Өмнөх бичлэгт цахим захидалын төрлүүдийн тухай товч тайлбарласан бол энэ удаагийн бичлэгээр цахим захидалын өнгө аяс нь цахим харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцацгаая.
Цахим харилцаа нь өдрөөс өдөрт хүн бүрийн өдөр тутмын харилцааны хамгийн чухал нэг хэлбэр болсоор байна. Цахим орчинд танилцаад сайн нөхөд болох, ажил үйлсэд хамтрах, тэр ч бүү хэл ханилан суух нь одоо энгийн зүйл болжээ.
Тиймээс цахим харилцааг хүссэнээрээ эерэг зөв байлгахад цахим шуудангийн үүрэг их юм. Өмнөх бичлэгээр цахим захидал олон хэлбэртэй байж болох тухай дурдсан билээ. Тэр ялгаатай хэлбэр бүр өөрийн гэсэн өнгө аястай байх бөгөөд цаашлаад тухайн захидалыг солилцож байгаа хүмүүсийн цахим харилцаанд нэлээдгүй нөлөө үзүүлдэг байна.
Үүнийг тэрлэгч миний хувьд гэхэд олон улсын хэд хэдэн төслүүдийг зөвхөн цахим хэлбэрээр явуулж огт нүүр тулж уулзалдаагүй хүмүүстэй цахим шуудангаар харилцан хамтран ажиллах хэрэгтэц болдог бөгөөд тэр бүрт ирж байгаа цахим захидалын өнгө аясыг зөв мэдэрч чадсанаар харилцан илтгэлцэл үүсэх цаашлаад эв нэгдэлтэйгээр төслөө урамтай ахиулах боломжуудыг олж авч байсан.
Цахим захидалын өнгө аяс гэж яг юуг хэлээд байна вэ? Ямар өнгө аястай байхыг яаж мэдэх юм бэ? Эсвэл ямар өнгө аястай бичиж байгаагаа яаж мэдэх вэ? ч юмуу энэ мэтийн олон асуултууд гарч ирэх ёстой.
Бодит харилцаа байсан бол хүний нүүрний хувирал, дууны өнгө, гар нүдний хөдөлгөөн тэр ч бүү хэл хувцаслалтаас хүн олон янзын өнгө аясыг мэдэрч болно. Гэтэл цахим захидалын үед энэ бүхэн байхгүй. Тэгэхээр яах билээ? гэсэн асуулт гарч ирэх нь зүй ёсны юм.
Цахим захидалын өнгө аяс – Мэндчилгээнээс эхэлнэ. Ямар үгээр эхэлсэн байна? энэ нь яг л бодит харилцаанд бол хувцаслалт нүдний харцтай ижил юмуу даа.
Дараагийн өнгө аяс нь захидалын ерөнхий зохион байгуулалт, эмх цэгц, урт богиноос харагдана. Зохион байгуулалт сайтай, эмхтэй бичигдсэн мэйлийг уншаагүй зүгээр гүйлгэн харахад ч таатай сэтгэгдэл төрөх бөгөөд энэ нь бодит харилцаанд бол уулзаж байгаа хүнээ хүндэтгэн нөхцөл байдалдаа зөв зохицуулан хувцасласан, инээмсэглэн харж байгаатай зүйрлүүлж болох юм.
Цаашлаад мэйлийн агуулга гол өнгийг тодорхойлох бөгөөд энэ нь эгээ л бодит уулзалтан дээр бол тэр хүний ямархуу дуу хоолойгоор ямар хэмнэлээр ярьж байгаатай ижил юм.
Цахим захидалын нэг том сул бол тал танаас ирсэн захидалыг хүлээн авагч хэдийд унших, бас унших үедээ сэтгэл санаа нь ямар байдалтай байхыг та шийдэх боломжгүйд оршино. Бодит харилцаанд бол нөгөө талынхаа байдлыг ажиглаад зарим нэг хэлэх гэсэн үгээ болих сэдэвээ өөрчлөх гэх мэтээр шууд тохируулж болох бол цахим захидалд ийм боломж байхгүй.
Тиймээс захидалаа хэзээ илгээх вэ? тэр хүн хэдийд тэрийг уншвал зөв байх бол? гэж бас бодолцох хэрэгтэй юм. Өглөө эрт үү? өдөр үү? бүр орой юу? эсвэл долоо хоногийн эхээр үү? сүүлээр үү? Баярын өдрийн өмнө үү? дараа юу? гэх мэтээр бага зэргийн бодлого бодох ёстой болно.
Үргэжлэл бий…
Recent Comments