Саяхан надад маш хэцүү өдрүүд болж өнгөрлөө. Хүний амьдралд тааж болшгүй, бас бултаж зугтаж болохгүй олон юм давхцаж болдогийг биеэрээ тууллаа.
2011 оны 5-р сарын 27-ны тэр Баасан гарагийг мартахад бэрхтэй. Олон зүйл өмнөөс төлөвлөгдсөн тийм л нэг ажлын завгүй өдөр байлаа. Эртнээс тогтсон зайнаас суралцдаг Магистр оюутнууд тэр өдөр онлайн тестээр шалгалт өгөх ёстой байлаа. Ийм өдөр ихэнхдээ миний утас маш их ачаалалтай байдаг юм. Мэдэхгүй олон дугаараас шалгалт болохгүй байгаа, эсвэл интернэтэд орох боломжгүй байгаа тухайгаа олон арван оюутнууд мэдээлдэг байв. Мөн тэр өдөр нэг багшийнхаа хамт бид УБИС-с зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихаар уригдсан байлаа. Хурал дээр сууж байхад олон мэдэхгүй утаснаас над руу залгасаар байлаа. Би утсаа авахгүй боломжгүй учир ирсэн дугаар болгон руу “Хуралтай байна” хэмээн бичсээр суулаа. Тэгээд хурал завсарлах үеэр утсаа шалгавал нэг дугаараас маш олон залгасан байсан юм. Их л чухал байж таараа гэж бодоод тэр дугаар руу залгалаа…
“Яагаад утсаа авдаггүй юм бэ? Муу эгч чинь нас барсан байна” хэмээн уйлсаар авга эгч маань намайг зэмлэн утасны цаанаас дуугарлаа! Гэгээн цагаан өдөр үүлгүй тэнгэрт аянга ниргэх мэт би зогтусч дахин лавлаж ч чадалгүй утсаа унагалаа. Унасан утсаа аваад залгах гэтэл утасны маань цэнэг дуусаж яриа тасарсан байлаа. Нүд харанхуйлж, хамар руу ямар нэгэн юм цоргиж, дотор салгалж хаачихаа, яахаа ч мэдэхээ байчихав. Эргэн тойрон танихгүй хүмүүс, хуралд оролцоод завгүй гүйлдэнэ. Цайны завсарлага дууслаа. Та одоо орж илтгэлээ тавь, хэмээн намайг дуудлаа… Би дуугарч ч чадсангүй ариун цэврийн өрөөг нь хайж арай гэж олж ороод чимээгүйхэн мэгшин уйллаа… Хэдхэн хором гашуунаар уйлсан нулимс маань надад жаахан ч гэсэн сэхээрэх боломж олгосон юм. Би одоо яах ёстой вэ? Дуулсан мэдээгээ хэлээд гарч явах уу? Тэсээд илтгэлээ тавих уу? Энэхэн хоромд их л юм бодогдсон.
Та миний оронд байсан бол яах байсан бэ? Өглөөнөөс өдөр болтол хүлээн суусан гадаад дотоодын олон хүний өмнө тавих илтгэлээ хаяад гарах байсан уу? Эсвэл юу ч болоогүй мэт илтгэлээ тавих байсан уу?
Намайг яасан бол? хэмээн бодож байна уу?
Ариун цэврийн өрөөнөөс би нулимсаа арчиж гарч ирээд шууд л бүгдийн өмнө гарч илтгэлээ тавьсан. Тэр 10-н минутанд би өмнөх дуулсан мэдээгээ худлаа байсан байгаасай л гэж бодсоор байлаа. Минйи энэ алхамыг хүн болгон өөрийнхөө ойлгох байх бас дүгнэх байх. Тэр үед надад өөр аргагүй байгаа мэт санагдсан. Гэхдээ одоо бол би бас өөрийгөө буруутгаж л сууна. Яриагаа дуусгаад суух гэтэл уйлчих гээд чадахгүй байсан. Тэгээд хамт байсан багшдаа учрыг бичсэн цаас өгөөд би гарч явсан. Машин руу гаа явж байхдаа би уйлсаар л байлаа. Гудамжинд өнгөрөх хүмүүс над руу гайхсан харцаар харж байсан хэдий ч надад тэр ер хамаагүй санагдаж байлаа.
Би маргааш нь л .mn хандалттай бүх серверийн интернэтийн гарц яг тэр өдөр тасарсаныг олж мэдсэн юм. Магистр оюутнууд маань шалгалтаа өгч байхад нь, эсвэл өгөх гээд орох гэхэд нь манай сургуулийн сайт ерөөсөө нээгдэхгүй байсан байгаа юм! Энэ бол улиралын төгсгөлийн шалгалтаа өгч байсан тэдний хувьд яг л миний утсаар авсан мэдээ шиг маш муу мэдээ болсон байсан байж таараа. Тэд маш ихээр сандарч над руу залгах гэхээр утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байсан байгаа. Бас л тэд нарт хатуу цохилт болж байгаа нь тэр.
