Энэ уриаг биднийг хүүхэд байхад дунд сургуулийн бараг анги болгонд байршуулсан байдаг байсан сан. Ленин гэсэн нэртэй холбогдон энэ үгийг бидэнд тайлбарлаж тэр хүн хэрхэн хүүхэд байх цагаасаа эхлэн эрдэм номонд шамддаг байсныг ярьж өгдөг байлаа. Социализм гэдэг зүйл нуран унасантай холбоотой эрхэм Ленин багшийн УБ-т байтугай Монгол улс даяар байсан том жижиг хөшөө дурсгал, баримлыг үгүй хийхдээ энэ уриаг ч бас устгасан буй заа. Сүүлд лав харагдахаа байсан.
Гэхдээ би хувьдаа энэ уриаг насаараа мөрдсөөр өдий хүрч явна. Буруудсан зүйл алга. Сурсан эрдэм бүхэн хэрэг болно сураад бай гэж аав маань хэлдэг байсан. Утга санаа нэг санагдаж байна.
Манайхан аливаад туйлшрахдаа сайн улсууд социалзмыг халахдаа тэнд байсан бүх сайн сайхан зүйлсийг хамтад нь үгүй хийжээ. Социализмын үед лав хурууний хээ, нүдний цөцгийгээр цагийг бүртгэдэггүй байсан байх. Ямар ч шатны сургалт үнэгүй байсан хэдий ч танхимд сурагчид, оюутнууд дүүрэн суух бөгөөд бүгд суралцах чин тэмүүлэлтэй байсан байх гэж бодож байна. Гэтэл одоо юу болж байнаа… Социализмд ч байгаагүй ажлын байрны дарангуйлал, худал хуурмаг байдал, залхуурал улам ихээр нүүрлэсэн санагдаж байна. Бид өнгөрснөөсөө суралцмаар бус уу…
Би л хувьдаа сайн сайхан болсон ч саар таагүй юм болсон ч түүнээсээ буюу өөрийнхөө бусдын амжилт, алдаанаас суралцахыг хичээсээр ирсэн. Сурах бол миний хувьд баяр баясгалан байдаг. Ийм ойлголтыг аль болох олон хүнд хүргэхсэн гэж хичээж мэрийж явдаг. Хичээлээ зааж байхдаа ч энийг сурчихвал хэзээд хэрэгтэй гэж оюутнууддаа ойлгуулах гэж хамаг эрч хүчээ зарцуулдаг. Тэгээд түүндээ өөрөө сэтгэл ханаж улам ихийг сураад бусдад хүргэхийг хичээдэг.
Энэ бүгд магадгүй хар багаасаа л СУР СУР БАС ДАХИН СУР гэсэн энэ уриаг зарчимаа болгосны тус байж болох юм. Тэгэхээр хуучин цагт байсан бүхэн муу биш гэдэгтэй бид эвлэрч хуучин цагийн сайн сайхан зүйлээ эргээд сэргээх хэрэгтэй санагдаж байна.
Хүмүүсээ ядаж энэ уриаг сэргээе л дээ. Хэн хэлсэн байх нь хамаагүй… Энэ бол үнэн зөв санаатай сайхан уриа. Би хувьдаа энэ блогийнхоо уриаг СУР СУР БАС ДАХИН СУР болгохоор шийдлээ.
Та юу гэж бодож байна? Надтай санал нэг байна уу? Өөр хуучин цагаасаа юуг сэргээвэл одоо цагт туслах бол?
Recent Comments