Мэргэжил бол таны 2 дахь ТӨРӨЛТ юм. Та хүн болон төрөхдөө ЭХНИЙ удаа төрсөн гэсэн үг. Анх төрөхдөө та хэний гэрт төрж ямар эцэг эхтэй байхаа, ямар улсад төрөхөө, ямар нэртэй болохоо сонгох боломжгүй.
Ингээд ТА ТӨРЖ аль нэг улсын иргэн, хэн нэгний хүүхэд бол ямар нэгэн нэрээр дуудагдах болно. Насан туршдаа эдгээр зүйлсүүдийг өөрчлөх боломж хязгаарлагдмал. Улсын иргэншилээ болон нэрээ хожмоо сольж болох ч энэ бол тийм ч амар зүйл биш юм.
2 дахь төрөлт гэж юу билээ? Та насан туршаа өөртэй чинь явах мэргэжлээ СОНГОХ боломж олдож байгаа нь тэр. Тэнийг илэрхийлэх, бусдад нэрнийхээ араас хэлэх 2 дахь нэр чинь гэсэн үг.
Өмнөхөөс ялгаатай нь та ямар мэргэжилтэй болохоо өөрөө сонгох боломжтойд оршино. Хэрэв зөв мэргэжил сонговол насан туршуу тэр мэргэжлээ бахархал баясалтайгаар хэлж түүгээрээ өөрийгөө болоод гэр бүлээ тэжээх хөрөнгийн эх үүсвэрээ босгоно. Улс орон, нийгэмд хувь нэмэр оруулна.
Мэргэжил чинь танд бүхий л талаар таарч байх ёстой. Таны биеийн болоод сэтгэхүйн онцлогт таарах нь маш чухал. Хөдөө гадаа явах дургүй хүн архиологч, геодез, малын эмч, байгаль хамгаалагч зэрэг мэргэжлүүд таарахгүй. Чимээ шуугианд дургүй бол олон хүн хөлхөж байдаг сургууль, урлагийн хүн байж таарахгүй, гэх мэтчилэн өөрийн бие физиологийн болоод сэтгэлийн онцлогоо анхаарч мэргэжилээ сонгох хэрэгтэй.
Тухайн мэргэжлийн эзэмшээд хаана ажиллах вэ гэж ирээдүйн ажиллах орчноо судалж мэдвэл зохино. Авах цалингаа ч анхаарч үзэх хэрэгтэй. Тогтмол сурч боловсорч байхыг шаарддаг, багш, судлаач мэргэжлүүд эзэмших бол суралцах дуртай байвал сайн. Эр зориг шаарддаг мэргэжлүүд ч байна. Гал хамгаалагч, мэс заслын эмч гэх мэт.
Мэргэжлээ сонгох тухай 6-7-р ангиасаа бодож эхлэн сонирхож байгаа мэргэжлийнхээ хүмүүстэй ярилцаж, тэр мэргэжлийн газруудаар явж танилцах нь зүйтэй. Эцэг хийн зөвөлгөөг авах нь зөв боловч төгсгөлийн шийдвэрийг өөрөө л гаргах хэрэгтэй. Найз нөхдийг дуурайж эсвэл хэн нэгэнтэй барьцаж мэргэжил сонгож яав ч болохгүй.
Яагаад гэвэл ямар нэгэн мэргэжил сонголоо, тэр мэргэжлийн эзэмшихийн тулд хамгийн багадаа 2-4н жил түүнээс ч олон жил зарцуулах болно. Таны залуу нас, сурч суралцах сэргэг толгой, эрч хүчтэй хамгийн чухал он жилүүд сонгосон мэргэжлээ эзэмшихэд зарцуулагдана. Тэгэхээр энэ мэргэжил таарсангүй гээд өөрийгөө солиод сураад явахад цаг болоод мөнгө төгрөг ихээхэн зарцуулагдах болохыг бодолцож эхнээсээ ултай сонгох нь зөв.
Мэргэжил бол таны 2 дахь нэршил, таныг яг л таны эхний нэр шиг үүрд дагаж явах нэршил юм шүү. Эхний нэрээ сонгох эрх танд байгаагүй бол одоо сонгох эрх бүрэн таны гарт байна.
Recent Comments