Сайн байцгаана уу? Эрхэм Доктор Оюутнууд аа.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн хамт хэд хэдэн зөвөлгөөг өөрийн туршлага дээр тулгуурлан хүргэхийг хүслээ. Хэрэгтэй гэж бодсоноо тогтоож авч хэрэгжүүлээд хэрэггүй гэж үзсэнээ шууд л мартаж орхино биз дээ.
1. Юуны өмнө эрдмийн ажил хийхээр шийдсэн бол шийдвэртээ үнэнч үлдэх хэрэгтэй. Өнөөдөр болохоор хийчихмээр, хамгаалчихмаар санагдаад л маргааш нь болохоор ер тэрний хэрэг юу байнаа? гэж бодоод байгаа бол Та шийдвэрээ бүрэн гаргаагүй байна гэсэн үг. Иймд хамгийн түрүүнд энэ шийдвэрээ яг таг гаргах нь чухал. Шийдвэр гаргахын тулд PhD гэсэн гурван үсэг танд ямар хэрэгтэй вэ? гэдгийг бодохоос илүүтэйгээр эрдэм шинжилгээний ажил хийхийг та өөрөө үнэхээр сонирхож байгаа эсэхээ ойлгох нь чухал. Шинжлэх ухаан гэж юу вэ? би энэ орон зайд хэн болж юу хийх вэ? гэдгээ бодох хэрэгтэй. Тэрнээс биш энэ цолыг авснаар, хамгаалснаар шууд л албан тушаал ахиад эсвэл цалин нэмэгдээд амьдрал ахуй дээшлээд явчихна гэсэн бодлоор эрдмийн мөр рүү орох гэж байгаа энэ бол маш том эндүүрэл шүү. Цол авснаар та үүрд ОЮУТАН болж тэр чиглэлээрээ тогтмол ажиллах шаардлагатай болдог гэдгийг мартаж болохгүй. Та ийм зүйлд бэлэн үү?
2. Нэгэнт яадаг ч байсан хийхээр шийдсэн бол судалгаа хийх чиглэлээ сонгох хэрэгтэй. Энэ маш чухал. Учир нь дээр өгүүлсэн цолны дараах асуудалд энэ чиглэл шууд нөлөөлдөг учир эрдмийн ажлаа ямар сэдвээр ямар чиглэлээр хийх вэ? гэдэг гол шийдвэрүүдийн чинь нэг байх ёстой. Энэ талаар сайн шийдвэр гаргаж чадахгүй бол бусад судлаач нартай зөвлөж болно эсвэл материал уншиж шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг тандаж болно. Энэ чиглэл таны хэтийн ирээдүйн төлөвлөгөөтэй чинь таарч байх нь чухал. Танд өөрт чинь таалагдаж байх шаардлагатай. Дургүйд хүчгүй гэж сайн ойлгохгүй чиглэл сэдвээрээ та эрдмийн ажил хийх нь юу л бол.
3. Докторын зэрэг хамгаалахаар шийдээд чиглэлээ тодорхойлчихсон бол заавал аль нэг сургуульд Доктор оюутанаар орж эсвэл гадаадад явж судалгаа хийх гэж яарах хэрэггүй. Харин сонгосон чиглэлийнхээ дагуу материалуудыг уншиж эхлэх хэрэгтэй. Тэгээд уншсан материал бүрээсээ хэрэгтэй гэж үзсэнээ бичиж тэмдэглэн мөн тэр эх сурвалжаа тэр дор нь бичиж авч үлдэж байвал сайн.
4. Нэлээн материал уншиж өөрийн хийх гээд байгаа ажлынхаа талаар тодорхой ойлголттой болоод ирсэн цагтаа удирдагчаа олж авбал сайн. Харин энэ үед та ямар нэгэн сургуульд албан ёсоор Доктор оюутан болж элсэх хэрэг гарч мэдэх юм. Тэгэж байж багш болох хүн чинь Тантай ажиллах байх л даа. Багшаа олж авч байгаагийн учир бага багаар та өөрийн сонгосон сэдвийн дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж жижиг бага хурлаас эхлүүлээд хэвлүүлж илтгэж эхлэх шаардлагатай учраас тэр.
5. Хамгаалтлаа сэдвээ дотроо байнга бодож мэдээ сонссон ч зурагтаар элдэв танин мэдэхүйн нэвтрүүлэг үзсэн ч бусад судлаач нартай уулзаж ярилцсан ч өөрийн судалгаатай холбоотой зүйл дээр илүү анхааран сонсож байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр цолыг авталаа л сэдвээ толгойдоо хөгжүүлсээр л байх хэрэгтэй дээ. Ёстой л тэр сэдэвтэйгээ хамт унтаж хамт сэрж байхаас өөр аргагүй.
