Хагацал…

Аавыгаа бурхан болоход би 27н настай байлаа. Орост сургууль төгсчихсөн, их сургуулийн багш болчихсон, айлд бэр орчихсон – өөрийгөө ТОМ ХҮН болсон гэж бодож байсан, тэр үед. Өглөөхөн нь аягатай хоолыг нь булаацалдан идэж байсан аав минь орой ажлаасаа ирэхэд амьдын тэмдэггүй хэвтэж байсан тэр өдрийг санахад би одоо өөрийгөө НЯЛХААРАА байсныг ойлгодог. Хүн эцэг эхтэйгээ байхад үргэлж нялхаараа, хүүхдээрээ байдгийг би тэр болтол мэдээгүй байсандаа тоонд хуурдаж өөрийгөө 30 руу алхаж яваа том хүн гэж итгэсэн байсан. Аймшигтай өдрүүд ажил явдлын дараанаас эхэлсэн дээ… Аваачаад тавьчихсан хирнээ л Аав амьд юм шиг, хаа нэг газарт явж байгаа юм шиг санагдаад төсөөтэй хүнийг нүд хараалан горьдож бүр дагаад явдаг байсан өдөр саруудад ээжийнхээ яаж байгааг ойлгож мэдрээгүй бас л нялхаараа байж дээ.

Ээжийгээ өнгөрөхөд би 30 хүрсэн байлаа. Үхэж үрэгдэж байж тогтсон үр минь хэдхэн сар болж байсан тэр зуны халуун өдөр ээж минь олон сарын шаналалаа орхин бурхан болсон. Өвчин намдаагч үнэтэй ховор тариа олох ажил үүрэгтэй явсан би дэргэд нь байж чадаагүй. Шаналал ахиад л араас нь элдсэн. Ээжийгээ би хангалттай ойлгож, хайрладаггүй байсанаа өдрөөс өдөрт мэдэрч ухаарч нэгэнт оройтсон харуусал гуниг өдрөөс өдөрт зузаарч байсан. Аав минь гэнэт өнгөрсөний дараа ээж минь гэртээ ганцаараа юу бодож, яаж шаналж байсныг ойлгоогүй тэнэгхэн үрс бид ээжийнхээ өмнө түмэн буруутай…

Дунд эгч минь дөнгөж 51н настайдаа бурхан болоход бас л дэргэд нь байж чадсангүй. Сайхан эгч минь амьдралын эрхээр алс нутагт яваад эргэж ирэлгүй тэндээ өнгөрөв. Сургаалиа харамгүй хайрлаж үргэлж надаар бахархдаг байсан сайхан эгчийгээ бас л асарч халамжилж чадалгүй буцаав. Харуусал шаналал нэхэн ирэв…

Том эгч минь хавдар гэсэн айхтар онош сонстолоо зүв зүгээр мэт л байсан. Гэтэл бие нь чилээрхэж эмчид очоод итгэхийн аргагүй онош сонсов. Тэр өдрөөс хойш орноосоо босолгүй хэвтэж байхад нь ч эгчийгээ буцчихна гэж бодохгүй эдгэрнэ гэж бодож байлаа. Гэрт нь хоносон тэр өдрийн үүрээр гэнэт л би юм уумаар байна гэхэд нь би халаагаад өгье гэж хариулаад плитка асаасан. Халаагаад авчраад өгтөл одоо уухгүй, өнгөрсөн – гэж хэлээд уугаагүй. Тэр дуу хоолой одоо ч надад сонсогддог. Тэнэг дүү нь зүгээр л аваачаад өгөхгүй эгчийнхээ сүүлчийн хүсэлтийг биелүүлж чадаагүй. Онош сонсоноос хойш сар бололгүй эгч минь бурхан болсон. Уй гашуу, харуусал бас л араас нь ирсэн…

Сэхээнд ээж орчихлоо – та хурдан ирээч… гэж уйлсаар ярьсан зээгийнхээ дуудлагын дараа би томилолтоо хаяад Монгол ниссэн. Очиход бага эгч минь сэхээний орон дээр өчнөөн зүйл залгуулчихсан хэвтэж байсан. Юу болоод байгааг ч ухаарах сэхээгүй 2 хонож байтал томилолтоо хаяж явсан яаралтай эргэж ир гэж шаардсан. Тэгэж явах хооронд эгч маань бурхан болсон. Ахиад л би дэргэд нь байж чадаагүй. 50н нас хүрэхэд би эцэг эх, сайхан 3н эгчээ алдсан байлаа. Уй гуниг нөмрөн ирсэн…

Энэ жил төрсөн өдрөөрөө үлдсэн байсан ганц ахынхаа ажил явдалд оролцож явлаа… Уян зөөлөн сэтгэлтэй ах минь инээмсэглэж байгаагаар л дурсагдах юм даа дүүдээ. Хатуурхаж загнаж байсан өөрийгөө зэмлэх харуусал бас л араас нь ирж намайг хэмлэж байна.

Ай хорвоо чи – хүнд өчнөөн сайхан юм өгч чаддаг шигээ эргүүлээд бас авч чаддагийг надад ийм эрт ингэж мэдрүүлэх юм гэж би бодсонгүй явж дээ…

ХАГАЦАЛ. Энэ л жинхэнэ зовлон ажээ… Юуг ч эргүүлж болохгүй, яагаад ч нэмэргүй…

Хэнд ч үл хүсэх зүйл хагацал гэдгийг энэ зовлон туулж эдэлсэн хүн л ойлгох бизээ…

Тэнгэртээ буцсан: Аав, Ээж, Том эгч, Дунд эгч, Бага эгч, Ах та нарыгаа би үүрд үгүйлэн дурссаар хорвоогийн тоосонд алхах болж байна даа…

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>