Цуглаж төрөөд цуварч буцдаг Хорвоо…

Эцэг эхээс тавуулаа төрж, хамтдаа өссөн сөн. Одоо 3 боллоо. Эхлээд нэг эгчээ аюулт хорт хавдараар алдсан. Тэр аймшигт өдрөөс хойш аль хэдий нь таван жил өнгөрсөн байна. Гэтэл саяхан том эгчээ мөн л ийм оноштойгоор алдлаа…

Юу ч гэхэв дээ… Хэлэх ч үг олдохгүй юм. Бодогдоод л байна, эгч минь. Яагаад, яагаад ийм хурдан юм болчихов? Бид юу хийж чадах байсан бол? эртхэн мэдсэн бол? Мэдсэнээсээ хойш юу хийсэн билээ? гэх мэтээр түмэн асуулт, мянган харуусал сэтгэлд эргэлдсээр. Хавдар гээч өвчин хамаг монголын минь ард түмэн цөөрөх нэг том шалтаг, шалтгаан болсоор байна. Оношлогдоод сар ч болсонгүй. Ийм хурдан амь насанд нь хүрнэ чинээ санасангүй…

Тэр бэрх өдрөөс хойш нэгэнтээ есөн өдөр өнгөрөн оджээ. Цаг хугацаа чи хаашаа ингэтлээ яарнам? Цаг хугацаатай хамт өвчин зовлон, уй гашуу, хагацал, бодрол урсан урссаар байх юм. Энэ л цаг хугацаа биднээс бүгдийг минь авч оддог шигээ бидэнд олон зүйлийг урьдчилан хэлэхгүйгээр авч ирдэг.

Юу болоод байгааг мэдэхгүй урсгал даган хөвөрсөөр энэ өдрүүдийг өнгөрөөжээ. Одоо цаашдаа яах вэ? Хэрхэн амьдрах вэ? Амьдралын утга учир хаана байна вэ? Юуны төлөө яах гэж амьдарна вэ? гэсэн олон бодлууд толгойд тасралтгүй хөвөрсөөр л…

Эргээд хэзээ ч уулзахгүй, нэг ч үг сольж чадахгүй болно гэдэг зөвшөөрөхөд хэцүү зүйл юм. Гэвч энэ бол гашуун үнэн. Одоо би хайрт эгчийгээ дахин хэзээ ч харах боломжгүй боллоо. Аав ээжээс минь хойш дүү бидэндээ аав ээжийг орлосон том тулгуур, багана минь байсаан Та. Нэг л өдөр энэ багана маань ингээд нуран унах юм гэж бодоогүй л явж дээ бид. Эцэг эхээсээ үлдэж хоцорсон, эгчийгээ алдсан. Одоо дахиад нэг эгчээ явууллаа. Бурхан минь, ийм л үед бид мөнхийн бус энэ хорвоод юуны төлөө яах гэж яваагаа эргэцүүлэн тунгаадаг ажээ.

Цуглаж төрөөд цуварч буцдаг нь Хорвоогийн жам, гэж нэгэн газраас уншсан санагдана, Би. Юу гэж байгааг нь тэр үедээ сайн ойлгоогүй юм байна. Одоо л энэ үгний мөн чанар бас үгүйсгэх аргагүй үнэнг биеэрээ мэдэрч сууна.

Бид бүгд энд цугларсан, энэ цагт. Бид бүгд цуваад л буцна. Ийм л жамтай. Үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Иймд эгчийнхээ араас буян их хийж өөрт оноогдсон тавилангаа үүрэн хорвоогийн жимээр би цааш алхах ёстой болж байна.
Бурхан минь, надад сэтгэлийн тэнхээ хайрла. Бусдыг энэрэх, хорвоог хайрлах, хагацалыг даах ухаан хайрла!!!

2 comments to Цуглаж төрөөд цуварч буцдаг Хорвоо…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>