Нэгэн насанд юу эсэхийг үзэх билээ гэж хүмүүс ярьж байгааг зөндөө л сонсож байлаа. Нэг их юм бодолгүй сонсоод л өнгөрдөг байсан. 1-р сарын сүүлээс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа дэлхийн нийтийн төлөв байдал буюу айхтар цар тахалын улмаас энэ үгний учрыг би одоо л ухаж байх шиг…
Нэгэн насанд ёстой л юу эсэхийг үзэх билээ дээ…
Тахал гэж өмнө нь ном зохиол, киноноос л уншиж харж байснаас яг үнэндээ юу болохыг төсөөлөө ч үгүй явж. Дэлхий хэмээх гарагийн Иргэд биднийг бүгдийг хамарсан, шашин шүтлэг, яс үндэс, хөрөнгө мөнгө, боловсрол хүмүүжил, нас хүйс эс хамааран давалгаан хөмөрч авч байгаа энэ үйл явдлыг үгээр бичиглэн үлдээх ч амаргүй аж.
2020 оны 1-р сарын сүүлээр Хятад улсад айхтар өвчин гарсан тухай яригдаж эхлэв. Удалгүй Хятад нэгэн том хотоо хүн амтай нь хаачихлаа. Шинж тэмдэг нь 14 хоногт илэрдэггүй айхтар өвчингөөс эмээсэндээ 2-р сарын 10д Английн Оксфорд хот руу том хуралд яваха байсанаа би болив. Тэрхүү айхтар өвчнийг биендээ тээж яваа ямар нэгэн хүнтэй таарчихвал би ч тэрийг гэртээ чирээд ирэх вий дээ гэж эмээсэндээ би тэр амаргүй шийдийг гаргасан. Энэ надад маш шинэ зүйл байлаа.
Айхтар өвчин ахьсаар 2-р сарын эхээр Герман улсад ч орж ирлээ. Овоо тоо нь өсөхгүй байж, Германчууд ч тоохгүй байсаар л байв. Гэтэл Италид тэрхүү өвчин бий болсноор Европод хэдхэн хоногийн дотор халдварын тоо маш хурдацтай нэмэгдэж эхлэв. Өчигдөр биднийг гэрээсээ ажиллаж болно хэмээн албан ёсоор зөвшөөрөв. Би өнөөдөр гэрээсээ ажиллаа.
Энэ вирус юуг илрүүлэв? Миний бодлоор энэ нөхцөл байдал маш олон зүйлийг ил тод болгож байна.
- Хувь хүний дотоод ертөнцийг бусдад таниулж байна
- Тухайн хүний ертөнцийг үзэх үзэл бодол харагдаад байх шиг
- Улс төрчидийн чадварыг харуулж байна
- Үндэстэнгүүдийн ялгааг тодруулж байна
- Арьсны өнгөөр ялгаварлах үзэл байсаар байгааг тодруулав
- Дэлхийг бүх улс орон бие биенээсээ хамаарах болсныг нотлов
- Цахим ертөнцийн эрэлт хэрэгцээг батлав
- Мөнгөтэй байлаа ч алдартай байлаа ч ийм зүйлийн өмнө бүгд ижил болох нь нотлогдов
- Чөлөөт цагаа зөв ашиглаж сураагүй хүмүүс бухимдалд орж байх шиг
- Суралцах дуртай хүмүүст таатай нөхцөл үүсч байх шиг
- Хувь хүмүүс ариун цэвэртээ илүү анхаарч сурч байх шиг
- Эдийн засгийн цоо шинэ ирэн эхлэх дохиог өгч байх шиг
- Удирдагч хүмүүсийн мөн чанарыг харуулж байна
- Гэр бүлийн дотоод уур амьсгалыг ил тод болгож байна
- Амиа хичээх үзэл ямар түвшинд байгааг нийтэд нь харуулах шиг
- Хүмүүнлэг байх гэж юу болохыг жинхэнэ утгаар нотолж байх шиг
энэ мэт олон зүйл бодогдож байна…
Аюулт өвчин хурдан намжиж дарагдан алга болох болтугай гэж бодсоор сууна…
Recent Comments