Энэ хорвоод хамгийн хэцүү зүйл нь нэгэнт өнгөрсөн хэнтэй ч болов эргэн уулзах боломжгүй байдаг “хагацал” юм. Амьд байхад нь бид мэдсээр байж хайртай хүмүүсээ тоохгүй л өдөр тутмын асуудалдаа хямарсаар дуусдаг. Гэтэл нэг л мэдэхэд бид хайртай хүмүүсээ алдсан байдаг. Эргэж ирэхгүйгээр одсон хүмүүийнхээ араас “буян хийх” нь бидний сэтгэлээ тайтгаруулах гол арга зам байдаг билээ. Буян хийнэ гэхээр л, гандан гарч ном уншуулах, хурал даах зэрэг хэлбэрүүд хамгийн түрүүнд санаанд орж ирдэг.
2015 онд бид Хайрт эгчээ алдсан юм. Эгч маань эмнэлэгт хэвтэж байгаагүй ч бусад хүмүүсийн л адил хааяа биеэ өвдөхөөр дураараа эм ууж, сайн гэсэн эмчилгээг хийлгээд л явдаг байлаа. Гэтэл сүүлчийн удаа үнэхээр эмнэлэгт хандахгүй болохгүй нь гэсээр эмчид очих болсон. Өрхийн эмч хавдар судлалын төв рүү илгээлээ. Ингээд л “хавдар” гэсэн айхтар онош тогтоогдож бид бүгд хүнд цохилтонд орсон. Эгч маань энэ үгийг сонссон өдрөөс л эрс өөрчлөгдөж бидэнтэй ч ярихаа байж, орноосоо ч босохоо больсон. Эмнэлэг, эмч нар ямар ч эмчилгээгүй гээд юу ч хийгээгүй. Энэ нь бидэнд ч эгчид маань ч байдлыг улам хэцүүдүүлж байсан даа. Улмаар бид эмнэлэг олж хэдэн хоног хэвтүүлж эмчлүүлсэн ч эгч маань онош тогтоогдсоноос хойш сар ч бололгүй тэнгэрт хальсан.
Болдог бүх л зүйлс болдогоороо болж өнгөрлөө. Амьдрал үргэлжлэх ёстой учир ирсэн хүмүүс тарч одоод эгчийг минь байгаагүй мэт амьдрал үргэлжилнэ… Үхсэн нь мартагдаж яваад Үлдсэн нь үргэлжлүүлэн амьдардаг хатуу хуулийг зөвшөөрөхөөс аргагүй ч хайртай эгчээ би дурссаар л явна. Эгчийгээ санах тусам, тэр хүн амьд байсан шүү, тэр хүн сайн хүн байсан шүү гэж дурсах, дурсуулах хүсэл төрнө. Ингэж бодоод яаж буян хийх вэ? гэж бодлоо. Гандан гарах, ном уншуулах… Мэдээж энийг хийнэ. Тэглээ гээд эгчийг минь хүмүүс дурсах уу, амьд байгаа хүмүүс эгчийг минь сайнаар дурсан, араас нь маань уншаасай гэж би хүснэ. Энэ бодолдоо хөтлөгдөн эгчийнхээ бүх амьдралаа зориулсан сургууль дээр нь нэрэмжит олимпиад явуулахаар шийдсэн билээ. Өнгөрсөн жил болоод энэ жил олимпиад маань амжилттай болж, одоогоор 3-5р ангийн 200 гаран хүүхэд хамруулаад байна. Оролцсон хүүхэд бүрийг баярлуулж, түрүүлсэн хүүхэд бүрийг урамшуулж, зохион байгуулахад тусалсан сургуулийнх нь хамт олонд мөн талархсан 2 жил өнгөрлөө. Энэ маань буян хийх зөв арга мөн болов уу? Цаашид яах вэ? гэж бодож сууна…
Та нэгэнт өнгөрсөн нэгнээ бодож, буян хийхийг хүссэхээрээ юу хийдэг вэ? Надтай хуваалцаач… Надад зөвлөөч…
Би тэнгэрт одсон аав ээж, 2 эгчийнхээ араас буян их хиймээр байна…
Recent Comments