Зогсолтгүй суралцах…
Тийм ээ, амжилтын үндэс нь өөр юу ч биш тогтмол, зогсолтгүй суралцах юм.
Заавал анги танхимд очиж суугаад албан сургалтанд хамрагдахыг хэлж байгаа юм биш. Өөртөө таарсан хэлбэрээр, өөрийгөө шахаж дарамтлахгүйгээр, тааламжтай арга барилаараа СУРАЛЦАХ юм. Юунд суралцах вэ? гэж үү?
Юу ч байж болно. Техник технологитой холбоотой зүйл, эсвэл хэл соёлтой уялдаатай, зүгээр өдөр тутмын гэр ахуйн үйл байсан ч болно. Юм л сурч байх хэрэгтэй. Юу ч сурах хэрэггүй, би болчихсон одоо гэж бодож л байгаа бол та өөрийгөө сайн дураараа дараагийн амьдралдаа бэлтгэж байна гэж ойлгож бараг л болно…
Та юу ч шинээр сурахгүй, сурах хүсэлгүй болсон бол магад Бурхан таныг буцахдаа бэлэн болчихож гэж ч харж болно шүү… Яагаад гэж үү? Суралцах нь амьд ертөнцийн үндсэн зан чанар юм. Бид өдөр бүр шинээр маш олон зүйлийг өөрийн мэдэлгүй сурч байдаг. Бидний тархи зогсолтгүй ажиллаж байдаг маш нарийн зохион байгуулалттай супер компьютер учир таныг унтаж байсан ч суралцсаар л байдаг.
Иймээс л насан турш суралцах боломжтой юм шүү дээ. Тийм ээ, хүн хэдэн настай ч бай, ямар их завгүй ажилтай ч байсан тэр байтугай хөгжлийн ямар нэгэн бэрхшээлтэй ч байсан өөрөө л хүсвэл юуг ч сурах чадвартай. Энэ суралцах чадвар байгалиас бидэнд заяасан хүн гээч амьтаны мөн чанар юм.
Амжилттай сайн явахыг боддоггүй хүн байхгүй болов уу… Жаргалтай сайхан амьдрахыг хүсдэггүй хүнгүй гэж итгэж байна. Эрүүл, амгалан байхыг хүн болгон л мөрөөддөг байх. Тэр бүхний үндэс нь СУРАЛЦАХ гэж би хувьдаа итгэдэг.
Жишээ нь би гэхэд одоо нэг хэл сурангаа, биологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрхэн үсээ арчлах аргачлалуудаас суралцаж байгаа.
Сурах үнэхээр сайхан. Суралцах АМЖИЛТЫН ҮНДЭС мөн.
Танд маш их боломж шүү. 🙂
Recent Comments