Др.Кристэн Сонанни бол Стэнфордын Их Сургуулийн профессор юм. Тэрээр статистикийн чиглэлээр суралцсан, шинжилгээ судалгааны арга зүй болон эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэрхэн зөв сайн бичих талаар олон онлайн хичээлийг удирдан явуулсан.
Нийтээр зайнаас суралцах буюу МООС хэлбэрийн сургалтыг дөрөв дэх удаагаа явуулж байгаад нь миний бие хамрагдаж байгаа билээ. Олон хэрэгцээтэй ойлголтуудын тухай зааж байгаа энэ хичээлийн зарим хэсгүүдээс товчлон орчуулж энд хүргэхийг хичээлээ.
Англи хэл төгс сайн эзэмшсэн хүмүүст миний орчуулга ташаа буруу санагдвал энэхүү бичлэгийн дор тайлбар бичиж засаж залруулж туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна. Энд дарж хичээлийн эх сайт руу хандаж болно.
Бүх зохиогчийн эрх med.stanford.edu. хаягийн дор байгаа бөгөөд Др.Кристэн Сонанни болон Стэнфордын Их Сургууль энэхүү хичээлийн агуулгын зохиогчийн эзэмшигчид юм.
Хичээл №1.1 Шинжлэх ухааны, судалгааны өгүүлэлийг үр дүнтэй, сайн бичих зарчим
Зөв, сайхан бичихэд юу чухал байдаг вэ? Хамгийн түрүүнд бичих гэж байгаа санаагаа тодруулан гаргаж үр дүнтэй нь холбон бичих хэрэгтэй. Судалгааны тухай, шинжлэх ухааны өгүүлэл бичиж байгаа хэдий ч өгүүлэлийг бусад судлаач нар, эрдэмтэд, шийдвэр гаргагчид, хууль боловсруулагчид тэр тусмаа нийт уншигчдад хандан бичиж байгаагаа мартаж болохгүй. Дараагийн нэг чухал хэсэг бол өгүүлэлийн ерөнхий харагдах хэлбэр нь сайн байх юм. Ихэнх хүмүүс энэ 2 дахь хэсэгт илүү их ач холбогдол өгдөг талтай. Харагдах ерөнхий хэлбэр гэдэг нь гүйлгэн харахад цэгцтэй зөв хэлбэртэй, бас уншихад сэтгэгдэл төрөм байх санааг хэлж байна. Хүмүүсийн гаргадаг ерөнхий алдаа бол яг энэ хэсэгт анхаарлаа хэт хандуулснаас өөрийн гол санаагаа тодорхой болоод үр дүнтэйгээр хүмүүст хүргэхээ мартдаг.
Эхний санаагаа тодруулъя. Тодорхой бичнэ гэж юу гэсэн үг вэ? Энэ бол тухайн өгүүлэлийг бичих санаа энгийн илт байх улмаар тэр санаагаа шууд илэрхийлэхийг хэлнэ. Судлаач хүн өгүүлэл бичдэг гол шалтгаан нь хүмүүст өөрийн санааг хүргэх байдаг. Өөрөөр хэлбэл бусдад дуулгах, хүргэх санаа байгаа учир өгүүлэл бичиж байгаа. Өгүүлэлээ бичиж эхлэхдээ хэрхэн уншигдах, хүмүүст ямар санагдах талаар бодох хэрэггүй. Эхний бичлэгт зөвхөн өөрийн санаагаа л гарга. Ухаалаг, гоё сонсогдох, сайхан харагдах зэрэг хэлбэршүүлэх асуудлыг өгүүллээ сайжруулах дараа дараагийн хэсэгт хийх хэрэгтэй. Олон сайхан өгүүлэл төрөл бүрийн сэтгүүлд гарсан байдаг. Тэрхүү сайхан өгүүлэл бүрийн ард ихэнхдээ нэг зохиогч харин олон хянан засварлагч байдаг. Иймээс эхний бичлэгтээ зөвхөн гаргах гэсэн санаан дээрээ анхаарч, тэр хэлэх гэсэн санаагаа хэрхэн ТОДОРХОЙ бас үр дүнтэйгээр хүмүүст хүргэх вэ? гэдэг дээр л анхаарах хэрэгтэй.