Аан тийм бас тэр өдөр гэрийн компьютер маань ажиллахгүй байсан. Дараа нь форматласан ч одоо болтол сайнгүй л байна.
Эгч маань гадаадад байсан учир бид тэр дороо гүйж очиж чадахгүй байсан нь хамгийн хэцүү байлаа. Бид тийшээгээ явахын тулд виз авч бас онгоцны тасалбар олох ёстой байлаа. Гэтэл тэр өдөр Баасан гараг байсан учир элчин нээгдэхийн тулд дахин 2 өдөр хүлээх хэрэгтэй болсон!
Бурхан минь! Нэг өдөр ийм олон боломжгүй зүйл давхцаж болдогийг би анх удаа үзлээ. Тэр өдөр надад амьдрал гэж ер юу юм бэ? Бид яах гэж төрдөг юм бэ? Юуны төлөө амьдардаг юм бэ? Амьдралд ер утга байна уу? Юу нь хамгийн чухал юм бол? гээд л есөн зүйлийн юм бодогдож цаашид амьдрах сэтгэлийн хүч хүрэхгүй мэт санагдаж байлаа.
Цаг хугацаа гэдэг маш мундаг эмч билээ. Тэр өдрөөс хойш 9-н өдөр өнгөрчээ. Огт боломжгүй санагдаж байсан зүйлс эргээд бага багаар байрандаа орж байна. Гэхдээ л хайртай эгчийгээ л дахиж харж болохгүй гэсэн гашуун үнэн хэвээрээ үлдэж байна. Бурхан миний эгчийг авч хэзээд чадахаас хойш нэг л сар хүлээчихсэн бол 5-н жил уулзаагүй охиноо бас зээгээ эгч маань ядаж хараад тэнгэрт халих байсан юм. Гэвч ийм цаг ирэхэд бид сонголтыг хийдэггүй билээ. Бид хэзээ буцахаа мэдэхгүй. Тиймээ, иймд алдарт яруу найрагчийн хэлсэн шиг “Амьддаа бие биенээ хайрлах” хэрэгтэй гэдгийг ойлгож авсаан.
Хайрт эгч минь, тэнэг, хувиа хичээсэн дүүгээ уучлаарай! Өөрийн амьдралдаа түүртэн таныгаа бага хайрлаж, тандаа бага анхаарал тавьж байсанд, тань руугаа өдөр болгон ярьж байгаагүйд дүүгээ уучлаарай. Та минь бурханы оронд заларч амар амгаланг олсон гэдэгт би итгэлтэй байна.
Хүмүүс минь миний алдааг битгий давтаарай. Хайртай хүмүүсээ дэргэдээ үүрд биш гэдгийг ойлгож тэдэндээ өөрийн хайраа харуулж илэрхийлж байгаарай. Бурхан тэднийг минь аваад явсаны дараа араас нь хичнээн залбирч, мянгатаа зул өргөж, маань уншаад ч сэтгэл тань амрахгүй. Та өөрийгөө зэмлэсэн, буруутгасан зовлонгоо тээсээр цаашаа явна. Иймд одоо л амьд дээр нь амжиж, хайрлаж, халамжилж, байгаа бүхнээ тэдэндээ зориулаарай!
Төгсгөлд нь энэ хэцүү өдрүүдэд байнга сэтгэлээр дэмжиж, мессеж бичиж, мэдээлэл үлдээж байсан бүх шавь нартаа баярлаж талархсанаа илэрхийлье!
Хүмүүс ээ? Амьддаа бие биенээ хайрлая!
Аливаа сайхнаа бусдаас бүү харамлаарай!
Үнэхээр харамсалтай юм болжээ. Жаргал зовлон ээлжилдэг хорвоо юм даа.
gun emgenel ilerhiiliy bagshaa. ta hamgiin mundag ni shuu. deeer helsen bichsen ugsiig tani urgeljid sanaj heregjuulj ywnaa.
Сэтгэлийн шаналал харууслыг минь хуваалцсанд баярлалаа.
Та хэлсэн багшаа мундаг хүнд л problem ирдэг гэж. Гэхдээ маш харамсалтай юм болж.
Асуудал хэний ч ялгахгүй ирнэ. Харин ирсэн үед нь хэрхэн түүнийг даваж гарах вэ? гэдэг хүн бүрт өөр буй заа.
Багшаа гүн эмгэнэл илэрхийлье. Таны захисан үгийг сайн санаж явнаа.
Сэтгэлийн дэм өгсөнд баярлалаа. Гэхдээ л өөрийгөө буруутгаад л байна.
багшаа та өөрийгөө буруутгах хэрэггүй ээ..харин ч та энэ бүх байдалд шантралгүй зоригтой тэвчээртэй байж чадсан байна…
Буруутгаад л байна даа…