Хүмүүст сурахын тухай ухуулан ярьж эхэлсээр багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд олон янзын хүмүүстэй тааралдаж элдэв төрлийн асуултанд хариулах хэрэгтэй болдог байв. Асуултуудыг нэгтгэн дүгнэвэл нэг л том асуулт руу хүрч очиж байна.
Энэ бол: Суралцах юунд хэрэгтэй юм бэ? гэсэн асуулт юм. Энэ л асуулт төрөл бүрийн хувилбараар асуугдсан ажээ.
Яагаад сурах гэж? Яагаад насан туршаа сурах ёстой гэж? Яагаад мэргэжлээсээ өөр ямар нэгэн юм сонирхох ёстой гэж? Сурах ер нь юунд хэрэгтэй юм? Сургууль ерөөсөө юунд хэрэгтэй юм? Дээд боловсролгүй ч сайхан амьдрах боломжгүй гэж үү? гэх мэтээр олон асуултын цаана нэг л санаа явна. Суралцах юунд хэрэгтэй вэ? гэж…
Хүн, бид энэ ертөнцөд маш богинохон хугацаанд зочилж байгаад тэгээд хаанаас ирсэн нь тодорхойгүй шиг хаашаа ч юм буцдаг. Бид нүдээ нээгээд л шинэ ертөнцтэй танилцаж зөнгөөрөө “СУРЧ” эхэлдэг. Эхлээд халуун хүйтнийг мэдэрч сурна, улмаар хөл гар, толгой биеэ мэдэрч эмх цэгцтэй удирдаж сурна, тэгээд юмсийг ажиглаж сурна, тэгэж байгаад сууж сурна, мөлхөж сурна, явж сурна, тэгээд ярьж сурна даа… Энэ СУРНА гэсэн жагсаалт буцан буцтал үргэжилнэ. Эндээс хөнгөхөөн дүгнэлт хийхэд хүн гээч амьтан төрөлхөөсөө л СУРАХ ЧАДВАРТАЙ төрдөг байна. Бид төрмөл чадвараа л насан туршаа ашиглах учиртай болохоор сурах гэдэг бол бидний мөнхийн эрэлт хэрэгцээ гэдэг нь батлагдаж байна.
Ардын цэцэн үг байдаг: “Хүн үхэн үхтэлээ сурч байдаг” аа гэж. Сурч дуусахгүй юмаа, Сурах юм дуусахгүй юмаа гэх мэтээр хүмүүс ярьцгааж байдаг. Сурна гэдгийг ямар нэгэн анги танхимд сууж, төлбөр төлөөд хичээл заалгахаар дагнан ойлгож болохгүй нь эндээс харагдаж байна. Бид эргэн тойрны бүх зүйлээсээ цаг үргэлж суралцаж байдаг. Бүүр унтаж байхдаа ч сурч болдог талаар эрдэмтэдийн судалгаа, нотолгоо ч бий шүү дээ. Ийм болохоор суралцах гэдэг бол бидний байнгын хийж байх ёстой жирийн л нэг үйлдэл болох нь харагдаж байна. Мөнхийн эрэлт хэрэгцээг хангахын тулд бид ямар нэгэн юмыг сурч л байвал амьдрал утга учиртай бас зорилготой сайхан болдог байна.
Үүнд суралцахын мөн чанар оршино. Амьдралаа утга учиртай, сонирхолтой болгох гол арга зам нь зорилготойгоор суралцах юм. Би энийг сурнаа, гэж өөртөө хэлсэн л бол сурах л хэрэгтэй. Тэгвэл та зорьсондоо хүрч өөртөө За бол Ёогүй хүн болно. Сурч байхад хүн цаг заваар бага байдаг. Завгүй хүнд буруу зөрүү үйлдэл хийх, дэмий тэнэх, бусдад уруу татагдах, эсвэл муу зуршилд автах зэрэг сул цаг байхгүй болно. Байнга сурдаг хүн мэдлэгийг эрхэмлэн дээдлэгч болно. Аливааг үзэх үзэл бодол өргөн цар хүрээтэй болно. Хүмүүсийг уйдаахгүй олон төрлийн сэдвээр ярилцах чадвартай болно. Юмыг богино хугацаанд том хүрээгээр хардаг, тийм байдлаар хариу үйлдэл хийдэг болно. Суралцах гэдэг ийм л чухал зүйлийг хүнд өгч байдаг. Хорвоо насаараа сураад ч барахгүй тийм их өргөн мэдлэгээр дүүрэн бөгөөд тэр мэдлэг нь ямагт өсөн нэмэгдэж байдаг учраас бид насан туршаа суралцах хэрэгтэй болдог хэмээн би бодном.
Аливааг сурах сайхан. Сурсан зүйлээрээ бусдад дэм өгөх бүр сайхан. Хийж бүтээх сайхан. Ингээд л амьдрал чинь өөрөө нүдэн дээр чинь цэцэглэн өөдлөх болно. ЮМ сурсан л брол хэзээд хэрэг болно. Та үр шимийг нь амсахдаа л амсана.
Залуусаа, залхуурч хойргошихгүй, байгаадаа цадахгүй СУРААД БАЙГААРАЙ.
Recent Comments