Өчигдөр орой охин маань асууж байна.
Охин: “Ээж та бүх асуултанд хариулж чадах уу?”
Би: “Охиныхоо хувьд тийм гэж бодож байна”
Охин: “Тэгвэл Ээжээ, хүн үхэхээрээ хаачдаг вэ?”
Би: “Хүний бие, мах бодигаль болоод сүнсэн биеэс тогтоно. Хүн үхэхээр махан бодьгаль байгальдаа уусч алга болно. Харин сүнсэн бие өөр нэгэн мах бодьгалд шингэх эсвэл өөр хэлбэрт шилжинэ” гэлээ (энд би дээр үед хүмүүсийг хэрхэн хөдөөлүүлдэг байсан, бас одоо хэрхэн чандарладаг тухай ярихаас өөр аргагүй болсон).
Охин: “Тэгвэл сүнс чинь өөр хүний биенд шингэдэг юмаа даа?”
Би: “Тийм гэж бодож байна”
Охин: “Тэгвэл би хэний сүнс вэ?”
Би: “Батаа чи охиндоо хэл дээ, хэний сүнс билээ?” гэв. Нөхөр маань: “Чи ээжийнхээ ээжийн сүнс” гэлээ. Би үргэлжлүүлэн, “Ээж маань амьд сэрүүн байхдаа, <<амттай юм их авч өгөх байх Бага хүргэнийдээ төрнөө, Би>> гэдэг байсан. Чи нээрэн ээжийн сүнс байх” гэлээ.
Охин маань их л сэтгэл хангалуун босч, “Таныг би ийм асуултанд хариулж чадна гэж бодоогүй. Та нээрэн бүх асуултанд хариулчих юмаа” гэсээр эргэлээ. Бодвол охин маань ээжийгээ туршсан бололтой.
Бодрол:
Одоо цагийн хүүхдүүд үнэхээр өөр болжээ. Бага насны хүүхдүүд ийм болж байхад их дээд сургуулийн оюутнуудын сэтгэлгээ, суралцах арга барил нь өөрчлөгдөх нь тодорхой юм. Иймд багш нар бид цаг үеэ дагаж багшлах арга зүй, бас мэдлэг дамжуулах хэлбэрээ ч шинэчлэх цаг болсон бололтой догоо.
Зарим оюутнууд үнэхээр танин мэдэхийн тулд асуулт тавьдаг. Зарим нь залхуураад шууд хэлүүлж авах гээд асуулт тавьдаг. Зарим нь бас туршиж асуулт тавьдаг. Мэдээллийн эх сурвалж олон хэлбэртай, арвин агуулгатай болсон энэ эринд их сургуулийн багш байна гэдэг ч бас амаргүй. Оюутнаасаа түрүүлж ямагт сурч байх хэрэгтэй болдог. Гадаадын их дээд сургуулиудад багш нар нь заахаасаа илүү заавар зөвөлгөө л өгдөг бололтой юм. Оюутнууд өөрсдөө бие даан суралцах сонирхол ч их юм, чадвар ч өндөр юм. Сургалтын чанар муу байна, оюутнууд тааруу сурч байна гэж багш нар руу давшлаад байдаг хуучин хэлбэрийг бодолцох л хэрэгтэй болж. Оюутнууд маань өөрсдөө дур сонирхолтой сургуульдаа орж, өөрсдөө эрж сурч суралцвал, улмаар эзэмшсэн мэргэжилдээ үнэхээр эзэн болж хоолоо олж идэхээс гадна, суралцах үедээ ч амжилт сайтай сурах байх даа. Тэрнээс биш сургуульгүй хоцорно гэсэн ойлголтоор юунд ч хамаагүй орж хайран сайхан цаг, залуу насны он жилүүдээ алдаж байх юм. Дургүйд хүчгүй л гэдэг болж сургалтын амжилт бас их тааруу байдаг байж болох л юм…
Recent Comments