Нэлээн хэдэн жилийн өмнө автобусанд явж байхдаа найз хүүхэндээ мессеж явуулахдаа “busand” явж байна гэж бичсэнээс эхлэлтэй хэсэг хөгжилтэй яриа өрнөсөн юм. Мессеж уншсан найз маань намайг Бусаан хотод явж байна гэж ойлгоод би болохоор Буусанд явж байна гэж бичээд… харилцан жаал инээлдэж байсан юм даг. Тэр үед Бусаан гэж тэр хотод очно гэж бодож байсангүй. Хэдхэн хоногийн дараа тэр хотыг үнэхээр үзэх нь байна би, буцах замдаа Бусаан орноо.
Солонгос улсын Улсаан хотноо бодноо болж байгаа олон улсын хуралд оролцохоор явна. Эхний зогсоол Чонбукийн их сургууль. Өнөөдөр олон чухал профессоруудтай уулзаж танилцан ажил хэрэг өрнүүлэх өөдрөг сайхан бодолтой, хүлээлттэй сууж байна. Мөн удахгүй хуралд тавих илтгэл юугаа ч бэлтгэж байна.
Өчигдөр энэ улсын нийслэл Сөүл хотын төвд байх Хааны ордон музейг товчхон үзлээ… Дотоод чимэглэл, хээ хуар нь манайхтай их төсөөтэй санагдлаа. Сайхан засаж сэргээж, жуулчдыг татахаар их зүйл хийж байгаа нь илт харагдаж байв. Ирсэн хүмүүст солонгос үндэсний хувцас түрээслэх газар эргэн тойронд нь их байдаг юм байна. Эгээ л хэдэн зууны өмнө эргэн очсон мэт эргэн тойрон үндэсний хувцастай хүмүүс явах юм. Хуучны загвартай ордон хүрээн дотор холхилдох үндэсний хувцастай хүмүүсийг харахад тэртээ олон жилийн өмнө очсон мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байх жишээтэй. Бид шимтэн үздэг олон ангит Жангум киноны зураг авалтыг энд л авсан болов уу гэж бодлоо. Тэр кинонд дуртай учраас баахан зураг дарлаа, кинон дээр энд ингэж гардаг, тэр зургийг энд авсан бололтой гэж олон давтан яриад тосч авч үйлчилсэн багшаараа шоолууллаа…
Маш их таалагдсан, бас их зүйл бодлоо… Манай эрх мэдэл бүхий, мөнгө төгрөгтэй хүмүүс Богд хааны ордон музейг яг ийм байдлаар засаж тохижуулаад эндээс бэлэн санааг авч хувцас хэрэгсэл түрээслэн аялал жуулчланы бас нэг сайхан газрыг бий болгох боломж бүрэн байгаа юм байна гэж бодогдов.
Эрхэм дарга нараа, эрх мэдэлтэнгүүдээ, мөнгө төгрөгтэй болж хөл дээрээ боссон хүмүүсээ, Эх орондоо сэтгэл гарган ийм зүйлийг дэмжин хийгээч ээ, гэж уриалмаар, хүсмээр санагдлаа.
Мөнгөтэй бас мэдэлтэй ч болоосой… Үр хойчдоо хэрэгтэй, эх орноо хөгжин бадрахад дэмтэй зүйлийг ихээр хийхсэн…
Яадаг ч байсан өнөөдөр өөрийн хэмжээндээ сайн ажилланаа. Эх орноо, сургуулиа төлөөлж байгаа хүн би зөв ярьж, зөв харагдаж, амжилттай ажиллах ёстой. Хүн болгон өөр өөрийн ажлаа сайн хийгээд байхад сайхан цаг ирнэ гэдэгт итгэдэг.
Та бас сайн ажиллаарай.
Амжилттай сайхан өдрийг алсын Солонгос улсаас хүргэе.
Recent Comments