2015 он.
Цаг хугацаа хичнээн хурдан болохыг жил ирэх тусам улам гүнзгий мэдэрдэг болоод байх шиг. Нас маань зуугийн тал руу хурдтайгаар ойртож байгаагаас тэр юм болов уу? Найз нөхөд минь бүгд эмээ, өвөө болчихоод тэр юм болов уу? Намайг тойрсон багш нар бүгд шахам надаас дүү залуучууд болоод тэр үү? Хийх гэж төлөвлөсөн зүйлс маань их хэдий ч санаснаараа амжуулахгүй байгаадаа тэр үү? Яадаг ч байсан цаг хугацаа үнэхээр хурдлан нисэж байгааг л маш сайн ойлгож байна.
Шинэ ондоо багтан ажил төрлөө эмхлэн дүгнүүллээ. Өнгөрсөн 2014 он миний хувьд, гэр бүлийн минь хувьд азаар, амжилтаар дүүрэн байсаан. Намайг, гэр бүлийг минь дэмжин тусалж байсан, ээж, ах дүүс, найз нөхөд, хамт олон, гадаадын олон нөхөддөө маш их талархаж байгаагаа дотроо давтан давтсаар хуучин оноо үдлээ.
Шинэ оны эхний өглөө босоод хамгийн түрүүнд гарчигласан сэтгүүл дээрээс сэтгэл судлаач Н.Ганбаатар гэдэг залуугийн бичсэн олон сайхан сургамжит үгсүүдийг уншив. Тэдгээрээс хэд хэдэн үгс сэтгэлд бууж үлдсэнээс дурдвал: “Буруу юм бол буруу л байдаг. Хичнээн олон хүн дэмжиж байсан ч буруу юм бол буруу байдаг. Зөв юм бол зөв л байдаг. Хичнээн цөөхөн хүн дэмжиж байсан ч зөв юм зөвөөрөө л үлддэг. Иймд хичнээн хол явсан байсан ч буруу гэдгийг ойлгосон бол эргэж яваад дахин шинээр эхлээрэй” гэж бичсэн үгийг би бодсоор л байна.
Бид энэ хорвоод амьдрахдаа буруу зөвийг хослуулан хийсээр л явдаг. Буруу гэдгээ мэдсээр байж хийх эсвэл давтан хийх үнэхээр таагүй зүйл. Бид угаасаа зөв сайхан амьдрах гэж хичээсээр насыг бардаг мэт санагдана. Иймд ирэх жилдээ би хичнээн хүн эсэргүүцэж байсан ч зөв гэж бодсон зүйл дээрээ тууштай байхыг хичээх юм сан гэж бодож сууна. Гэвч миний хувьд зөв зүйл бусдын хувьд буруу санагдахыг үгүйсгэх аргагүй. Тэглээ ч өөрийн бодол өөртөө зөв гэж үг бий. Ингэхээр зөв бурууг дэнслэн зөв дуугарч, зөв шийдвэр гаргаж, зөв явахын төлөө шинэ ондоо мэрийнээ.
Шинэ оны ажлын эхний энэ өдөр миний блогийг уншдаг бүх Уншигчиддаа, оюутнууддаа, төгсөгчиддөө, найзууддаа талархаж байдгаа илэрхийлж, шинэ ондоо санасан сайхан, гэгээлэг бүх хүслээ биелүүлэхийн Өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Танд урам нэмэж, сурах, хийх бүтээх хүслийг бага ч гэхнээ өдөөж чадаж байдаг аваас миний энэ блогийг утга учир, ач холбогдол биелж байгаа нь тэр шүү. Та нартаа зориулан үүсгэж байгаа “Насан туршийн суралцагч” ТББ-аа түшиглэн Уншигчиддаа хандсан, нийгэмдээ хандсан олон үйл ажиллагааг хийхээр би хичээх болноо.
Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.
Шинэ он танд зөвхөн амжилтыг авчрах болтугай.
Tanii ajild ni amjilt amidrald ni sn sxniig husey!
Tand shine onii mend hurgei. 2015 on bid buhnii huvid amjiltaar duuren on baih boltugai. Zuv amidraliin tuluu uragshaa… 🙂
Сайн байна уу? Багш аа Шинэ оны мэнд хүргэе. Таны цаашдын ажилд амжилт хүсэж, гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Хүндэтгэсэн: Б.Гантулга
Шинэ оны мэнд, сайхан нийтлэл болжээ. Таньд бас амжилт хүсье.
Баяраллаа