Ойрд ер юм бодох ч завгүй байсан юмуу даа… Бодролоо бичилгүй уджээ. Зарим хүмүүс бодролыг чинь л блогоос чинь уншдаг юм бичээрэй гээд нэхэж байх нь сайхан ч юм шиг санагддаг.
Би өөрөө бол хүмүүсийн яриаг сонсох дуртай. Хэрэв хүмүүс өөрт тохиолдсон янз бүрийн түүхээ үнэнээр ярьж байгаа бол надад тэрэн шиг сонирхолтой сайхан зүйл гэж үгүй байдаг. Гэхдээ одоо цагт хүмүүс ер нь ярих зүйлээ хүндээ орчиндоо тааруулаад байдаг болсон нь жаахан тийм санагддаг. 20 гаран жил багшилсаных хүн ер нь үнэний хувьтай юм яриад байна уу, жаахан найруулаад яриад байна уу гэдгийг ялгадаг болсон гэж өөрийгөө боддог байсан. ккк Тэгсэн үгүй л бололтой шүү.
Сүүлийн хэдэн жилд амьдрал маань өмнө ер бодож байгаагүйгээр өрнөлттэй бас сонирхолтой болж байгаа нь заримдаа сайхан заримдаа амаргүй л байна. Хүний хорвоо, амьдралын эрээн барааныг эргэцүүлэн суух ч завгүй болчихсон мэт… Нэг л их хурдан өдөр өнгөрчихөөд байх юм.
Уг нь нэг бодсоноо яс хийчихдэг, санасан л бол гүйцээчихдэг байсан сан. Одоо бас тэгэж бодсон бүрээ гүйцээгээд байж чадахгүй байх шиг. Эсвэл хэт их зүйлд шунан тэмүүлээд байна уу даа гэж өөрийгөө хянах ч цаг алга шахам байна. Өглөө 6 болоогүй л босох юм уг нь. Шөнө бараг 1 өнгөрөөж л хэвтэх юм… Тэгсэн хирнээ л цаг гэдэг нисээд байна даа.
Хүний хорвоогийн талаар би бас ч гэж их багаасаа боддог байсан. Аав ээж маань ажилдаа үнэнч эгэл жирийн хүмүүс байсан. Тэд маань эрдэм номын мөр хөөж байгаагүй ч маш их ухаантай, тэвчээртэй хүмүүс байсан. Тэднээсээ юу ч сурч чадалгүй, юу ч сонсож чадалгүй салсандаа заримдаа маш их харуусдаг даа. 18 хүрэлгүй л гадаадад сургуульд яваад сургуулиа төгсөлгүй хүний хүн болж гэрээсээ гараад тэгээд ер аав ээжээсээ би их эрт холдсон байгаа юм. Бас их хувиа хичээсэн хүн байсан бололтой би. Ханиа л гэхээс эцэг эхээ гэж байсангүй дээ… Үүрд мэт санаж явж дээ, 2 Буурлыгаа… Эргээд хэзээ ч ирэхгүйгээр яваад өгсөн хойно л ингэдэг ч байж, тэгдэг ч байж гэж харуусан суух ийм гаслантай байдагийг ер мэдсэнгүй нисэж явсан залуу насаа гэж… Хайрт маань л дэргэд маань байгаад инээж байвал тэр 2 хөгшин ер яаж байх нь хамаагүй байж дээ…
Миний аав их сайхан дуулдаг хүн байсан юм. Дан уртын дуу дуулна. Жолооч хүн байсан юм. Холын тээвэртээ тэргээ бариад уртын дуу цангинтал нь дуулаад давхидаг байсан байх даа гэж аавыгаа төсөөлдөг. Миний дэргэд бол сайхан шүдээрээ л исгэрдэг байсан. Хожмоо харин айлын найранд очихоороо их дуулдаг сан. Аавыг минь дуулахаар уйлдаггүй хүн бараг үгүй байсан. Тийм л их сайхан уян хоолойтой чин сэтгэлээсээ дуулдаг хүн байсан даа… Богино дуунаас ганцхан Хөөрхөн борлогийг л дуулдаг байв. Одоо уртын дуу сонсохоор аав минь эрхгүй бодогдоод нулимс өөрийн эрхгүй асгардаг даа…
Ээж маань харин богино дуунуудаас бас сайхан дуулчихдаг байсан. Ааваасаа гэнэт салсан би багаахан ухаан сууж ээжээсээ харин ганц нэг дуу сурч үлдсэн дээ. Аав ээж 2 оо хэрхэн танилцаж, хэрхэн амьдарсан талаар ээжээрээ жаахан яриулж авсан. Ээж маань уйлаад уймраад бас сайн ярьдаггүй байсан. Одоо бодоход би ээжийгээ зовоож байсан байгаа юм. Ханиа алдаад яая гэж байхад нь би элдэв юм шалгааж сэтгэлийн шархыг нь их л сэдрээж байж дээ.
