Удахгүй цагаа болох нь ээ… Цагаан сар дөхөх тусам эх орноо, гэр бүлээ санах маань нэмэгдэнэ.
Хүнтэй сууж гэргий болсоор анх удаа цагаан сараар бууз чимхэхгүй, гэр цэвэрлэхгүй, бэлэг цуглуулахгүй зүгээр сууж байх. Нэгээхэн насанд ч их юм үзэх юмаа. Ингэж цагаагаар зүгээр сууж байх юм чинээ ерөөсөө санаж байсангүй. Гэхдээ сайхан биш байгаа нь бүүр сонин. Уг нь бол тэр их дарамттай олон ажлуудаас хол нөгөө эрдмийн мөрөө хөөгөөд чухам жаргаж баймаар… Тэгсэн нэг бишээ…
Тарган том сүүлтэй ууц сонгон, аль өнгөлөг сайхан шар тостой ул боов аваад, тавган дээрээ тавих цагаан идээ, том чихэр харж, тэрэнд тэрийг, энэнд энийг өгнө гээд л бэлэг цуглуулан ханьтайгаа хөөрөлдөн амьсгаа давхацуулан ажлынхаа хажуугаар гүйх сайхан байдаг юм байна. Эгчтэйгээ нийлж гэрээ цэвэрлээд л, энд тэнд байгаа бүх юмаа ухаад л, зарим нэг хуучирсан юмаа бас гаргаж тавиад л, болж л өгвөл бүгд шинэ хувцастай, өнгөлөг сайхнаар шинийн нэгнээ угтах гэж өмсөх зүүхээ ч товлоод алхаж байх сайхан байдаг юм байна.
Саяхан герман Профессортойгоо уулзахдаа цагаан сарын талаар товчхон ярилаа. Орж ирсэн хүн болгонд бэлэг өгдөгийг ойлгуулах гэж нэлээн цаг зарлаа. Дараа нь айл болгон бүтэн хонины мах чанаж тавьдаг гэсэн бараг ухаан алдаад унах шахлаа. Тэр их бууз, банш, бүтэн хонио тэгээд 3 хан өдөрт идчихдэг гэсэн бүүр нураад уналаа. Настай хүн болгон дээрээ заавал 3-н өдөрт багтаж очиж золгон мэнд мэдэх ёстой гэсэн их гайхаж байнаа. Ойр гэдэг ойлголт засмал замтай бол 300 км дотор яригддаг гэсэн үнэмшихгүй байгаа бололтой. Эднийхээр бол 300 км явбал өөр оронд оччихдог өөр хэлээр ярьдаг учир тэр гэнэ. Эднийх ганц чухал баяр болох зул сараараа бүгд гэртээ байдаг учир биднийг тэгэж төлөвлөгөөтэйгээр машин хөлөглөөд олон айл хэсдэг гэхээр их л сонин байгаа бололтой…
Цагаан сар дөхөхөөр аав, ээж 2-оо их санадаг даа би. Хөөрхий аав минь цагаан сард маш их ач холбогдол өгч их эртнээс бэлддэгсэн. Юм ховор байдаг байсан болохоор тэр байж дээ гэж хаяа боддог юм. Цагаан сарын өглөө аав маань намайг нар хар, нар хар гээд л байн байн гүйлгэж гаргана. Яг нарнаар золгох ёстой учраас тэр. Битүүний орой аав л идээгээ засна. Ээж тэрнийг харах ч үгүй. Ээж өглөөний хоол цайг бэлтгэн, гэр цэвэрлэнэ. Аав маань тавгийн боовоо өрчихөөд л энд нь ч гарч нэг хараад л тэнд ч гарч нэг хараад л, тавгаа эргүүлээд л сүйд болдог сон. Тэгш сайхан байх ёстой юм гэж ирээд л их сэтгэл гарган тавгийг засдаг байсан.
Дөрвөн шагай сайхан цэвэрлээд ширээн дээр тавина. Үлээж байгаад л тэрийгээ хаяа орхиж харагддаг сан. Бодвол шинэ оны өнгө үзэж өөртөө бас төлөг тавьдаг байсан юм болов уу даа. Цагаан сараар аавдаа хөтлүүлээд ганц нэг айл орох мөн ч сайхан даа. Тэр үед хүүхдүүдийг дагуулж барагтай бол айл хэсэхгүй. Би айлын бага учир жаахан давуу эрхтэй байсан юм. Их ч бага ч ямар нэгэн хэмжээгээр Цагаан сарыг заавал ёсолж өнгөрөөж байгаарай гэж аав минь захьсан юм. Их л учиртай баяр гэдэг байсан. Аавынхаа үгнээс зөрөлгүй алдалгүй тэмдэглэсэн цагаан сарууд бүгд сайхан байсаан. Энэ жил харин их л өвөрмөц цагаа тэмдэглэх нь дээ Герман оронд…
Neeree saihan temdeglel bna. Zagaan sar gedeg mash saihan bayar shuu, geree jamar ih sanaj bnaa. Zagaan sariin ueer bur ih geree sanah jumaa.
Тиймээ, санаад байх юмаа…
Unshlaa ih saihan dursamj bichsen baina. Daraa ni nom bolgooroi
ккк. Ном болох ч хаашаа юм. Гэхдээ л нээрэн дурсамж юм байна.