Амралтын өдрийн бодлын хэлхээ

Бага залуу байхад “гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн хүн”, “номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүн” гэх мэтээр хүмүүсийн талаар авга нагац нар ярьж байхыг их л сонсдог байлаа. Гэхдээ цаад учрыг нь сайн ойлгодоггүй байсан бололтой. Аан, энэ хүн гадаадад сурдаг юм байна л гэж боддог байлаа.

Бидний багад гадаадад “амьдардаг” монгол гэсэн ойлголт бага байсан. Гадаадад хүн байвал сурдаг нэг бол дипломат ажил хийдэг ийм л ойлголттой байлаа. Одоо бол гадаадад ямар нэгэн хүн нь “амьдардаггүй” монгол айл гэж үгүй болсон бололтой. “Аль улсад амьдардаг вэ?” гэж асуудаг болсон байна шүү дээ. Тэгэхээр даяарчлал гэдэг жинхэнэ утгаараа эхэлж Монгол хүн, Орос хүн, Хятад хүн гэхээсээ илүүтэйгээр дэлхийн хүн гэсэн ойлголт руу явж байх шиг…

Бичих гэж эхэлсэн бодлоосоо бас л холдоод явчихаж. Хэдэн хоногийн өмнө сургуулийнхаа залуучуудтай хамт цайны завсарлагаанаар жаал хууч хөөрөв. Тэдний баг дотор орж ирсэн анхны ази хүн гэдэг утгаар надаас азийн ард түмний амьдрал ахуй онцлогийн талаар их асууна. Германчууд монгол бүсгүйчүүдтэй их гэрлэдэг юм байна. Энд ирээд л мэдсэн. Онгоцоор нисэж байхад ийм холимог гэр бүл их байдаг. Монгол залуу герман хүүхэнтэй суусан нь харин бага санагдсан. Монгол эрчүүд ухаалаг эх оронсог болоод тэр гэж бодож байгаа бол үгүй байх шүү. Ердөө л герман бүсгүйчүүл гэр бүлд ч алба ажил дээр ч хүйсийн эрх тэгш байдлыг жинхэнэ утгаар нь эдэлдэг учир билэг танхай монгол эр хүний төрөлхийн омголон авир, гэрийн эзний зан төрхийг тэвчих нь ховор байдаг бололтой. Тэрнээс биш мэр сэр гэрлэсэн байдаг гэсэн. Тэгээд харамсалтай нь ихэнх нь салдаг бололтой. За энэ ч миний шүүх асуудал биш. Залуучуудын ярианаас сонссон нэгэн зүйл хэд хоног сэтгэлд явлаа. Одоохондоо хань ижлээ сонгоогүй байгаа залуу хүмүүст хэрэгтэй ч юм шиг санагдаад бичиж байна.

Гэр бүлээ авчирсан эсэхийг асууж байтал нэг залуу надаас нөхөр тань Монгол хүн үү? гэж асуухад нь би “мэдээж” гэж хурдан хариулсан гэнэ. Тэгсэн нөгөө залуу их л гайхаж “Яагаад мэдээж гэж? Миний мэдэхийн олон герман залуучууд монгол бүсгүйтэй суусан байдаг. Таны ийм хурдан итгэлтай хариулж байгаа сонин санагдаж байна. Танайд холимог гэр бүлийг одоо хир хүлээж авч байгаа вэ?” гэж асуусан. Хм. Энэ бол миний хувьд жаахан амаргүй асуулт байсан. Би бол хуучинсаг үзэлтэй хүн. Болбол монгол нь монголтойгоо суусан нь дээр гэж үздэг л дээ. Тэгээд өөрийн бодлоо хэлж гэхдээ миний бага залуу шиг учиргүй шүүмжилж хараад байхаа больсон гэж хэлсэн. Хариуд нь тэр залуу надаас монголчууд хань ижлээ сонгохдоо ер нь юуг гол болгодог вэ? гэж асуусан юм. Их сонин асуулт байгаа биз? Би хувьдаа хэзээ ч ийм нарийн юм бодож байгаагүй бололтой юм билээ. Миний хань бид 2 чинь арван жилийн нэг ширээний 2 шүү дээ. Өөрөөр хэлбэл би хувьдаа хайр сэтгэлдээ хөтлөгдөөд л суусан гэж боддог. Ямар нэгэн шалгуур тавиагүй. Би тэрэнд хайртай, тэр  над хайртай. Энэ л хангалттай байсан. Тэгсэн энд германд хань ижлээ хэрхэн сонгохыг бага залуугаас нь их ултай ойлгуулдаг бололтой.