Хааяахан аав ээжийгээ айхтар их санах юмаа би. Хүний хорвоогийн жам хэдий ч эцэг эхгүй өнчрөн хоцрох аль ч насанд мөн ч хатуу даа…
Энийг уншиж байгаа Эрхэм та одоо аав ээжтэйгээ байдаг бол тэднийгээ жаахан ч гэхнээ баярлуулахаа хэзээ ч битгий хойш тавьж байгаарай. Нэгэнт яваад өгсөн хойно нь Гандан хийд, лам хуврагт мөнгө өгч ерөөл айлдуулж байснаас хэдэн зоос байвал тэдэндээ өгч, цаг зав гарган очиж, утасдаж, үр хүүхэд нь хичнээн сайн явааг сануулж харуулж хайр халамжаа илтгэж байгаарай даа… Над мэт шиг хожимдон хоцроод харамсан суух ээ дээ мөн ч хэцүү шүү…
Хүн, хүний хорвоод урмын сайхан үг, хайрын сайхан сэтгэлээр л тэжээгдэж байдаг гэж би боддог. Аав ээждээ хайртайгаа, тэдэндээ талархаж байдгаа боломж бүрт илэрхийлж байгаарай даа…
Миний алдаанаас та суралц. Яг өнөөдрөөс аав ээждээ дахин хэзээ ч хатуу үг бүү хэл, муухай ааш бүү гарга, цаг зав байвал тэдэндээ гарга, мөнгө зоос олбоос тэдэндээ дээжийг нь өг. Үр нь сайн сайхан явааг харах л тэдний минь баяр баясгалан шүү…
Надад хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла гэдэг үг хамгийн сайхан үг. Энэ үгнээс урам авч аав ээжийгээ аль болох зовоохгүй юм шүү гэж л амьдарч байна. Би азтай хүн. Аав ээжтэйгээ. Миний багийн сайн найзууд бүгд л хагас, эсвэл бүтэн өнчин. Аав, ээжийн дуу явахад л уйлдаг байж билээ. Олон хүнээс амьдад нь аав ээжийгээ баярлуулж яваарай гэж сонссон. Хүмүүсээ аав ээж ах эгч дүү үр хүүхдүүдээ амьд нь л хайрла хүмүүсээ.
Нийтлэлийг тань уншаад зүрх хөндүүрлэв. Ээжийгээ санаж байна. Амьдад сайн
баярлуулах юмсандаа. Аавыгаа харин санахаар магадгүй би их гэмтэй мэт өөрийгөө санах юм даа. Юу ч хийж чадалгүй л өнгөрөөсөн дөө. 🙁
Түрүүлж ирсэн нь эхлээд буцдаг нь хорвоогийн жам гэж бодоод сэтгэлээ чангал даа. Буцах цаг нь болсон хүн дэндүү хурдан явчихдагийг багш нь ч гэсэн биеэрээ амссаан. Аав маань өглөө намайг гэрээсээ гарахад л зүв зүгээр инээгээд суугаад үлдсэн сэн. Орой ажлаа тараад ирэхэд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд л цагийн хүрд нэвтрүүлгийг эхлэх тэр агшинд л амьсгалаа татсан даа. Судсыг нь бариад сууж байсан би, сулхан ч гэхнээ цохилж байсан судас тэгээд мэдрэгдэхээ байчихдаг юм байна лээ… Хатуу даа хатуу хорвоо. Гээд яанав. Амьдралыг үргэлжлүүлэх гэж үр хүүхэд нь болсон хойно тэгээд хэлдэрч л явна даа, замбуулинд бид.