10-р ангиа төгссөн жил Германд сурна гэхэд аав минь огт зөвшөөрөөгүй юм. Тэгээд л хүн хорьсон юманд улам сонирхолтой болдог ёсоор би дотроо энэ орныг ихэд сонирхдог байв. Орост сурч байхдаа манай курст байсан 4-н германы нэгэнтэй нь нөхөрлөж авав. Сүүлдээ хамт нэг өрөөнд амьдарч улам дотно болсон. Энэ бол герман хүмүүсийн талаар мэдээлэл, мэдлэг олж авах эхний алхам байлаа. Герман найзтайгаа одоо болтол нөхөрлөсөөр ирэх жил танилцсаныхаа 30-н жилийг тэмдэглэх нь байна. Цаг хугацаа хурдан юмаа.
1993 онд анх ханьтайгаа хамт германд ирж үзэж байлаа. Тэр цагаас хойш олон ч ирж буцаж дээ. Хүмүүс надаас Германд хэрхэн явах, энд сурах, ажиллах амьдрах боломжийн талаар их асуудаг. Герман сонирхож байгаа хүмүүст хэлэх зөвөлгөө байнаа.
1. Хэл сураа. Англи эсвэл герман. Аль нэг хэл нь заавал хэрэгтэй. Ирээд сурна гэж байхгүй. Эхний удаад энэ 2 хэлний ядаж нэгтэй байх хэрэгтэй. Герман сонирхож л байгаа бол яг одооноос хэлээ үз. Тэгээд бусад юм нь аяндаа болно гайгүй.
2. Хүнтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Манайхан үнэндээ харьцаа муутай. Ердөө өөрийгөө л бодно. Хүссэнээ авсан, сонссон, хүртсэн бол БАЯРЛАЛАА огт байхгүй. Эргэж холбогдох ч үгүй, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. ТАГ АЛГА болдог. Ийм байдалтай бол германд ахихгүй. Албан болоод хувийн харьцаанд маш сайн ХАРИЛЦААТАЙ байх ёстой. Мэдээлэл өгч авах, болсон болоогүйгээ хэлэх зэрэг энгийн соёлыг сурсан байвал зохилтой.
3. Хэлсэндээ байж сурах. Манайхан хэлснээ хийгээгүй бол ӨӨ МАРТЧИХАЖ, УУЧЛААРАЙ гээд л болоо. Юун сүртэй юм гээд бүүр уурлана гээч. Энд тийм байваас удалгүй тантай хэн ч харьцахгүй. Соёлтой хүмүүс учир манайхан шиг ил тод хэлэхгүй. Гэхдээ л шууд зайгаа барина. Иймээс эхнээсээ л хэлсэндээ байх хэрэгтэй. Өө би болилоо. Мартчихаж, андуурчихаж, буруу ойлгочихож, дараа болъё гэх мэт үгнүүд нэмэр болохгүй.
4. Цаг барих. Үүгээрээ германчууд дэлхийд алдартай. Маш сайхан соёл. Энд мөнгөнөөс цаг илүү үнэтэй. Хүнд санаа тавьж анхаарч, тоож байгаагаа тэр хүнд цаг гаргах байдлаар харуулдаг. Хүнтэй ярихдаа зөвхөн тан руу хараад тантай л ярина. Манайхан хамгийн аймаар нь хүнтэй уулзъя гэчихээд гар утсаа малтаад эсвэл өөр тийшээ хараад яриад байх нь элбэг. Ямар ч тохиолдолд ЦАГИЙГ ХАТУУ БАРИМТАЛНА. Ямар нэгэн үйл ажиллагаа ЭХЛЭХ бас ДУУСАХ цагтай байна. Энэ нь цаг төлөвлөлтөнд маш эерэгээр нөлөөлдөг. Иймд герман сонирхож л байгаа бол эртнээс өөртөө цаг барихыг сургах хэрэгтэй.
5. Герман руу ирэх хамгийн шулуун болоод шудрага зам бол СУРАЛЦАХ. Тэгэхээр өөрийнхөө насанд тааруулаад ямар түвшинд хир хугацаагаар сурах боломжтой байгаагаа тооцоод шууд л бэлтгэж эхлэх хэрэгтэй. Хэнээр ч зуучлуулах хэрэггүй. Бас хэнд ч найдах хэрэггүй. Олон төрлийн тэтгэлэг зарладаг, олгодгоороо Герман улс алдартай. Та зөвхөн бэлтгэлээ сайн базаагаад л өргөдлөө цагт нь зөв газар өгөхөд болно. Өөрийгөө шүүж хаах хэрэггүй. Дэлхийн бүх орны иргэн авч болоод байгаа тэтгэлэгт хөтөлбөрт, сургалтанд танд ч ижил боломж байгаа. Өөрөө хүс. Төлөвлө. Бас өргөдлөө өг. Тэгээд л хариугаа авна шүү дээ.
6. Хэзээ ч ямар нэгэн баримт худлаа бүрдүүлж болохгүй… Герман орон сайхан ч энд хараар байна гэж санах ч хэрэггүй. Ганц насаа тэгэж баллав даа хүмүүсээ. Сайхан эх орон байхад энд худал ярьж хэдэн цаас харж суух хэрэггүй шүү. Энд байваас эдний иргэнтэй ижил эрх дархтай толгой дээгүүр л байх зам сонгоорой. Тийм замд хүрэх алхам бол ХЭЛ СУРАХ, тодорхой зорилготойгоор ирэх.
Төгсгөлд нь тэмдэглэхэд хүний газар бол хүний л газар. Иймд эх орондоо очоод юу хийж, яаж амьдрах вэ, энд сурсан мэдсэнээ яаж хэрэгжүүлэх вэ? гэдгээ эхнээсээ бодох нь зүйтэй шүү…
Яаж ийгээд нэг жим гаргачихсан байхад тэгээд болдог бололтой юм. Өөрийн өчүүхэн туршлага, туулсан бодит амьдралаасаа ургуулан бичлээ. Буруу зөрүү зүйл байваас уучлан өршөөнө буй заа, Эрхэм Уншигч авхай.
Recent Comments