Нээрэн залуу гэдэг нь энд их харьцангуй ойлголт. 30 хүрч хүнтэй суух бол асуудал биш. Харин 20-оос өмнө 35 -аас хойш бол бас жаахан тийм байдаг бололтой.  За тэгээд тэр залуугийн ярьсан зүйл миний анхаарлыг татсан юм. Түүний бодлоор эр хүн эхнэрээ сонгохдоо дараах зүйлүүдийг боддог гэнээ.

  • энэ хүн миний хүүхэдийг гаргаж чадах уу?
  • гаргасан хүүхэддээ сайн ээж байж үлгэрлэн хүмүүжүүлж чадах уу?
  • авчирсан цалинг минь хүргэн царцуулж чадах уу?
  • энэ хүнийг би миний эхнэр гэж бусад хүмүүст харуулахад хир байхав?
  • гэр орныг минь цэвэрхэн байлгаж чадах уу?
  • намайг хиргүй цэвэр явуулж чадах болов уу?
  • 60, 70 хүрэхээрээ ямар харагдах бол? тэр үед ч би өнөөдрийнх шигээ хайртай хэвээрээ байж чадах уу?
  • удмын ямар нэгэн өвчин бий болов уу?

гэх мэтээр олон талаас нь хардаг юм байна.

Надад энэ ярианаас содон сонсогдож байсан зүйл бол, “миний хүүхдийг гаргаж чадах эсэх”, “хүний өмнө эхнэр гэж танилцуулахад таатай байх эсэх” гэх мэтийн өгүүлбэрүүд байлаа. Өөрөөр хэлбэл тэр залуугийн ярианаас бол аль эрт байр орон, өөрийн гэсэн бүхнээ бэлдчихсэн тэндээ эхнэрээ оруулж авчраад үр хүүхдээ гарган амьдарч эхлэхэд бэлэн эр хүний төлөв харагдаад байсанд оршино. Та дээр уншсанаа эргээд харвал тэнд “энэ надад хир хайртай бол?” гэсэн асуулт байхгүй байгаа биз? ккк. Бид болохоор хайр сэтгэлээр л суух ёстой гэж үр хүүхдээ хүмүүжилдэг. Тэгтэл амьдрал асар урт учир хайр гэдэг сэтгэлээс гадна илүү буурь суурьтай сонголт хийж насны ханиа сонгох ёстой бололтой шүү.

Энэ бүх бодол гүн туссан шалтгаан нь манай залуучууд гэртээ сууж байсан хүний охиныг дуудаж хөтөлсөөр улмаар эхнэрээ болгож гэртээ авчраад, хүүхдээ гаргуулчихаад л ааш зангаа хувирган аашилж загнаад эсвэл хардаж сэрдээд дан өөрийнхөөрөө байлгах гээд байх нь их л эмзэг дуулдах юм даа.

Энд бүсгүйчүүл нь суух хүнээ сонгодог. Өөрөөр хэлбэл эр хүн танд суух хүсэлт тавилаа, гэрлэн суух эсэх асуудлаа эмэгтэй нь голчлон шийддэг. Тийм ч учраас энэ барууны кино энэ тэр дээр чинь тийм сүртэйгээр суух санал тавьдаг бололтой дог шүү. Эм нь ч эр нь гэрлэх суух, батлуулах дээрээ маш хариуцлагатай ханддаг. Нэг гэрт амьдарч нэлээн хэдэн жил болж байж батлуулах гэрлэх нь их байдаг юм байна. Жинхэнэ насан турш хамт байх хүнээ олтолоо хэд ч гэрлэж нийлсэн яахав гэсэн чөлөөт бодол ноёлдог нь хүн ам ихтэй бас урт насалдагтай нь холбоотой мэт санагдсан.  Манайх шиг цөөхөн хүн амтай, танилцсан хүнтэйгээ тавтай яривал ах дүүс болчихдог оронд ийм байдлаар бүтэхгүй л дээ. Гэхдээ л гэртээ оруулж авталаа, хүүхдийн эцэг эх болохоосоо өмнө залуус минь дээрх герман залуу шиг жаахан олон талаас нь юмыг харж байгаарай даа.

