Өмнөх бичлэгт албан цахим шуудан бичихдээ гарчигаа хэрхэн зөв тавих тухайд ярилцаж эхэлсэн.
Гарчигийг мэргэжлийн хувьд хэрхэн зөв өгөх талаар өмнөх бичлэг тайлбарласан бол энэ удаад гарчигийг зохион байгуулалтай, зорилготой тавих нь эргээд цахим шуудангаар харьцаж байгаа бүх хүмүүст хэрхэн ач тустай байдаг тухай ярилцах болно.
Орчин цагийн хүмүүс ажлыг цахим шуудангаар хийх нь их болсон бөгөөд өөр хоорондоо хувийн зүйлсээ ч цахим шуудангаар өгч авалцах нь энгийн үзэгдэл болсон энэ үед цахим шуудангийн хайрцагаа эмх цэгцтэй байлгахад зөв оновчтой өгсөн ГАРЧИГ ихээхэн үүрэгтэй.
Албан хаягнаасаа хувь мэйл бичдэг бол тэрийгээ гарчигнаасаа шууд ялгарахаар бичиж байх нь хожмоо тэрхүү хувийн мэйлээ эргэж олоход хялбар болгоно.
Олон төсөл, ажил зэрэг явж байгаа үед цахим шуудандаа гарчиг өгөхдөө тухайн төслийн нэрийг бичиж ардаас нь зарим нэг тодотгол нэмэх байдлаар бичих нь илгээгч болоод хүлээж авч байгаа талд хэн хэнд нь тун ашигтай хувилбар болдог.
Жишээлбэл: Олон улсын хурал зохион байгуулах гэж байна гэж бодъё. Хурлыг зохион байгуулах комисст орсон олон хүмүүс өөр өөрсдийн үүргийг дагуу хоорондоо хэдэн зуун шуудан солилцох болно. Хэрэв гарчигаа нэгтгэхгүй бол эргээд хэрэгцээтэй захидалаа олох эсвэл яаралтай захиаг уншихгүй хариу ирэхгүй цаг алдах зэрэг сөрөл талууд гарч ирж болно. Тиймээс тухайн үйл ажиллагаатай холбоотой мэйлүүдийг ОУХ (Олон Улсын Хурал) гэж ерөнхийд нь гарчиглаж болно. Улмаар тухайн мэйл нь вэб сайттай холбоотой бол: ОУХ – вэб сайт гэх мэтээр гарчигаа тодруулж болно.
Тэрчлэн мэйлийг хэн, хэнд хандаж бичиж байгаагаас хамаарч гарчигт ашиглах үг хэллэг ч чухал байдгийг санаж байх хэрэгтэй. Хүмүүний харилцаа, доороос дээш, дээрээс доош болон ижил түвшинд ялгаатай явагддаг. Энэ уур амьсгал цахим шууданд ч хадгалагдаж байдгийг санаж гарчигаа мэдрэмжтэй бичиж байгаарай.
Үргэжлэл бий…
Recent Comments