Дүгнэлт: Сайн өгүүлэл бичихийн тулд:
1. Үндсэн санаагаа олсон байх – Маш чухал
2. Санаагаа аль болох тодорхой гаргах – Маш чухал
3. Шинэ санааныхаа үр дүнг нь тодруулж өгөх – Маш чухал
4. Ухаалаг бичлэг, уншихад энгийн байхад анхаарах – чухал
5. Харагдах хэлбэр загвар цэгцтэй байх – чухал
Сайн бичихэд юу нөлөөлдөг вэ? Ихэнх хүмүүс бодохдоо сайн өгүүлэл бичихийн тулд төрөлхийн авъяас хэрэгтэй гэж үздэг. Шинжлэх ухааны өгүүлэлийг сайн бичихийн төлд төрмөл авъяастай байх чухал гэдэг нь эргэлзээтэй ойлголт байх. Өөр нэг эндүүрэл бол сайн бичихийн тулд төгс Англи хэлтэй байх, нийгмийн ухаанд мэргэшсэн байх гэсэн ойлголт байдаг. Бүх судлаачид ийм байж чаддаггүй, ийм байх ч шаадрлагагүй. Зарим хүмүүс сайн бичихийн тулд урлагийн өндөр мэдрэмжтэй байх ёстой гэж боддог. Зарим хүмүүс онгод хэрэгтэй хэмээн үзэж онгодоо төрөл бүрийн аргаар дуудах нь бий. Согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, элдэв тусгай орчин бүрдүүлэх эсвэл бясалгал хийх хэрэгтэй ч гэж үздэг хүмүүс бий. Гэвч сайн өгүүлэл бичихийн тулд дээрх аргачлалуудын аль нь ч хэрэггүй гэж би үздэг. Сайн өгүүлэл бичдэг байхын тулд: Юуны түрүүнд хүмүүст хэлэх ЮМТАЙ байх хэрэгтэй, тэр хэлэх зүйлээ хүмүүст дуулгах гэж өгүүлэл бичиж байгаагаа мартаж хэзээ ч болохгүй. Би өөрийн оюутнуудын өгүүлэл дээр ажиллаж байхдаа тэдний бичсэн олон хуудас материалыг уншаад юу гэж хэлэх гээд байгааг нь ойлгохгүй тохиолдол гардаг. Тэр үед би бичсэн оюутнаас нь Та яг юу хэлэхийг хүссэн бэ? хэмээн асуухад “Хм, би… би юуг хэлэх гэсэн юм, нөгөө ммм, ер нь бол би яг юу гэж бичихээ мэдэхгүй байсан” хэмээн хариулах нь олонтаа байдаг. Иймд юуны өмнө өөрийн бичих гэж байгаа гол санаагаа сайн тодруулж түүн дээрээ тулгуурлан бичих хэрэгтэй. Сайн бичихэд нөлөөлдөг дараагийн нэг чухал зүйл бол системтэйгээр сэтгэх, эмх цэгцтэй, хоорондоо уялдаа холбоотойгоор санаагаа илэрхийлэх юм. Ихэнх судлаач нар энэ чадварыг сайн эзэмшсэн байдаг. Харин шинжлэх ухааны өгүүлэлийг сайн бичихийн тулд мөрдвөл зохих, мэдэж байх ёстой хэд хэдэн энгийн дүрэм байдгийг хүмүүс мэддэггүй. Энэ зайн сургалтаар би та бүхэнд тэдгээр аргачлал, дүрмийн талаар заах болно. Энэ энгийн дүрэм, журмуудийг эзэмшсэнээр та өөрийн өгүүлэлээ илүү сайн бичих чадвартай болно хэмээн итгэж байна.
Дүгнэлт: Сайн өгүүлэл бичдэг байхын тулд:
1. Төрмөл авъяастай байх шаардлагагүй
2. Хэлний мэргэжилтэн байх шаардлагагүй
3. Урлагийн мэдрэмж өндөр байх албагүй
4. Онгодоо оруулахын тулд элдэв арга хэрэглэх хэрэггүй
5. Хүнд хэлэх, хүргэх тодорхой санаа байх хэрэгтэй
6. Системтэйгээр сэтгэх хэрэгтэй
7. Санаагаа эмх цэгцтэй, уялдаа холбоотойгоор гаргах хэрэгтэй
8. Сайн бичих арга барилд суралцаж болно. Үүний тулд дадлага сайн хийх хэрэгтэй
Сайн бичигч байхын тулд зөвхөн дээрх арга барилуудыг эзэмшээд зогсохгүй дараахь зүйлүүдийг тогтмол хийж байх нь зүйтэй.
• Их унших. Уншихдаа анхаарлаа төвлөрүүлэн унших нь чухал. Аль болох мэргэжлийн өндөр түвшний сэтгүүлүүдийг унших хэрэгтэй. Унших материал нь заавал шинжлэх ухааны чиглэлийн байх албагүй. Гол нь чадварлаг зохиогчийн бичсэн ном эсвэл сайн сэтгүүлчийн бичсэн өгүүлэл байх нь чухал. Уншихдаа мэргэжлийн хүмүүс ямар хэлбэрээр бичиж байна? Хэрхэн уншигчидын анхаарлыг удирдаж, татаж байна гэдгийг анзаарах хэрэгтэй.
• Цаг зав гарвал өөрөө сэтгүүлд юм бичиж бай. Их бага нь хамаагүй. Бичих хэрэгтэй.
• Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих аргачлалтай холбоотой сургалт, семинарт хамрагдах
• Өөрийн судалгааны ажлын талаар аль болох хүмүүстэй их ярилцах. Заавал судлаач, эрдэмтэн байх албагүй. Хэн ч байж болно. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт олон. Өөрийн санааг, судалгааны ажлаа бичиж эхлэхээс өмнө хүмүүстэй ярилцах нь их өгөөжтэй байдгийг анхаарч авбал зохино.
