Gami

    Баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Надад ч гэсэн маш их хүсэл мөрөөдөл байгаа. Таны хэлдэг яг үнэн. Хэрвээ би ямар нэгэн мөрөөдөл дотороо тээж явах юм бол хэзээ нэгэн цагт биелдэг юм байна. Миний ч бас багын мөрөөдлүүд нэг нэгээрээ биелсээр л байгааг би өнөөдөр амьдралаа эргээд харахдаа мэддэг. Би том их сургуулийн багш биш, мундаг эрдэмтэн ч биш гэхдээ ийм болохыг мөрөөддөг, мөрөөдлөө биелнэ гэдэгт ч итгэдэг. Би танаар хичээл заалгаж үзээгүй ч үргэлж багшийн хэмжээнд хүдэлж, үлгэр дууриал авахыг хүсдэг. Дандаа ийм сайхан ухаарлын хэсэг оруулж байгаарай. Нээрээ та энэ өөрийн бодролуудаа цуглуулаад ном болгож гаргавал ямар вэ?

    • SGK

      Ахадмаар урмын үгс байна. Ном гаргах ч хаашаа юм. Ер нь файл болгож авч үлдэх зөв санаа өглөө. Баярлалаа. Бодролуудаа би сэтгэлийн хэмнэлэлээрээ шууд блогтоо бичдэг болохоор надад файлаар байдаггүй. Зав гаргаад энэ амралтын өдрүүдээр файл болгож авнаа.
      Блогоор маань зочилж бодол саналаа хуваалцаж байдагт баярлалаа. Залуусдаа хандсан сэтгэлийн минь хаалга үүгээр дамжин нээгдэж байдаг. Хаалгаараа орж ирсэн хүн болгонд чадлаараа дэм, урам өгөхсөн гэж боддог. Хүн сэтгэлийн амьтан учир, сэтгэл өөдрөг цагт хорвоо өнгөлөг сайхан харагддаг. Иймээс би хүмүүсийн сэтгэлийн гэгээг нэмэхийг хичээж явдаг даа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>