Цахим гэдэг үг хэллэг бидэнд шинэ байсан үе саяхан билээ. Гэтэл одоо энэ үгийг эгээ л Монгол хэлний эх үгийн санд байсан мэт хялбар хэлж өргөн ашиглаж байна. Электрон сурах бичиг, электрон сургалт гэх зүйлсийг орчуулахдаа ЦАХИМ гэдэг үг хэллэг оруулж ирж байсан. Сүүлийн үед дикитал, тоон гэсэн үг хэллэг ч яригдах боллоо.
Цахим харилцаа гэхээр харилцааны нэг төрөл болж таарна. Харилцаа хүн бүрийн өдөр тутмын эрэлт хэрэгцээ юм. Харилцаа нь хүн бүрт олон талаараа онцгой үүрэгтэй амьдралын өдөр тутмын үйл ажиллагааны нэг гол хэлбэр билээ. Харилцааг сайн хийж чаддаг хүмүүс ихэнх нь Удирдагч, Манлайлагчид болж амьдралдаа амжилттай сайн явдаг. Тэгэхээр харилцаа бол маш чухал болох нь батлагдаж байна. Цахим харилцаа нь уламжлалт харилцаанаас юугаараа ялгаатай вэ? гэсэн асуулт тавьцгаая. Уламжлалт харилцаа гэж бодитоор хийгдэж байгаа харилцаа гэж ойлгоё. Тэгвэл бодит бус хэлбэрийн: имэйлээр, мессэжээр, болон бусад нийгмийн сүлжээний бүх хэлбэрээр явагдаж байгаа харилцааг ЦАХИМ ХАРИЛЦАА гэх нь байна.
Цахим харилцаа нь сайн болон саар талуудтай. Сайн талууд гэвэл: зөвхөн текстэн мэдээлэл солилцоод зогсохгүй дуу авиа, дүрс бичлэг, зураг зэрэг олон төрлийн нэмэлт зүйлсийг солилцож болно. Мөн нэгэн зэрэг богино хугацаанд олон хүнд мэдээлэл түгээх харилцаа үүсгэх боломжтой. Саар тал нь үл ойлголцол үүсэх эсвэл цахилгаанаас бас сүлжээнээс шууд хамааралтай байх зэргийг нэрлэж болно.
Орчин цагийн иргэдэд цахим харилцаа нь бодит харилцаанаас ч илүү чухал болсон тул ХҮН бүр цахим харилцаанд зөв боловсон орж чаддаг, өөрийгөө цахим харилцаанд зөв илэрхийлж чаддаг байх нь тэр хүнд олон давуу талыг бий болгоно.
Иймээс энэхүү цуврал бичлэгүүдээр цахим харилцааны тухай өөрийн туршлага болон олон улсын мэдээллүүдийг Тантай хуваалцаж байхаар эхлүүлж байна.
Recent Comments