Талархал

Сайхан мэдээ надад байна. Эхлээд хэрхэн баярлах ёстойгоо ч мэдэхгүй хэдэн өдөр боллоо. Одоо энэ мэдээг бусадтай хуваах нь зөв юм байна гэж бодоод өөрийнхөө блог дээр гаргахаар шийдлээ.

Shlumberger Foundation гэдэг тэтгэлгийн сан байдгийг би интернэтээс олж мэдсэн юм. Англи хэлний мэдлэг минь дээшлэхийн хирээр гадаадын хөгжилтэй орны нэртэй сургуульд очиж судалгааны ажил хийх боломж байдаг юм байна, ийм ажлыг гадаадын олон нэртэй том компаниуд ивээн тэтгэдэг юм байна гэдгийг олж мэдсэн юм. Тэгээд сүүлийн 2 жил шахам интернэтээр үүнтэй холбоотой мэдээллүүдийг мөрдөж судлан өөрийнхөө материалыг илгээсээр байлаа. Гэтэл нэгэн зэрэг 2 сайхан боломж миний өмнө нээгдсэн юм. Үүний хамгийн том нь АНУ-н газрын тосны томоохон компани болох Shlumberger компаний эмэгтэй эрдэмтэдэд өгдөг Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж Монголоосоо анх удаа энэ тэтгэлгийг авсан явдал боллоо. Миний судалгааны чиг хандлага, ирээдүйн төлөвлөгөө болон өнөөдрийг хүртэл хүрсэн үр дүн хийсэн ажил тэр тусмаа багшилсан он жилүүдийг минь өндрөөр үнэлэн надад энэхүү том тэтгэлгийг сонгон олгосон Shlumberger Foundation Faculty for the Future байгууллагийханд талархаад баршгүй. Энэ бол зөвхөн надад өгч байгаа итгэл биш миний эх оронд үзүүлж байгаа боловсролын хөрөнгө оруулалт, манай Монголын эмэгтэй эрдэмтэдийг дэлхий өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо хэмээн би бодож байна. Энэ баярт мөчөө намайг дэмждэг тусалдаг бүх хүмүүстэй хуваалцмаар байна.

  • Намайг ийм амжилтанд хүрэх эх үүсвэрийг тавьж өгсөн намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлаж байна. Тэд маань хэдийгээр тэнгэрт байгаа ч хэнз охин намайгаа аварч энэрсээр байгаагийн илрэл хэмээн би үзэж байна.
  • Үргэлж дэргэд минь байж намайг хайрлаж, хүндэлж ухаан нэмэж, итгэл өгч байдаг хайрт хань Оюунбатдаа, хүү Гантогоо, охин Оюунчимэг, ээж Лхамжав, эгч Дарьсүрэндээ баярлаж байна.
  • Мөн намайг өдий зэрэгтэй явах үндэс суурийг тавьж өгсөн нийслэлийн 72-р сургуулийн Далай багштай 8б болоод 10б ангийхандаа баярлаж байна.
  • Эрдмийн их аянаа эхэлсэн эргэж очиж Докторын зэргээ хамгаалсан төрөлх сургууль, ОХУ-н Новосибирск хотын Техникийн Их сургуулийн нийт хамт олон, өөрийн удирдагч багш Гадаад харилцааны Проректор Цой Евгений Борисович, Автоматикийн факультетийн Профессор Гриф Михаил Геннадьевич нартаа баярлаж байна.
  • Гадаад харилцаагаа тэлж англи хэлээ сайжруулан энэ амжилтыг гаргахад хамгийн том тус хүргэсэн ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургуулийн Профессор Карл Хайнз Егер болон түүний гэр бүлийхэнд талархаж байна.
  • Энэ тэтгэлгийн хүрээнд очиж ажиллах ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургуулийн Компьютерийн сургуулийн захирал, Профессор Вольфрам Хардт болон намайг дэмжин ажилладаг хамт олонд нь талархаж байна.
  • Эцэст нь хамгийн том талархалыг миний бүх шавь нар болон намайг дэмжиж урам өгч байдаг ах дүүс, найз нөхөддөө хүргэж байна.

Энэ бүгдийн дараагаар тусгай нэгэн талархалыг хэлмээр байна. Энэ бол миний сургууль ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИЙН нийт хамт олон, захирал Профессор Х.Энхжаргал нарт хаяглаж байна. Сургуулийнхаа нийт багш, ажилчид, оюутан шавь нартаа БАЯРЛАЛАА.

Энэ тэтгэлгийг он удаан жил багшилж байгаа эрдэмтэд өгдөг бөгөөд намайг багш болно хэмээн итгэл өгч энэ сургуульд хүлээн авсан тэр үеийн удирдлага, тэнхимийн эрхлэгч нартаа баярлаж байна. Та бүхний гаргасан шийдвэр надад өгсөн итгэл зөв байсныг ийнхүү баталж чадсандаа баяртай байнаа. Хэрэв би багш байгаагүй бол энэ тэтгэлгийг авах боломжгүй байсан билээ. Иймд Нарт ертөнцөд байхгүй Нандин сайхан мэргэжил эзэмшсэн бусад нийт багш нартаа Та бүхэнд ч гэсэн өргөн боломж бий шүү, мөрөөдөл өвөрлөн эрж хайгаарай хэмээн уриалмаар байна.

2 дахь тэтгэлгийг ХБНГУ-н хөрөнгө оруулалттайгаар явагддаг Азийн орнуудад зориулсан зайн сургалтын чиглэлээр авсан билээ. энэ боломжийг надад олгосон Ч.Цэцэг-Өлзий захиралтай “Цахим Мэдлэг” ТББ-н нийт хамт олонд баярласан талархсанаа илэрхийлмээр байна.

http://www.facultyforthefuture.net/ энд дарж Shlumberger сангийн тухай нэмэлт мэдээлэл авч болно. Энэ тэтгэлэг жил бүр явагддаг учир танд ч гэсэн боломж бий шүү.

http://www.mongolcampus.org/ энд дарж Цахим Мэдлэг ТББ-н талаар нэмэлт мэдээлэл авч болно.

26 comments to Талархал

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>