Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд айлсан ирж байна. Хавар гэдэг нэг л сэтгэл хөдөлгөсөн сонин содон улирал. Хүн богинохон настайгаа мэдэхгүй их уйдамхай амьтан. Тэр ч утгаараа цан хүүрэг савссан цасан цагаан өвлөөс уйдан зөөлөн үнэр анхилсан хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдэг.
Өдрөөс өдөрт харсаар байтал модод ногоороод хоног сунаж өдөр уртсаад л хүмүүсийн алхаа гишгээ хүртэл аажуурч хавар үнэхээр хүсэхээр ч ирдэг л дээ.
Германд зүлэг нь ногооноороо цасанд дарагдаад эргээд цасан доороос ногооноор нь гарч ирэх нь бас сонин байлаа. Дулаан байдагаас тэр юмуу эсвэл зүлэг ногоо нь хэтэрхий их хиймэл тарималдаа тэр юмуу мэдэхгүй ээ. Надад бол хагдарч унаад харлаж дарагдаад эргээд хөрсөн дороосоо хамаг чадлаараа толгой өндийлгөн цухуйх Монгол нутгийн минь хавар илүү үгүйлэгдэнэ.
Бид оюутан байхад орост хавар олон баяр ойрхон болно. Бас яагаад ч юм хавар хүүхдүүдийн төрсөн өдөр их болноо. Тэгээд л хаврын улирал нээг их хурдан өнгөрчихдөгсөн. Ново маань цас ихтэй байдаг учир хавар маш их шавхайтай, амаргүй. Хаа л бол хаа нуль шавхай. Тэгээд л шууд л хэдхээн өдрийн дотор модод нь хүүе гэхийн завдалгүй ногоорчихно. Хүүхдүүд цонхоо нээгээд л өсгөгчөө цонхон дээрээ гаргаж байгаад л дуу тавьчихна. Сайхан байж дээ, оюутан нас.
Хаврын урин цагийн хамт шинэ хүсэл мөрөөдөл, шинэ төлөвлөгөө, шинэ зорилго ирнэ. Дулаан улирал сэтгэлд ч дулаан нэмэх шиг. Хавар ирлээ шүү, Хүүхнүүд ээ…
Recent Comments