Герман орон сонин хачнаар дүүрэн орон…
Биднийг дунд сургуулийн сурагч байх үед дэлхийн улс орон капиталист, социалист гэсэн 2 бүлэгт хуваагдан оршиж байв. Тэр үед Герман орон ч бас дотроо 2 хуваагдсан байсан учир манай талын бас дайсны талын герман гэсэн ойлголт байлаа.
Оросуудад сайн л орон бол “манай тал”-ыхан байсан. Тэр байтугай тэр үед Орост л сургууль төгсөөгүй бол өөр барууны хөрөнгөт оронд төгссөн бол ажилд авдаггүй, үнэлэгддэггүй байлаа. Аргагүй л Монгол маань тэр үед Оросын нэгэн дагуул улс байсан байна.
Одоо цаг сайхан болжээ. Дэлхий нийтээрээ даяарчлал гэдэг үгийн далбаан дор маш олон зүйл нээлттэй байх болж. Үүний хүчинд хуваагдсан олон орон эргэн нийлж дэлхий энх тайвнаар хамтран орших гэж зүтгэж байна.
Гэхдээ миний бодлоор энэ ойлголт зүгээр л яриа байх шиг. Баруун зүүн гэж хуваагдсан ойлголт нь одоо болтол энэ германдаа өөрсөдийнх нь ухамсарт хэвээр байна. Би үүнийг сая Берлинд олон улсын хуралд оролцоод бүүр гүнзгий ойлголоо. Хоорондоо одоо ч гэсэн зүүн герман, бас баруун герман гэж ярьцгаадаг юм байна. Хүмүүс нь их өөр. Үнэхээр энэ нь зүүнийнх байна энэ нь барууных байна гэж ялгарахаар байдаг юм байна. Ёстой сонин…
За тэгээд ийм их ялгаварал үзэлтэй улс уу гэтэл бас биш юмаа. Олон зүйл дээр их ардчилсан, нээлттэй байдалтай, энгийн хандах юм. Жишээлбэл, саяхан гэхэд эднийх ерөнхийлөгчөө хувь хүнээс хөнгөлттэй нөхцөлөөр зээл авсан гээд л хэлэлцэж байгаа юм. Тэгэхээр нөгөөх нь нэг их эсэргүүцэхгүй ард түмнээсээ уучлалт гуйгаад сайн дураараа ажлаа өгчихөж байх юм. Өөрөөр хэлбэл тэр суудлаасаа зууралдаад шүүх цагдаа болоод эрх мэдлээ ашиглаад байхгүй юм. За нэг ерөнхийлөгч буулаа, одоо нөгөөх нь гарах гэж сүртэй сонгууль юм болох байх даа гэсэн ер тэгсэнгүй. Нийт 600 гаран суудал бүх намд оногддог юм байна, парламентэд. Тэр хэмжээний хөндлөнгийн хүмүүсийг нэмэж оруулаад ингээд 1200 гаран хүн нэг өдөр төрийн ордондоо цуглаад 3-н цагийн дотор сонгууль хийчихдэг юм байна…!!! Ямар ч сүр дуулиан байхгүй, дэмий мөнгө үрэхгүй, худлаа амлалт хийхгүй.
За тэгсэн бүүр сонирхолтой нь тэр ерөнхийлөгч нь 70 гаран насны хүн байхаас гадна авгайгаасаа тусдаа амьдардаг хэдий ч баталгаагаа салгаагүй. Энэ бас дуусаагүй одоо “найз хүүхэн”-тэй юм байна. Ерөнхийлөгчид нэр дэвших үед нь зарим хүмүүс эхнэрээсээ албан ёсоор салж найз хүүхэнтэйгээ батлуул гэсэн яриа гарсан гэж байгаа. Тэгээд сүүлд нь зөвхөн албан бичгийн төлөө гэрлэх албагүй гээд энэ саналаа больсон гэнэ. Одоо тэгээд тэр хүн ерөнхийлөгч болсон бөгөөд нөгөө найз хүүхэн нь хажууд нь хамт дагаастай ил тод…
Одоо болтол баруун зүүн гэсэн ойлголтоосоо өөрсдөө ч салж чадаагүй энэ хачин улс ажил хэргийн тал дээр энгийн байх үедээ ийм л шийдвэр гаргаж байх юм. Би үнэхээр гайхаад л байх юмаа энэ орны хувьд.
Магадгүй би хэт орос хүмүүжилтэй, хуучинсаг үзэлтэй нэгэн юм болов уу?! Гэхдээ л манайд бол дээрх үйл явдлууд тохиолдсон бол ихээхэн өөрөөр өрнөх байсан байх даа гэж бодогдоод л байх юм. Аргаа бараад энэ бодролыг бичив.
Надад зөвөлгөө өгөх хүн байвал дуртайяа хүлээж авна!
Recent Comments