2020 оны Цагаан сар.
Өнөөдөр Шинийн 2н. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ… гэж манай ард түмэн ярьдаг. Яг юу гэсэн үгийг мэдэхгүй юм. Бодвол 12 жилийг эхлүүлдэг болохоор бүтэн 12 жилийг өнгөрөөж дахин нэг 12 жилийн мөчлөг эхлэхийг үзнэ гэсэн утгаар хэлдэг юм болов уу…
Ямар ч байсан Хулгана жилийг угтав. Миний хувьд дунд эгч минь байсан бол 61ний жил нь орох байж дээ… гэж бодсоор угтлаа. Дэлхий даяар айхтар тахал тарж, цагаан сарыг гэр гэртээ ёслон өнгөрүүлэхийг улсын Ерөнхийлөгч зарлигдсан ийм нэгэн Хулгана жил гарлаа…
Манай гэр бүлийн хувьд, уламжлал ёсоор битүүний өдрөө угтан цэвэрлэгээ юугаа хийж, битүүнд хоол битүүлэгээ хирэндээ бэлтгээд ёсоор өнгөрөөв. Шинийн нэгний өглөө эртлэн босч золгож, цайлчихаад л 4 үүлээ 4н тийшээ ажил сургуульдаа гарч явцгаасан. Монголдоо ээжтэйгээ нүүр номоор дамжуулан золгож бас амжсан.
Эх орноосоо алс хол байгаа ч, сэтгэлдээ аюулт өвчин ард түмнээс минь хол байгаасай гэж цаг тутам бүр залбирч, бодон, алсаас ерөөн суунам. Дараагийн хулгана жилийг олон олон хүн үзээсэй, хувь хишиг нь дэлгэрээсэй гэж ерөөнөм.
Сайн сайхан цаг үтэр түргэн эргэн ирж, зон олныг баярлуулан жаргаагаасай даа…
Хувьтай хүмүүс хулгана жилийг олон дахин үзээсэй дээ…
Recent Comments