Эмэгтэйчүүд бид чинь цаг дээрээ эрчүүл та нарын л далбаан дор шүү дээ. Азийн оронд ийм байсан ийм байгаа ийм байх ч болно. Ийм байсаар байхад хайрлан дурлаж, ханиа болгож авсан бүсгүйдээ тэр хайраа бүрэн зориулж хорвоог хамтдаа жаргалтай туулах эсэх нь эр хүн танаас л хамаарна шүү дээ. Хүнийг ер нь хүн дэргэдээ итгэл хайраар байлгана. Тэрнээс биш хардаад байх утгагүй ш дээ. Итгэл гэдэг чинь нүдэнд харагдаж гарт баригддаггүй ч асар хүчтэй хамгаалалт шүү. Бие биедээ итгэ залуус минь. Анх бие биенээ хараад төрж байсан тэр сайхан мэдрэмж, тэр сэтгэлийн хөдлөлөө та нар өөрсдөө л өөрсөддөө хадгалж чадна. Тэрнээс биш нэгэнт нэг гэрт орсон эсвэл хүүхдийн аав ээж болсон гээд хайраа гээж хараа өмнөө бариад хүний охиныг гэртээ загнаад байх ч эр хүний зан биш дээ…

Охидууд бүсгүйчүүл минь, хорвоо уудам хийх юм их. Эмэгтэйчүүл бидэнд эр хүнийг, үр хүүхдээ, өргөн дэлхийг хайрлах агуу их сэтгэлийн тэнхээ бий. Иймд “за” гэж гэрт нь дагаж ортолоо дээрх залуугийн адилаар олон талаас нь сайн бодож байгаарай. Эцсийэ эцэст тэр хүнтэй суух эсэхийг Монголд ч гэхнээ та л шийднэ шүү дээ. Харин нэгэнт сууцгаасан бол аль аль нь бие биенээ ойлгож дэмжиж байх хэрэгтэй санагддаг.

За амралтын өдрөөр жаахан бодол ургуулснаасаа хуваалцлаа. Таалагдвал та бас бодол өөртөө ургуулна биз дээ. Таалагдахгүй бол тэгээд мартаж орхиод сайхан амраарай.

2 comments to Амралтын өдрийн бодлын хэлхээ

  • Munkhzul

    HElLO

    Амралтын өдрөөрөө их сонин юм боджээ. Би ч бас урьд нь Азийн нэг улсад байхдаа цуг амьдардаг эгч маань Герман залуутай үерхдэг байсан тэгээд л тэрний тухай бас найзуудынхан тухай ярихад их гайхдаг байсан. Тэгээд одоо бодход ийм л учиртай байж л дээ. Гэхдээ одоо ч гэсэн Монгол залуучууд гэрлэх гэж эсвэл хүүхэд гаргах гэж яаарах хэрэггүй гэж боддог. Эрт гэр бүл зохиолоо гээд муудахгүй ч илүү их амьдрал үзчээд бас залуу насны аз жарглыг мэдрээд суухад хэзээ ч оройтохгүй гэж боддог .

    • GK

      Нэлээн дээрний яриа л даа энэ. Бодогдоод л байсан юм. Гүйцээж бодох завх гарахгүй байсаар өдий хүрсэн хэрэг. Хүү маань одоо бага ч гэлээ яавал хүүгээ хүний охин гомдоохгүй аваад явчих өөртөө арчаатай эр хүн болгох вэ гэж их бодох юм. Хичнээн хүйсийн тэгш харьцаа ярилаа ч эрчүүл аль ч оронд давамгайлсан хэвээрээ. Иймд эр хүний үүрэг улс эх оронд маш чухал гэж боддог доо. Тогтвортой гэр бүл гэдэг улс орны бат суурь гэж санадаг. Гэрээ засаад төрөө зас гэдэг биз дээ ардын үгэнд. Суух бараалахын хувьд эрт байсан ч гэмгүй л дээ. Гэхдээ нэгэнт суусан бол бие биенээ л хүлээн зөвшөөрч дэмжиж амьдрах нь их чухал санагддаг.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>