6. Өөрийнхөө тооцсон хэмжээний үндсэн материал бэлдсэний дараагаар одоо нэг сэдэвт бүтээлээ бичих ажил руугаа бага багаар орох хэрэгтэй. Тухайлбал эрдмийн жинхэнэ ажлаа бичнэ гэсэн үг. Учиргүй ажлаасаа чөлөө аваад л хаалгаа түгжиж сууж байгаад бичнэ гэвэл худлаа шүү. Боломжоороо бичмээр санагдсан өдрөө нэг хуудас ч хамаагүй бичиж ахиулах нь чанартай бүтээл гарах эх үүсвэр болдог.
7. Санхүүгийн асуудал. Мэдээж энэ бол эмзэг асуудлуудын нэг. Гэхдээ шууд л суралцах мөнгө байхгүй гэдгээр цол хамгаалах ажлаа эхлэх аваас та хэзээ ч хамгаалахгүй. Эхлээд та юмаа хийж бүтээж эхлэх хэрэгтэй. Тэгээд нэлээн суурьтай болсон цагт санхүүгийн асуудлыг шийдвэрлэх арга замууд гараад л ирдэг юм. Эрдмийн ажлынхаа 50 хувийг хийчихсэн байхад таныг дэмжээд туслаад өгөх тал дээр их дээд сургуульд ажилладаг хүмүүст лав түлхүү боломжтой гэж би боддог. Гадаад дотоодын байгууллагат хандсан ч бүтээлээ үзүүлээд би одоо хамгаалах гээд байна надад тусламж үзүүлээч би ийм юм хийчихсэн гэхэд мөн л нааштай хандах болно. Иймд сургалтын төлбөр байхгүй гэдэг бодлоор л ажлаа эхэлж болохгүй шүү. Нөгөө дуунд гардаг шиг болно доо болно гээд л эрдмийн ажлаа л сайн ахиулах хэрэгтэй. Тэгэж байтал бүтдэг юм.
8. Төгсгөлд нь хэлэхэд эрдмийн ажил хийж хамгаалахаар шийдсэн л бол цаас үзэг аваад хэдэн жилийн дотор хэрхэн хаана хамгаалъя гэж бодож байгаагаараа маш сайн төлөвлөгөө боловсруулаарай. Мэдээж эхний төлөвлөгөө чинь 3-5-н жилээр нэлээн ойролцоогоор гарах биз. Гэхдээ л ийм төлөвлөгөөг хийж нүдээрээ харах нь их хэрэгцээтэй.
9. Эрдмийн ажлыг хийж хамгаалахад гэр бүлийн оролцоо нэн чухал. Гэр бүлийн хүнтэйгээ ний нуугүй ярилцаж тэр замыг хамтдаа туулбал бүтээмж өндөр. Бартаа ихтэй эрдмийн замаар явж байх үед няцаж буцмаар санагдах үе олонтоо гарна. Тэр үед хань ижил л урам өгч, чи чадна, дуусгана хэмээн урам өгдөг. Таны хийж байгаа ажлын цаад утга гэр бүлдээ оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалтыг таны хань болоод үр хүүхэд эерэгээ хүлээн авч таныг дэмжих байгаа цагт эрдмийн ажил чинь бүтээлээр арвин байх болно.
10. Удирдагч. Цол хамгаалах гэж байгаа хүнд сайн удирдагч бас л гол тулгууруудын нэг. Удирдагч сайн байх нь таныг зөвхөн чиглүүлж залаад зогсохгүй эрдмийн тэр их уудам далайд ганцаардаж төөрөхөөс хамгаалж байдаг. Иймд сайн багштай барилдлага тогтоох нь та цолоо хамгаалах томоохон сууриа тавилаа л гэсэн үг болно.
Дээрх бүх зөвөлгөөнүүд ямар нэгэн байдлаар Танд дэм өгөх байхаа гэж найдаж байна. Гэхдээ эрдмийн ажлыг хийж хамгаалах хүн нь Та өөрөө байдаг гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Та өөрөө хүсч, та өөрөө хөдөлмөрлөж, та өөрөө сэтгэж, та өөрөө бичиж, та өөрөө илтгэж, та өөрөө хэлэлцүүлж, та өөрөө туршиж, та өөрөө баталж, та өөртөө итгэж байж л энэ хүндтэй цолыг авч Монголын Эрдэмтэдийн эгнээнд нэгдэнэ.
Доктор Оюутан Танд амжилт хүсье!
Recent Comments