Үр хүүхдээ дутуу гаргаж, гаргаад алдахын зовлонг биеэрээ туулж явсан он жилүүдэд “Бурхан минь, үр хүүхдийг минь тогтоож өгөөч…” гэж хамаг л чадлаараа гуйж мөргөдөг байсан сан. Тэр үед дэмтэй тустай гэсэн бүхний араас хайрт ханьтайгаа хөтлөлдөөд л явж өгдөг байлаа. Эмнэлэгээр ч их явсан даа. Тэр бүхний хүч үү, эсвэл цаг нь болсон уу, ямар ч байсан одоо бидэн сайхан хүү, охиноо 2 оо өсөж томрохыг харсаар сууна.
Цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм. Нэг мэдсэн бид зуугийн тал руу явж харин алаг үрс минь ид цэцэглэн өсөж том хүн болж байна. Хүү мань эрийн цээнд хүрж иргэний тоонд орж 18-н нас хүрэхэд хэдхэн хоног үлджээ… Миний сэтгэл ихэд хөдөлнө. Дунд сургуулиа дүүргэхэд нь л догдлоод юу өмссөн бол, яаж харагдаж байгаа бол, баяртай байж чадаж байгаа болов уу, гээд л шаналаад ч байгаа юм шиг баярлаад ч байгаа юм шиг байсан. Одоо цааш сурах сургуульдаа ортол бас л шаналан догдлох бололтой.
Найз охин байгаа болов уу? Байхгүй бол хурдан найзтай болоосой. Тэгээд хуримыг нь хийж үрийг нь үзэх сэн… гэж яарна. Хүүхэд өсөх сайхан ч… үүнийг дагаад маш олон зүйл өөрчлөгдөж бас илүү олон зүйлийг хүн хүсдэг болдог ажээ.
Охин маань ч ахаасаа дутахгүй өсөж томорсоор… Хамт суугаад ярихаар заримдаа миний бодоогүй хэрсүү үгсийг хэлэх нь нэг л дасамгүй… Дэлгүүр хоршоогоор явахаар эгээ л найз бүсгүйтэйгээ яваа мэт хувцас хунар шинжээд охин аргагүй л томорч байна даа…
Та хүүхдээ томроход юун дээр нь илүү анхаарч байсан бэ? Зөв гэж боддог өөрийн туршлагаасаа хуваалцаарай.
Баярлалаа.
Recent Comments