Гадаад оронд сурч, ажиллахаар төлөвлөж байгаа хүмүүст хүргэх зөвөлгөө: 1

Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз
Суусан цэцнээс явсан тэнэг дээр
гэх мэтээр ард түмэн хол газар явж бусад хүмүүсийн амьдралтай танилцах, улмаар сурч боловсрохын чухлыг эртнээс сургаж иржээ. Тийм ээ, Та аль болох насны залууд олон зоны газар хөл тавьж хүмүүний амьдралтай танилцах аваас тэр таны цаашдын амьдралд олон талаараа эерэгээр нөлөөлөх болно. Өчүүхэн миний бие энийг өөрийн биеэр туулж мэдэрсний хувьд одоо гадагшаа гарч сурч, ажиллахаар зэхэж байгаа залуу хүмүүст багахаан зөвөлгөөнүүдийг хүргэе гэж бодлоо.
Зорилгоо тодорхойлох
Эх орноосоо хол явна гэдэг тийм ч амар зүйл биш. Зүгээр л бусдыг дуурайж эсвэл хэн нэгэнтэй барьцаад гадагшаа явж огтхон ч болохгүй. Учир нь тэр хүний явсан замнал танд таарна гэсэн баталгаа хаана ч байхгүй. Хаашаа ямар зорилгоор ямар хугацаагаар явах вэ? гэдгээ сайн бодох хэрэгтэй. Эс бөгөөс нэгэнт хөдөлсөн чулуу байраа олох гэж 3-н жил зовдог шиг гадагшаа явна гээд бусниулж орхисон амьдрал эргэж байрандаа ороход ихээхэн цаг бас хөрөнгө мөнгө шаардах болно. Зорилгоо зөв бодитоор тодорхойлж чадах аваас та бодсондоо хүрэх замынхаа талыг туулчихлаа л гэсэн үг болно.
Ямар зорилгоор гадагшаа явж болох вэ?
Юун сонин юм асуудаг юм гэж бодож байж болох? Сурах, ажиллах, зугаалах гээд л олон зорилго байж болно. Жишээ болгоод СУРАХ зорилгыг авъя. ГАДААДАД СУРНА. Ингээд л болоо юу? Зорилго тодорхой. Энэ хэсгээ давчихлаа гэж санаж байна уу? Тэгвэл огтхон ч тийм биш шүү гэж хэлье. Сурна гэдэг үгний цаана маш олон зүйл байгааг та үнэхээр ухамсарласан уу? Яг юу сурах юм? Ямар мэргэжлээр? Хаана, аль улсын ямар хотын ямар түвшний сургуульд? Хэдий хугацаагаар? Төлбөр мөнгө нь хэд вэ? Түүнийгээ хаанаас олох вэ? Байр яахав? Даатгал яахав? Дундаасаа няцахгүй биз? Хэлний чадвар хир билээ? Төгсөөд яахав? Эзэмшсэн мэргэжлээрээ ажилд орох магадлал хир вэ? Ямар цалин авах бол?
Энэ бүхэн сурах гэсэн зорилгот багтана. Өөрөөр хэлбэл зорилготоо хүрэхийн тулд учирч болох бүх асуудлуудыг давхар бодох ёстой гэсэн үг юм. Тэгвэл яаж энэ асуултуудад хариулах вэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүй. Та сурахаар явах гэж байгаа бол юуны өмнө чиглэлээ сонгох хэрэгтэй. Улмаар тухайн чиглэлээр хамгийн алдартай сургуулиудын талаар судалж эхлэх нь зүйтэй. Мэдээж хамгийн алдартай сургуульд сурахад их мөнгө хэрэгтэй болох байх. Тэгвэл заавал тэр алдартай сургуульд сурах гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Тэр сургуулийн хөтөлбөрийг судлаад үнэ төлбөргүй хамрагдаж болох боломж байгаа эсэхийг хайх хэрэгтэй. Юм харагдаж байгаагаасаа өөр байх нь олонтаа. Яг тэр сургуулийнхаа хөтөлбөрийг зайнаас ч юмуу судлаад үзэхээр түүнтэй ижил төсөөтэй сургалт явуулдаг өөр бусад сургуулиудыг олох боломжийг та олж харах болно. Өөрөөр хэлбэл алдартай сургууль гэхээрээ л бүх юм нь төгс гэсэн баталгаа бас байхгүйг ойлгоно. Ямар ч алдартай сургуулиуд олон түмний танил болсон цөөн тооны Төгсөгч нараараа алдаршсан байдаг. Иймээс чиглэлээ нэгэнт сонгосон бол заавал тийм их алдартай үнэтэй сургуулийг биш харин сурах орчинг хамгийн сайн бүрдүүлж чадсан өөрт чинь таалагдах тийм сургуулийг хайж олох нь зүйтэй.
Сургууль товлох амаргүй байвал суралцах орноо тодорхойлж зорилготоо багтаагаарай.
Явах зорилгоо баттай ойлгож зорилготоо хүрснээр өөртөө бий болох ирээдүйгээ бодитоор харж чадах нь Та хүссэндээ хүрэхэд хамгийн ихээр тусалдаг чухал зүйл юм шүү.
Бэлтгэл ажил
Нэгэнт зорилготой болсон хойно одоо гадагшаа явах бэлтгэлээ нэн даруй эхлэх хэрэгтэй. Яаж? гэж асуух байх. Юуны өмнө хаашаа ямар улс руу явах гэдгээ баримжаалаад хэлээ сайжруулж эхлэх хэрэгтэй. Хэл сурахад цаг их ордог учир хэзээ ч хойшлуулахгүй эхлэх ёстой чухал алхам бол хэл сурах. Ямар ч хэл бай энэ хэлийг сурснаар би тэгнэ, ингэнэ гэж өөртөө сайн ойлгуулж өгөх хэлийг богино хугацаанд сайн сурах үндэс болдог. За яахав? очоод болох байлгүй. Орчинд нь л очоод шижигнэтэл сурчихна гэх мэтээр өөрийгөө өмөөрөх огт хэрэггүй шүү. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Энэ бол бага насны хүүхдүүдэд байж болох зүйл. Насанд хүрсэн хүн гадаад хэлийг тийм ч хурдан сурахгүй. Хэлтэй байж л гадагшаа гишгээрэй дээ. Хэл бол маш чухал шүү. Хэлийг үнэ төлбөргүй сурах сайхан арга бол зайн сургалтуудад хамрагдах, хэл сурах аппсуудыг гар утсандаа суулгаад тогтмол хэрэглэх юм. Хүссэн л бол хэл сурахдаа өдөр бүр тогтмол цаг зарцуулж байх хэрэгтэй. Тэр хэл дээрээ дуу сонсох, кино үзэх зэргээр чихээ ойнгойлгохоо ч мартаж болохгүй. Харилцан яриа цээжлэх түргэн хугацаанд ярьж сурах сайхан арга шүү. Учиргүй дүрэмэнд зовоод хэрэггүй. Тэгэж байтал дүрэм өөрөө хүрч ирээд хүчээр тархинд суучихдаг юм. Иймд ном сайн уншиж, өгүүлбэр сайн тогтоох хэрэгтэй дээ…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>