Өнөөдөр би хэцүү мэдээ сонслоо. Оюутан цагаас нөхөрлөсөн сайн найзын маань ээж тэнгэрт оджээ… Үнэхээр хэлэх ч үг эс олдоно. Тэр дор нь утсаар залгалаа холбоо барьж чадсангүй. Тэгээд сэтгэлээс ер гарахгүй энэ бодролоо блогтоо тэмдэглэж сууна. Эс бол би юу ч хийж чадахгүй бас нойр ч хүрэхгүй бололтой.
Интернэт гэдэг энэ зүйл нэг талдаа бас их муухай ч юм шиг. Дэлхийн хаана ч явж байсан тааруу мэдээг салхи мэт хүргэн ирэх… Тэгээд сэтгэл санаагаа хуваалцаж дэргэд нь байж чадахгүйдээ хямрах…
Найз маань ээжийгээ буцах тэр хоромд дэргэд нь байж амжаагүй гэнэ. Тэр маань их л гутарч байгаа даа. Би яах гэж тийм хол яваваа гэж өөрийгөө зэмлэж байгаа байх.
Энэ өдөр би өөрийн ээжийг буцсан тэр өдрийг бас эргэн санаж сууна. Би тэгэхэд монголдоо бүүр хамар хашаанд байсан боловч яг амьсгал татах үед дэргэд байж мөн л чадаагүй билээ. Миний ээж хавдар хэмээх аймшигт өвчин тусаж ихэд шаналан өнгөрсөн юм. Эмчилгээгүй гээд эмнэлэг авахгүй, мөн ч олон эмнэлгийн хаалганаас, мөн ч олон эмч нарын өрөөнөөс би нулимс унагаан эргэж байсан даа. Тэгээд сүүлдээ бие нь их өвдөх болж улмаар морфин л тарьж жаахан аргалж байсан. Олоход бэрхтэй энэ тариаг олох гэж түмэн аргаж хэрэглэдэг сэн. Сүүлчийн тэр өдөр би арай гэж хэдэн морфин олоод авчирсан боловч ээжийн судас хагараад орохгүй байсан. Тэгээд дунд эгч маань намайг яаралтай лам олоод ир гээд би лам залахаар явсан. Яг л тэр хойгуур ээж маань буцаад эргэж ирэхгүйгээр явсан байсан даа…
Иймд дэргэд нь байж чадаагүйдээ тэгтлээ их өөрийгөө буруутгах хэрэггүй л гэж хэлмээр байна даа. Ирсэн болбол буцах болдог дэлхийд… гэж дуу байдаг… Бид бүгд нэг өдөр буцна. Ирэхдээ өөрөө уйлж ирээд эргээд явахдаа бусдыг уйлуулж байвал амьдрал чинь утгатай байсан байна гэж бод гэсэн үг бас байдаг санагдана. Араасаа нь уйлж болохгүй гэдэг ч аргагүй асгарах нулимсыг бид хорьж дийлдэггүй.
Эцэг эх эхэлж ирээд угтаж тэврэн өсгөөд, улмаар түрүүлж буцах нь энэ хатуу хорвоогийн жам. Үлдсэн үр хүүхэд нь хорвоогийн шар өдөр бор хоногийг тоолон тоолсоор үргэлжлүүлэн амьдрах ёстой болдог нь бас жам. Ингэж л бод доо найз минь. Сэтгэлээрээ дэргэд чинь байгааг минь хүлээн авна уу…
Ум ма ни бад ми хум.
Эх хүний гишгэсэн тэр л газраас түмэн цэцэгс дэлгэрч, элбэрэлт зөөлөн тэр л дуу хоолойноос нь орчлонгийн мянган өнгө туяаран солонгорно. Ойлголоо багшаа
Eej hun ch yneheer Erdene shyy…
Сайхан бичсэн байна. Ээжийгээ санаад байна. Ум ма ни бад ми хум
Ээжийгээ бид амьд ахуйд нь ер ойлгодоггүй байсаар буцаачих юм даа… Ээж нь байгаа хүмүүс яг одооноос ээжийнхээ өөдөөс нэг ч ширүүн үг бүү дуугараг. Ээжийгээ дуудсан цагт даргатаа дуудагдсан цэрэг мэт бэлэн гозойж байг. Цаг зав гаргаад дагуулж явж сайхан бүхнийг үзүүлж амттан бүхнийг амсуулж байг.