• Бичиж байгаа өгүүлэлээ уйтгартай болохоос зайлхийх хэрэгтэй. Уншигчидаа залхааж болохгүй. Ихэнхдээ хүмүүс шинжлэх ухаан чиглэлийн материалыг уншихаасаа халширдаг. Төвөгтэй, хэцүү хэмээн боддог. Гэвч судалгааны өгүүлэлийг ч сонирхолтой, анхаарал татам бичиж болдог.
• Онгодоо орох мөчийг хүлээх хэрэггүй. Миний ихэнх оюутнууд надад тайлбар хэлэхдээ: Би зөвхөн онцгой өдрүүдэд л бичиж чаддаг. Тэр өдрүүдэд л нэг урамтай бичдэг. Бүтэн сар гарсаны дараа сайхан унтаж босоод гайхалтай бичдэг зэрэг тайлбар өгдөг. Энэ бүхэн бүгд ташаа ойлголт. Сайн өгүүлэл бичихийн тулд ямар ч онгод дуудах эсвэл онцгой нөхцөл бүрдүүлэх шаардлагагүй.
• Юм бичнэ гэдэг маш хэцүү гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Хэний ч хувьд ижилхэн. Өндөр мэргэшсэн зохиогч, сэтгүүлчидийн хувьд ч бичих гэдэг амаргүй ажил. Иймд би чадахгүй байна, энэ маш хэцүү юм гэж битгий бод. Шантрахгүйгээр бичих хэрэгтэй. Энэ сургалтаараа би танд хэрхэн бичих, тэр тусмаа хялбар бичих талаар зөвөлгөө өгөх болно.
• Сайжруулах үе шат. Би танд энэ сургалтаар эзэмшүүлэхийг хүсч байгаа дадал бол өгүүлэлээ сайжруулах арга зам. Ихэнх судлаач нар үүнийг хийх дургүй байдаг. Тэд нар эхний бичилтээрээ л төгс зүйл бичээд улмаар түүнийгээ дахин харахыг ч хүсдэггүй. Энэ бол буруу. Эхлээд үзэг цаас аваад санаанд орсоноо, санаагаа буулгаж ав. Дараа нь түүнийгээ дахин, дахин сайжруул.
• Дараагийн танд заах зүйл бол бичсэнээ хайр найргүй хасаж, засаж сурах юм. Өөрийн бичсэн үгсээ устгана гэдэг амаргүй. Гэхдээ та хянан засварлагч нар хэрхэн хайр найргүй хасдагийг суралцах болно. Учир нь ихэнх шинжлэх ухааны сэтгүүлүүд үгийн тоо, хуудасны тоо заадаг. Өөрийн гол санаагаа заасан хэмжээнд багтаан бүрэн илэрхийлж сурах нь маш чухал. Зарим оюутнууд маань би үүнийг 300-н үгээр бичлээ. Надад үүнийг 50-100-н үгэнд багтаахаар болгоход туслаач, гэх нь бий. Би үүнийг хийдэг шүү.
• Чадвал сайн хянан засварлагч олж аваарай. (Хянан тохиолдуулагч гэж орчуулаад байдаг Editor гэсэн үгийг би ингэж бичээд байгаа юм.) Хянах уншилтыг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх хэрэг ер байхгүй. Тэс хөндлөнгийн хүн унших тусмаа сонирхолтой, хэрэгцээтэй зөвөлгөө өгөх нь ч байдаг. Тэр хүмүүс хэлэх гэсэн санааг чинь ойлгож байгаа эсэх нь маш чухал шүү дээ.
• Энэ хичээлийн төгсгөлд өгөх зөвөлгөө бол бичихдээ эрсдэлээс эмээх хэрэггүй, гэж хэлмээр байна. Шинжлэх ухаан өөрөө эсрдэлээр дүүрэн. Иймд та өөрийн өгүүлэлийг зөв буруу хэмээн шүүх хэрэггүй. Санаа байгаа бол түүнийгээ гарга. Нийтэд хүргэ. Өөрийнхөө хүссэнээр, хэлбэрээр бич. Тэгээд өөрийгөө олж ав.
sain uu/ Uranaa
Bi bas ene surgaltand hamragdaj bgaa shuu. chinii web huudasnaas olj medsen. Bayarlaj bna shuu. naiz ni.
ene surgalt ih zugeer surgalt bna. Ih saihan hicheeluud bsan. chamd bayarlalaa.
Сайн байна уу, Түвшээ. Амжилттай сурч байгаа гэдэгт итгэж байгаа. Би нэг виртуаль өрөө нээсэн ш дээ. Сурч байгаа хүмүүс бие биендээ зөвөлгөө өгдөг. Би чамд хаягийг нь мэйлдье. Би 2 дахь зохион бичлэгээ маш сайн хийгээд их урамтай байгаа. Шаардлага өндөр ч үнэхээр их зүйл сурч байнаа.
Багш гэж харамгүй сэтгэлтэн гэдэг нь таниас эрхгүй харагдах юм.
🙂 Setgelees garsan ug setgeld hurnem.