Судалгааны ажил маань яван явсаар боловсролын үнэлгээ хийх, сургалтын чанарыг тодорхойлох, хэмжих арга технологитой шууд холбогдсон учир энэ талаар нэлээн уншиж байна. Хэд хэдэн шинэ ном авч уншиж байгаагийн заримаас нь хэсэглэн блогтоо тавихаар шийдлээ. Энэ удаад Боловсролын үнэлгээг яагаад хийх шаардлагатай талаар товчхон өгүүлье (Энэхүү материалыг судалгааны чиглэлээр ашиглахад нээлттэй боловч материалын үндсэн эх сурвалжийг заавал дурдах ёстойг анхаарна уу).
Үнэлгээг яагаад хийх ёстой вэ?
source: Ruhe, Valerie. Evaluation in distance education and e-learning: the unfolding model. 2009.
Зайн сургалт болоод цахим сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлдөг хамгийн чухал хэсгүүдийн бол хөтөлбөрийн үнэлгээ юм (Martnez, Liu, Watson and Bichelmeyer, 2006). Технологи хурдацтай хөгжиж байгаа нь цахим хэлбэрийн сургалтыг бэлтгэн боловсруулахад ихээхэн бэрхшээл учруулдаг бөгөөд шийдвэр гаргагч нарын хүлээж байгаа үр дүн сургалтыг бэлтгэх, хэрэгжүүлэх явцад технологийн шинэчлэлттэй уялдан өөрчлөгдөх, улмаар бусад хөтөлбөрүүдийн өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг асуудлууд урган гарч ирж байдаг. Энэ нь цахим хэлбэрийн сургалтыг тогтмол хөгжүүлэх, агуулгыг шинэчлэх, сурган болоод технологийг зөв хослуулах шаардлагыг бий болгодог. Энэ бүхэнд үнэлгээний асуудал хамгийн ихээр нөлөөлөх суурь нь болж өгдөг. Бид цаг ямагт ямар нэгэн шинэ зүйлийг нэвтрүүлэх гэж оролдож байдаг бөгөөд энэ шинэ зүйлийнхээ үнэн цэнийг мэдэж байх нь чухал гэж Давидсон хэлжээ (Davidson, 2005). Аливаа шинэ үйл ажиллагааны үнэ цэнийг тодорхойлох, үнэлэх хэмжихэд системтэй тогтмол үнэлгээ хийж байх нь чухал байдаг. Үнэлгээ гэсэн үгний үндсэн санаа нь “үнэ цэнэ” гэсэн үгтэй салшгүй холбоотой. Аливаа сургалтын хөтөлбөр, систем, төсөлд үнэлгээ хийнэ гэдэг нь тухайн сургалтын ашиг тусыг тодорхойлоход чиглэгдсэн байдаг (Bassey, 1999, p.63). Цахим хэлбэрийн сургалтын чанарыг үнэлэх, хөтөлбөрт үнэлгээ хийх олон үндсэн шалтгаан байдагийн нэг нь сургалтын хөтөлбөр зорилгоо биелүүлж чадсан эсэхийг тогтоох улмаар, бэлэн хөтөлбөрийн эрх худалдаж авах уу, эсвэл бодит курсын шинээр бэлдэх үү? гэдэг дээр зөв шийдвэр гаргахад нөлөөлж байдаг (Horton, 2001, p.2).
Товч дүгнэлт: Боловсролын үнэлгээний талаар 1940-д оноос АНУ-д анхны судалгааны ажлууд боловсрол судлалын хүрээнд хийгдэж эхэлсэн байна. Одоо дэлхийд өргөн хэрэглэгдэж байгаа үнэлгээний аргачлалуудын ихэнх нь АНУ-н эрдэмтэн судлаач, профессор нарын бүтээл байгаа нь энэ чиглэлийн судалгаа анх тэндээс эхлэлтэйг баталж байна. Гэвч боловсролын үнэлгээний асуудал нь яваандаа байгууллагуудад шинэ технологи нэвтрүүлэх, улмаар хүний нөөцөө бэлтгэх дахин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сонгох, баталгаажуулах тал руу хандсан бизнесийн чиглэлтэй загварууд болж хувирсан байна. Өөрөөр хэлбэл, миний бодлоор одоо ашиглагдаж байгаа боловсролын үнэлгээний аргачлалуудыг 2 үндсэн хэсэгт хувааж болох бөгөөд: хүний нөөцийг бэлтгэх, дахин бэлтгэх сургалтын баталгаа ба үнэлгээний загварууд мөн их дээд сургуулиудын хөтөлбөрийг үнэлэх, чанарыг тогтоох үнэлгээний загварууд юм.
Сургалтын чанар боловсролын үнэлгээ ярихаар энэ бол жирийн багш нарын хийх ёстой зүйл биш гэсэн үзэл бодол байх шиг санагддаг. Гэтэл миний бодлоор бол сургалтын чанарын асуудал дээр сурганы үйл ажиллагаанд оролцож байгаа бүх талууд анхаарч байх ёстой бөгөөд нэн ялангуяа хичээлийг гардан зааж байгаа багш нар дор бүрнээ өөрийн хичээлийн агуулгын чанар, бодит шаардлагат нийцэж байгаа эсэх, сурганд ашиглаж байгаа хэрэглэгдэхүүнүүдийн чанар, шинэ технологиудыг сургалтанд ашиглах боломж, сурган заах арга барил суралцагсадын хүлээлт хүсэлтэнд таарч байгаа эсэх дээр үнэлгээ хийж хяналт тавьж байх ёстой мэт санагддаг. Олон хүмүүс ҮНЭЛГЭЭ хийх ямар шаардлага байна? гэсэн асуулт тавьдагт товч хариу өгөх гэж энэ хэсгийг орчуулан тавилаа. Боловсролын үнэлгээ бол багш болгоны санаа тавих зүйл бөгөөд ийнхүү өөрийн зааж байгаа хичээлийг үнэлж чадсанаар өөрийн хичээлийн үнэ цэнийг өөрөө мэдрэх улмаар тэр хэмжээгээрээ оюутан суралцагсдад судалж байгаа хичээлийн үнэ цэнийг ойлгуулахад дөхөмтэй хэмээн үзэж байна.
Эцэст дурдахад сургалтын хөтөлбөр, хичээлийн чанарыг тогтмол үнэлж байх нь цахим хэлбэрийн бүх сургалтанд маш чухал бөгөөд үнэлгээг системтэйгээр тогтмол хийж байх нь цахим сургалтын агуулгыг бэлтгэх, сургалтыг явуулах төлөвлөлтөөс авахуулаад хэрэгжүүлэлт хүртлэх бүх үе шатанд дотор нь багтсан нэгдмэл хэсэг байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Үнэлгээ хийх нь тухайн сургалтын ямар хэсгүүд зорилготоо хүрсэн, хүрэхдээ ямар хэмжээгээр хүрсэн, ямар хэсгүүд нь зорилготоо хүрэхгүй байгаа зэргийг илрүүлэн гаргаж өгөх бөгөөд үүнийг мэдсэнээр тухайн сургалтын хөтөлбөрийг эсвэл хичээлийг цаашид улам хөгжүүлэх, сайжруулахад чухал үндэс суурь болж өгөх болно. Учир нь сургалтын хөтөлбөр буюу хичээл гэдэг нь тасралтгүй үргэлжилдэг процесс билээ.
Recent Comments